Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 24,483 хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас барсан. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдсэн байна.
Халдвар авсан болоод нас барсан хүний тоо нэмэгдсээр байгаа ч одоогоор 883 хүнийг эдгээгээд буй нь нас барсан хүнийхээ тооноос давсан үзүүлэлт юм.
БНХАУ-аас гадна 23 улсад 159 коронавирусын тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 1 байгаа аж. Сүүлийн 24 цагийн байдлаар зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн.
7,711 батлагдсан тохиолдолд дүн шинжилгээ хийвэл эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа. Халдвар нэг сартайгаас 99нас хүртэл бүх насанд бүртгэгдсэн. БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд Хубэй мужид зорчсон өгүүлэмжтэй байгаа учир халдварын голомт болон халдвар гарсан газруудад зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног тусгаарлахыг хүсэж байна.
Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдлээ. Энэ нь халдвар дамжих эрсдэлтэй байна.
Шинэ коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөсөөр байгаа. Гэтэл өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн талтай. Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдлуудаас коронавирус илрээгүй
Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна. Зорчоод ирсэн тохиолдол томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй" гэж хэлэв.