Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг 2020.02.09 17.20 цаг
Манай улс коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй орны нэг. Тиймээс иргэд халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалт зүүх, мөн аль болох гадагш гарахгүй байхыг мэргэжлийн байгууллагынхан зөвлөж байна. Уг зөвлөмжийг мөрдөж буй, эсэхийг өнгөрсөн баасан, бямба гарагт сурвалжиллаа.
“Нарантуул” худалдааны төвд хүмүүс бужигнаж, тавгийн идээ, бэлэг, дээл, хувцасны лангуунуудад “түгжрэл” үүссэн харагдана. Зарим лангуу ажиллахгүй байв. Учир нь монгол иргэдийг урд хөрш рүү явуулахгүй хөл хорьсноос бараагаа татаж чадаагүй гэнэ. Харин зарим наймаачин нь хятад түнштэйгээ “We chat”-аар холбогдож, бараагаа улс хоорондын шуудангаар авч байгаа гэнэ. Дархлаа дэмждэг, эрэлттэйд тооцогдож байгаа чацаргана, аньсыг захын үүд орчимд ил худалдаж байв. “Баялаг ундраа” төвийн гоо сайхны барааны худалдагч “БНХАУ Цагаан сарын үеэр хилээ хаадаг учир үүнээс урьтаж, бараагаа татсан. Одоо БНСУ-аас улс хоорондын шуудангаар зарим бүтээгдэхүүнээ авч байгаа. Цагаан сарын бэлгийн багц эрэлттэй, манайх өдөрт ойролцоогоор нэг сая төгрөгийн орлоготой ажиллаж байна” гэв.
Амны хаалт зүүсэн хүн “Нарантуул”-д тун цөөн, зөв хэрэглэж буй нь ч ховор аж. Энгийн даавуун амны хаалтыг 1000, “N-95” стандартын буюу бактериас хамгаалдгийг 2500 төгрөгөөр худалдаж байв. Гэсэн ч амны хаалт зарж байгаа лангуу ховор таарлаа. Нийслэлийн Засаг дарга зах, худалдааны төвийнхнийг лангуу болон ойр орчмын талбайгаа тогтмол цэвэрлэх захирамж гаргасан аж. Тус худалдааны төвийн захиргаанаас их цэвэрлэгээ хийхийг чанга яригчаар зарласан ч тоож, хэрэгжүүлэх хүн алга. Захын өмнөх талбайд автомашины зогсоол олдохгүй, орж, гарахад хүндрэлтэй байлаа.
“Хархорин” худалдааны төвд ч иргэд зөрөх аргагүй болж, хаа сайгүй барааны үнэ асууж, хашгиралдаж байлаа. Худалдааны төв дотор модон цар таваг, ул боов, еэвэн, цагаан идээ өрж, гаднах талбайд хувцас, элдэв бэлэг, чихэр, жигнэмэг, мах гээд зарж болох бүгд байлаа. Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны иргэн Б.Дэжидмаа “Жилд ганц тохиох уламжлалт баяраа тэмдэглэхгүй бол болохгүй. Тэтгэврээ авч, хүүхдүүдээсээ мөнгө нэмж, нэг сая гаруй төгрөгөөр бэлтгэлээ базааж байна” гэв. “Хархорин”-ы худалдаачид ОХУ, БНХАУ-аас бараагаа авсан гэнэ. Дээлний худалдагч Б.Нарантуяа “Өдөрт 8-10 дээл зарж байна. Хийцээс шалтгаалж, нэг дээл 160 000-280 000 төгрөгийн үнэтэй” хэмээв.
Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэн БНХАУ руу зорчихыг хориглосон. Мөн БНХАУ гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Улаанбаатараас Замын-Үүд хүрэх галт тэргийг явуулж буй бөгөөд хил хаасантай холбоотойгоор зорчигч эрс цөөрсөн гэнэ. Өнгөрсөн баасан гаргийн 20.00 цагийн үед орон нутгийн галт тэрэгний тасалбар бичих цонхонд иргэд дугаарлан зогсоно. Бага насны хүүхэд ч цөөнгүй харагдав. Ээлжийн ахлах нь “Амны хаалт зүүхийг иргэдээс шаарддаг ч хэрэглэхгүй байна. Галт тэргэнд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж буй” гэв. Түүнчлэн Улсын онцгой комиссоос хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай (албан ажил, БНХАУ-ын хөл хорио тогтоогоогүй бүс нутагт тогтмол эмчилгээ хийлгэдэг болон яаралтай хагалгаанд орох эмнэлгийн нотлох бичигтэй) иргэдийг л хилээр нэвтрүүлэхийг анхааруулсан бичиг байрлуулжээ. Хятадаас ирэх, мөн тус улсаар дамжсан монгол иргэдийг энэ сарын 6 хүртэл бүх боомтоор нэвтрүүлсэн. Харин гурав хоногийн өмнөөс ирэх сарын 2-ныг хүртэл зөвхөн Буянт-Ухаа, Замын-Үүдийн боомтоор оруулах шийдвэр гаргасан. Мөн Замын-Үүдийн авто замын боомтыг хаасан. Энэ талаар тус боомтын эрүүл ахуйн халдвар, хамгааллын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэчимэгээс тодруулахад “Авто замын боомт хаагдаж, зөвхөн ачаа, тээвэр л хилээр нэвтрүүлж буй. Бид жолоочийн биеийн халууныг гурван удаа хэмжиж, асуулга бөглүүлж байна. Өнгөрсөн сарын 28-нд хил нээснээс хойш БНХАУ-ын Эрээн хотоос 1780 монгол иргэнийг нийт 29 автобусаар авчирсан. Энэ хугацаанд коронавирусийн сэжигтэй гурван тохиолдол илэрч, Замын-Үүдийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулж, шинжлүүлэхэд сөрөг буюу өвчин илрээгүй” гэв.
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөрт 900-950 автобус явуулдаг. Тэдгээрээр өдөрт 600 мянга гаруй хүн зорчдог байсан бол өдгөө хоёр дахин буурсан гэнэ. Автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийх ёстойг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлсэн. Мөн автобуснуудад гар ариутгагч, амны хаалт зөв хэрэглэх, коронавирусээс урьдчилан сэргийлэх заавар байршуулах ёстой гэнэ. Гэвч өдгөө ихэнх автобусанд тийм зүйлс харагдахгүй байгаа нь байршуулаагүйтэй холбоотой. Тэр ч бүү хэл жолооч нар амны хаалт хэрэглэхгүй байгааг иргэд шүүмжилсэн. Нэгэн автобусны жолоочоос яагаад ариутгагч байршуулахгүй, амны хаалт зүүхгүй байгааг нь асуухад дуугарсангүй.
Цагаан сарыг өргөн тэмдэглэхгүй байх уриалгыг Засгийн газраас гаргасан. Гэвч иргэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхгүй, баярын бэлтгэлээ базаан, гадуур олон цагаар амны хаалт хэрэглэхгүй явж байна. Манай улсад “Мөнхийн тун” компани л нэг удаагийн амны хаалт дотооддоо үйлдвэрлэдэг. Гэвч тус компанийнхны мэдээлснээр, нэг удаагийн амны хаалтын түүхий эдийн нөөц дуусаж, өнгөрсөн долоо хоногт карбон (утаа шүүдэг) амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ. Харин өчигдрөөс түүхий эд нь ирж, өдөрт 35 000-40 000 ширхэг, нэг удаагийн амны хаалт үйлдвэрлэх боломж бүрдсэн гэнэ.