-Коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд нэг эмнэлгийг тусгайлан бэлдэх нь-
Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Улсын онцгой комисс (УОК) өчигдөр хуралдаж, Монгол Улс коронавирусээс урьдчилан сэргийлэх арга барилаа өөрчилж, салбар дундын шинэ төлөвлөгөө боловсруулах зайлшгүй шаардлагатай гэж шийджээ. Манай хоёр хөршид уг вирус дэгдсэн, тэр дундаа хил залгаа бүс нутгуудад халдвар бүртгэгдсэн. Үүнээс гадна хилээр өдөрт дунджаар 300 монгол иргэн орж ирж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж буйг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлсэн. Тэрбээр “Монгол Улсынхаа бүх иргэнийг бид хүлээж авна. Үүний тулд хяналт шалгалтаа чангатгах зайлшгүй шаардлага тулгарлаа. Хилээр орж ирсэн хүмүүсийг үзлэг шинжилгээнд хамруулж, сэжигтэйг нь нийслэлд авчирч, тусгаарлаж байна. Цаашид боомтод нь тусгаарлах шаардлагатай” хэмээв.
Манай улс хилийн ихэнх боомтоо хаасан. Гэхдээ монгол иргэдээ хил нэвтрүүлж, урд хөршийн болон тус улсаар дамжсан гуравдагч орны иргэдийг хүлээн авахгүй байгаа юм. Хилээр орж ирэх монгол иргэдийн тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай, ялангуяа Замын-Үүд боомтод нэлээд ачаалал үүсжээ. Тиймээс УОК-ынхныг боомтуудад ажиллуулах төлөвлөгөө гаргасан гэнэ.
Шинэ төрлийн коронавирус дэгдвэл бэлэн байх зорилгоор манай улсын эмнэлэг бүр арга хэмжээ авч, зарим нь байрныхаа нэг давхрыг суллаж байна. Гэтэл ийм арга хэмжээ оновчгүй гэж УОК үзжээ. Учир нь шинэ вирус дэгдвэл өвчтөнүүдийг тал тал тийш тараах бус, нэг газарт тусгаарлах ёстой аж. Хөгжингүй орнуудын жишгээр манайх богино хугацаанд шинэ эмнэлэг барьж чадахгүй. Тиймээс аль нэг эмнэлгээ суллаж, бэлдэхээр төлөвлөсөн гэнэ. Холбогдох албаныхан энэ талаар судалж, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн аль нэгийг тусгаарлах талаар ярьж байгаа аж. УОК эдгээр асуудлыг маргааш дахин хэлэлцэж, салбар дундын шинэ төлөвлөгөөгөө эцэслэн батлах бололтой.
Үүнээс гадна УОК-ын өчигдрийн хуралдаанаар тахианы мах импортлохыг хориглосон шийдвэр гаргалаа. Коронавирусийн голомт болох БНХАУ-ын Хэбэй мужийн ойролцоох Хунаньд шувууны томуу (H5N1) өвчин илэрсэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авчээ.
ЗӨӨВӨРЛӨГДӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 4-нд эх орондоо ирсэн гурван иргэн коронавирусийн төстэй шинж тэмдэгтэй байсан тул бүгдийг тусгаарласныг ЭМЯ-ныхан ээлжит мэдээллийнхээ эхэнд хэллээ. Нэг нь Дархан-Уул аймгийнх бөгөөд өөрийн хүсэлтээр шинжилгээнд хамрагдан, хянуулж байгаа бол үлдсэн хоёрыг ХӨСҮТ-д тусгаарласан аж. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Нарангэрэл “Коронавирусийн шинэ төрлийн халдвар бүртгэгдсэнээс хойш эрүүл мэндийн байгууллагууд ард иргэдэд тасралтгүй зөвлөмж, мэдээлэл хүргүүлж байгаа. Халдвар тархсан улс орнуудад онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулсаар байхад аялж, ирээд ханиалгаад, халуураад унах юм. ДЭМБ-аас манай улсыг өндөр эрсдэлтэй ангилалд хамааруулсан. Түүнчлэн БНХАУ-аас монгол иргэд эх орондоо ирэх нь нэмэгдэж буй тул дор бүрнээ сэрэмжтэй байх хэрэгтэй. Манай улсыг тойроод шинэ вирус илэрчихсэн. Зөөвөрлөгдөх магадлал өндөр байгаа тул өвчин гарсан улс орнууд руу зорчихгүй байхыг анхааруурлъя” гэв.
“ЗАСГИЙН ГАЗРААС АМЬСГАЛЫН АППАРАТ, БАГАЖ, ЭМ, ТАРИАНЫ МӨНГӨН ДЭМЖЛЭГ ХҮССЭН”
ДЭМБ-ын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяагийн хэлснээр, коронавирусээр өвчлөгсдийн 84 хувь нь 30-79 насныхан. Одоогоор нэг сартайгаас 97 хүртэлх насныхан, эрчүүд голдуу халдвар аваад байгаа аж. Өвчний нууц хугацаа дунджаар 6.1 хоног гэж олон улсад тогтоожээ. Манай улсын хувьд эрсдэл их тул албаныхан бэлэн байдлаа улам өндөр түвшинд хангахын тулд Засгийн газраас амьсгалын аппарат, багаж хэрэгсэл, эм, тариа худалдан авахад шаардлагатай төсөв гаргуулах санал хүргүүлж, гадаадын улс орнуудаас мөн дэмжлэг хүсжээ.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хилийн халдвар хамгааллын дэглэмийг хатуу сахихаас гадна дотоодын хяналт чухал. Шинэ вирус бүртгэгдсэнийг мэдээлснээс хойш бид өндөржүүлсэн байдалд шилжин, 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн худалдаа, үйлчилгээ, боловсролын болон эрүүл мэндийн, бусад байгууллагад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сахих албан даалгавар өгч, тодорхой давтамжтайгаар хянаж, шалгаж байна. Одоогоор нийтийн тээврийн 12, такси үйлчилгээний таван компани, 47 эмнэлэг, нийслэлийн ерөнхий боловсролын 197 сургууль, 457 цэцэрлэг, их, дээд 52 сургууль, МСҮТ 25, цахим тоглоомын 67 газар, соёл, урлагийн 32 байгууллага, зочид буудал 76, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 303 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалган, хяналт тавьж, зөвлөгөө, мэдээлэл хүргүүлсэн” гэлээ.
Уханиас ирсэн жолоочийн шинжилгээний хариу өнөөдөр гарах нь
Орхон аймагт коронавирусээр халдварласан байж болзошгүй нэг иргэнийг тусгаарласан талаар аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 25 настай эрэгтэй “Бие эвгүйрхлээ” гэсээр Өрхийн эрүүл мэндийн төвдөө өчигдөр 13.45 цагийн үед хандсан юм байна. Асуумж судалгаагаар, Ухань хотод тээвэр хийж байснаа хэлсэн тул яаралтай тусгаарласан гэнэ. Биеийн байдал нь одоогоор хэвийн, шинжилгээ авч, хот руу илгээсэн. Хариу нь өнөөдөр гарах аж. Онцгой комиссынхон түүнийг Уханьд ажиллаж байсан, эсэхийг нь тогтоохоор нарийвчлан шалгаж буй гэлээ.
Авто вокзалуудад амны хаалт тараан, зөвлөмж, мэдээлэл өгч байна
Манай улс хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн тогтоогоод буй. Энэ үеэр орон нутгийг зорих иргэдийн урсгал эрс нэмэгдсэн байна. Авто тээврийн үндэсний төвийнхөн орон нутгийн зарим чиглэлд явдаг нийтийн тээврийнхээ тоог нэмэгдүүлснээ хэллээ. Ингэхдээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобусуудыг л үйлчилгээнд явуулж буй гэнэ. Мөн даатгалын байгууллагуудтай хамтран коронавирусээс сэргийлэх ажлыг зохион байгуулж, авто вокзалуудаар дайран өнгөрөгсдөд амны хаалт тараан, зөвлөмж, мэдээлэл өгч байгаа аж.
Хятадын иргэдэд туслах хандивын аян өрнүүлэв
БНХАУ, тэр дундаа Ухань хотын иргэдэд туслах хандивын аян өрнүүлэх болсноо өчигдөр мэдээллээ. Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциац, Монгол, Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэг болон бизнес эрхлэгч, жирийн иргэд уг санаачилгыг гаргав. Өмнөд хөршид коронавирусийн халдвар хурдацтай тархаж, өдөрт 3-4 мянган хүнийг өвчлүүлж буй тул “Нэг сарын хугацаанд-нэг хүн 1000 төгрөг” аян эхлүүлжээ. Тус ассоциацын ерөнхийлөгч Р.Мөнхбат “Манай улсын Засгийн газраас хөрш оронд 200 000 ам.долларын тусламж үзүүлсэн. Гэсэн ч байдал хүндэрсэн тул Уханийн ард иргэдэд сэтгэлийн дэмжлэг үзүүлэхийг монголчууддаа уриалж байна. БНХАУ-ын бидэнд үзүүлдэг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрүүдийн дэргэд өчүүхэн ч хүнд хэцүү үед нэгнээ гэх сэтгэл хамгийн сайхан. Та бүхэн аянд нэгдэхийг хүсвэл ХААН банкны 5041577857 тоот дансанд 1000 төгрөг хийхэд хангалттай. Тусалж, дэмжсэн бүх хүний нэрийг БНХАУ-ын ЭСЯ-нд албан бичгээр хүргүүлнэ” гэсэн юм.
Нас баралтын түвшин аажмаар буурчээ
Хятадад “2019-nCoV” вирусийн халдвар авсан хүмүүсийн дунд нас баралтын түвшин дэгдэлт эхлэх үед 2.3 хувь байснаа одоо 2.1 болж, аажмаар буурч байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооны газрын орлогч дарга Зяо Яхуэй мэдэгдлээ. “Нас баралт Хубэй мужид голдуу бүртгэгдэж, бусад мужид цөөн, халдвар авсан дийлэнх тохиолдол хөнгөн учир түгших шаардлагагүй” гэж тэрбээр хэлсэн байна. Шинэ вирусээр нас барагсдын олонх нь эрэгтэй, 80 хувийг 60-аас дээш насныхан, 75 хувь нь чихрийн шижин, хорт хавдар, зүрхний өвчин зэрэг ямар нэг эмгэгтэй байсан гэнэ.
Тус улсад лхагва гаргийн байдлаар “2019-nCoV” коронавирусийн халдвар авсан хүний тоо 24 324-т хүрснээс 490 нь нас баржээ. Шинэ төрлийн хатгаа туссан хүмүүсээс 892 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Хятад даяар 185 500 хүн эмчийн хяналтад буй. Өвчин дэгдсэний улмаас Хятадын агаарын тээврийн компаниудын зорчигчдын урсгал жилийн дундаж үзүүлэлтээс 12.1 хувиар буурч, нислэгийн тоо 353 700 болжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд анх бүртгэгдсэн шинэ вирус дэлхийн 24 улсад бүртгэгдээд байна. Цаашид вирус тархах эрсдэл өндөр хэвээр байгааг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус тэмдэглээд, бүх улс үүнд бэлтгэлтэй байхыг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Өвчин халдварласан тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д, үүний улмаас нас барсан тохиолдлын 97 хувь нь Хубэй мужид бүртгэгдэж, хилийн чанад дахь өвчтөний тоо цөөн байгаа учир уг вирусийн тархалтын цар дэгдэлт болоогүй, энэ талаар түгшиж, сандрахгүй байхыг тэрбээр мягмар гарагт болсон ДЭМБ-ын Гүйцэтгэх хорооны хуралдааны 146 дугаар чуулганы үеэр уриалжээ. Ирэх гурван сард шинэ вирустэй тэмцэхэд 61.5 сая ам.доллар тус байгууллагад шаардлагатайг тус чуулганы үеэр дуулгажээ.
“2019-nCoV” коронавирус нь САРС-ынхтай ойр төрөл учир 2003 онд тархсан уг вирусийн эсрэг вакцин болон эмчилгээний арга Уханийн вируст үйлчлэх ёстой гэсэн дүгнэлтэд Хятадын вирус судлаачид хүрчээ. Өдөөгч генийн код нь бүрэн тайлагдсан шинэ вирус ACE2 эсээр дамжин хүний биед нэвтэрдгийг тэд тогтоосон аж. САРС-ын адил шинэ вирус хурдан тархдаг ч учруулах хор нь бага болохыг Редингийн их сургуулийн вирус судлаач Иэн Жонс тайлбарлажээ. Байгальд САРС-ын төрлийн вирус сарьсан багваахайгаас илэрдэг аж. Үүнтэй шинэ вирусийн ген 96 хувь ижил гэнэ. Эндээс амьтны вирус хүнд халдварлахад хүндээр тусдгийг эрдэмтэд онцолжээ. Японы Халдварт өвчин судлалын холбооны дарга Казүхиро Татэда шинэ вирусийг жирийн томуугийн вирустэй төстэй учир айх явдалгүй, тус улсад хүндэрсэн тохиолдол гараагүйг мэдэгджээ. “Тиймээс эмчлэхдээ хамгаалалтын хувцас өмсөж, өвчтөнд дарамт учруулах шаардлагагүй” гэж тэрбээр хэлсэн байна. Мөн Сингапурт шинэ вирусийн халдвар авсан өвчтөн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан анхны тохиолдол бүртгэгджээ. Түүнд вирусийн эсрэг эмийн эмчилгээ хийсэн аж.