Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Нэргүйтэй ярилцлаа.
-Цэцийн хуралдаан хойшлох болсонтой холбогдуулан зарим шүүмжлэл гарч байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Өнөөдөр (өчигдөр) хийх байсан дунд суудлын хуралдааныг түр хойшлуулсан. Дунд суудлын хуралдааныг таван гишүүний бүрэлдэхүүнтэй хийдэг. Мөн хуралдааны бэлтгэл болон хэвийн ажиллагааг хангахад Цэцийн Тамгын газрын ажилтнууд оролцох ёстой. Түүнээс гадна маргагч талууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон иргэдийн төлөөлөл байлцдаг. Цэцийн үйл ажиллагаа ил тод, хуралдаан нь олон нийтэд нээлттэй. Иргэд хуралдааны танхимд чөлөөтэй орж, үзэж сонирхох, ажиглах бүрэн эрхтэй. Энэ эрхийг хязгаарлах эрх Цэцэд байхгүй. Хуралдаанд оролцогсдыг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс түр хойшлуулсан юм. Өөр шалтгаан байхгүй. Сонгуультай холбон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар хэлэлцэхгүй байх “арга саам” гэх мэтээр хардаж байгаа нь ор үндэслэлгүй. Цэцийнхэн хэлэлцэх асуудлынхаа “хэрүүл”-ээс эмээсэн зүйл ч байхгүй. Цэцийн үйл ажиллагаа доголдсон зүйл үгүй, тасралтгүй, хэвийн үргэлжилж байгаа. Иргэдээс ирүүлж буй өргөдөл, мэдээллийг хүлээн авах, харьяалан шийдвэрлэх асуудал мөн, эсэх, маргаан үүсгэх үү, үгүй юү гэдгийг хянах, холбогдох лавлагаа, нотлох баримт гаргуулж авах, судалгаа, бага суудлын хуралдаан хийх зэргээр бүрэн гүйцэд, бодитой шийдвэр гаргахад шаардлагатай бэлтгэл ажил цаг хугацаандаа амжиж байгаа.
-Хойшлуулсан хуралдаанаар ямар маргаан хэлэлцэх байсан юм бэ?
-Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт, тодруулбал, “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хойш гарсан хууль, тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцэхээр товлосон байсан. 1992 оноос өмнө буюу шинэ Үндсэн хууль үйлчлэхээс наана гарсан хэрнээ одоо хүртэл хүчинтэй байгаа зарим эрх зүйн акт Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хаана, хэнд хандаж шийдвэрлүүлэх нь тодорхойгүй байна гэж нэр бүхий иргэд өргөдөл ирүүлсэн юм. Үүний дагуу маргаан үүсгэж, хуралдааны бэлтгэлийг бүрэн хангасан.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх хэдэн өргөдөл Цэцэд ирээд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар есөн өргөдөл ирүүлээд байна.
-Эдгээрийн дийлэнх нь авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлж байсан хүний нэр дэвших эрхийг хязгаарласан агуулга бүхий заалттай холбоотой гэдэг нь үнэн үү?
-Тийм. Түүнчлэн гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрхийг хангаж, зохицуулаагүй орхигдуулсан гэснээс гадна нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар уулзалт хийх нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэх агуулгатай заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн иргэдийн өргөдөл бий. Мөн саналын хуудсыг ямар тохиолдолд хүчингүйд тооцох тухай заалтыг хөндсөн өргөдөл ч байна.
-Ер нь иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулах гэж Цэцэд хэр их ханддаг вэ?
-Манай иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ сайн мэддэг болсон. Эрхээ хамгаалах мэдлэг, чадвар, соёл нь нэмэгдэж байгаа. Цэц хэмээх байгууллага эрхийг нь хамгаалах ёстойг ч сайн мэддэг болж буй. Иргэдээс Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээллийн тоо жилээс жилд нэмэгдэж, агуулгын хувьд ч улам өргөжиж байна. Цэц үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний жилүүдэд жилд 20 гаруй өргөдөл, мэдээлэл авдаг байсан бол одоо нэг өдөрт 2-3 болж нэмэгдлээ. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Цэц нийт 3000 орчим өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдол хүлээн авсны 99.5 хувь нь иргэдийнх. Зөвхөн 2019 онд гэхэд л иргэд, байгууллагаас 250 өргөдөл, мэдээлэл, гомдол, хүсэлт хүлээн авсан байна.
-Иргэдийн өргөдөл, мэдээллийн хэдэн хувьд нь маргаан үүсгэж, хянан хэлэлцэж байгаа бол?
-Иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу маргаан үүсгэн, хянан шийдвэрлэсэн нь цөөнгүй. Гэхдээ Үндсэн хуулийн маргааны шинж агуулаагүй, эсвэл Цэцийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамааралгүй учраас татгалзаж, буцаах, холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн явдал багагүй бий. Мөн зарим иргэн Цэцэд ирүүлж буй өргөдөл, мэдээллийнхээ шаардлагын үндэслэл, тэдгээрийн нотолгоог оновчтой, зөв, бүрэн гаргаж өгөөгүйгээс болж буцаах тохиолдол гардаг. Түүнчлэн Цэц бусад шүүхийн хянаж буй маргааныг хүлээн авдаггүй.
-Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэх нь олон уу?
-Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Цэцээс гаргасан нийт дүгнэлтийн 60 орчим хувь нь “Үндсэн хууль зөрчсөн” гэж гарсан юм билээ.
-Монгол Улсын иргэн л Цэцэд хандах эрхтэй юү?
-Монгол Улсын иргэнээс гадна манай улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн ч Цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах эрх эдлэхээр хуульд заасан. Ер нь иргэд Цэцийн харьялан шийдвэрлэх маргааны хүрээнд хамаарах аль ч асуудлаар өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй. Харин Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурор хүсэлт гаргах зохицуулалттай.
-Иргэний өргөдөл, мэдээллийг нь хэдий хугацаанд хянан хэлэлцэх ёстой юм бэ?
-Өргөдөл, мэдээллийг хүлээн авсан Цэцийн гишүүн 14 хоногийн дотор урьдчилан хянан шалгаж, маргаан үүсгэх, эсэхийг санаачилгаараа шийдвэрлэдэг. Харин Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан гишүүн шууд маргаан үүсгэн шалгах хуулийн заалттай. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногийн дотор хуралдаанд бэлтгэдэг. Харин маргаан нь ээдрээ, төвөгтэй бол уг хугацааг сунгаж болно. Ер нь өргөдөл, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Цэцийн гишүүн заавал хариу өгдөг. Хариу өгөлгүй орхигдуулсан тохиолдол байхгүй.
-Тэгвэл бага, дунд, их суудлын хуралдааны ялгааг хэлж өгөхгүй юү?
-Цэцийн бага суудлын хуралдааныг гурав, дунд суудлынхыг тав, их суудлынх бол 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хийдэг. Өргөдөл, мэдээллийг үндэслэн маргаан үүсгэх, эсэх талаар Цэцийн гишүүний шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлыг бага суудлын хуралдаанаар хэлэлцдэг. Харин холбогдох байгууллага, албан тушаалтны шийдвэр Үндсэн хуульд нийцэж буй, эсэхийг шийдвэрлэхдээ дунд суудлын хуралдаан зарладаг. Дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй буюу урьд шийдвэрлэсэн маргааны талаар шинэ нөхцөл байдал илэрсэн тохиолдолд их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Түүнээс гадна аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор Цэцэд гомдол гаргаж болно. Энэ тохиолдолд хэргийн харьяаллыг тогтоож, холбогдох шүүхэд шилжүүлэх эрхийг Цэцэд хуулиар олгосон байдаг. Ташрамд дурдахад, өнгөрсөн онд нийт 40 удаа бага, дунд, их суудлын хуралдаан хийсэн байна.
-Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол “давж заалдах” боломжтой юу?
-Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц шийдвэрлэвэл холбогдох хууль, зарлиг, шийдвэрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно. Дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш 15, хэрэв УИХ-ын чуулганы чөлөөт цагт гаргасан бол дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Харин их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр эцсийнх байдаг бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болдог. Давж заалдах боломжгүй. Тийм ч учраас Цэц маргааныг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, гаргах дүгнэлтээ нотлох баримтуудаар хангалттай баталж байж шийдвэрлэдэг. Ингэхдээ Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс шийдвэрээ гаргадагт уг байгууллагын хариуцлага, хэлэлцэж байгаа асуудлынх нь хүрээ, далайц, үнэ цэн оршдог юм.
-Ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг. Үүнийгээ хэрхэн баримталдаг вэ?
-Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг ил тод явуулдаг. Хуралдаан нь нээлттэй болдог талаар эхэнд хэлсэн. Дунд болон их суудлын хуралдааны тов, хянан хэлэлцэх асуудлыг долоо хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд тогтмол мэдээлж байна. Мөн хуралдааны шийдвэр гармагц нийтэд шуурхай мэдээлэхийн сацуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлж, холбогдох цахим хуудсанд байршуулж ирсэн.
-Цэц “улстөржсөн” шийдвэр гаргалаа гэх шүүмжлэл нэг бус гардаг. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Цэцийн шийдвэрийг тэр бүр талархан хүлээж авдаггүй нь үнэн. Хэн нэгэн хүнд таалагдах гэж, хэсэг хүний таашаалд нийцүүлэх гэж Цэц шийдвэр гаргадаггүй. Цэцийг нэр бүхий нэг намын гар хөл болсон, “бүлэглэл”-ийн захиалга, даалгавраар “улстөржсөн” шийдвэр гаргадаг мэтээр үндэслэлгүй хардаж, нотолгоогүй гүтгэх, өөр өөрсдийн өнцгөөс өрөөсгөлөөр тайлбарлах, өнгөц дүгнэх явдал үе үе гардаг. Аливаа шийдвэр гаргахдаа Цэц хэн нэгнээс хамаарахгүй, зөвхөн Үндсэн хуульд захирагдаж, зохих шийдвэр гаргаж байгаа. Цэцээс гаргасан бүх шийдвэр, түүний дотор Үндсэн хууль зөрчсөн төдийгүй зөрчөөгүй гэх шийдвэрүүд нь Үндсэн хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх, хэрэглэх, зөрчил гаргахаас сэргийлэх ач холбогдолтойг онцолъё.
-Цэцэд байнга ханддаг иргэд байдаг. Тэднийг захиалгаар Цэцэд ханддаг, хуулийг өөрт ашигтайгаар өөрчлүүлэх санаархлыг биелүүлэгч мэтээр хэлж, бичдэг нь нууц биш.
-Иргэн өөрт нь үл хамаарах асуудлын хүрээнд өргөдөл, мэдээлэл гаргаж байгаа нь заримдаа ийм хардлага төрүүлдэг бололтой. Цэцэд хандаж буй иргэний өргөдөл, мэдээллийг зөвхөн хувь хүний эрх ашигтай холбон, явцуу, өрөөсгөл ойлгож болохгүй. Түүний цаана олон иргэн төдийгүй улс орны ч эрх ашиг байгаа гэж ойлгох нь чухал.
Бэлтгэсэн: Б.Уран