Ханиад, томууны оргил ачааллын үеэр нийслэлийн эмнэлгүүдийн ор хүрэлцдэггүй. Улсын хэмжээнд эмнэлгийн орны тоо өнгөрсөн онд 24 884-т хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Үүнээс 16 000 орчим нь улсын эмнэлгийнх. Гэвч III шатлалын болон тусгай мэргэжлийн төвүүдийн ор нийлээд 3990 л болдог байхад тухайн жилд хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 160 мянгад хүрдэг. Өөрөөр хэлбэл, томууны дэгдэлт өндөр, дараалал ихтэй өнөө үед коронавирусийн халдвар бүртгэгдвэл бид аюулд орох тул эмнэлгүүдийг бэлэн байдлаа өндөр түвшинд хангахыг салбарын сайд үүрэгдсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн шинэ вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж буйгаа холбогдох албаныханд өчигдөр танилцуулав. Тэд эмнэлгийн хаалгаар орж ирж буй хүн бүрийн халууныг зайнаас хэмжиж, гарыг нь ариутгах зэргээр үйлчилж байгаа аж. Мөн эмнэлгээр үйлчлүүлэгчдэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл байнга өгч, эрсдэлийн үеийн тусгай бүс байгуулан, өрөө ч бэлджээ.
БНХАУ-ААС 5200 МОНГОЛ ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ
Манайд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүйг холбогдох албаныхан цаг үеийн ээлжит мэдээлэлдээ дурдлаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Японоос оруулж ирсэн 200 оношлуурын 100-г нь ашигласан. ДЭМБ-ын шугамаар нийлүүлэх 3000 оношлуур, хамгаалах хувцас, хэрэгслүүдийг дараа долоо хоногт оруулж ирэх байх. Коронавирусийн шинэ үүсгэгч анх ахимаг насныхныг илүүтэй өвчлүүлж байсан бол өдгөө залуу, хүүхэд гэлтгүй халдварлаж буйг ДЭМБ-аас анхааруулсан тул дор бүрнээ сэрэмжтэй байгаарай” гэж зөвлөв.
БНХАУ-ын Цагаан сар дуусаж, хилээ нээсэнтэй холбоотойгоор манай улсын иргэд олноороо эх орондоо ирж буйг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэв. Тэрбээр “Хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шинэ вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг Элчин сайдын яамдаараа дамжуулан хүргэж байна. Ялангуяа коронавирусийн халдвар илэрсэн 27 улсад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эх орондоо ирэх хүсэлтийг хүндэтгэн, бүх л талаар тусалж, дэмжихээ илэрхийлсэн. Өнгөрсөн сарын 28 буюу өмнөд хөрш хилээ нээснээс хойш коронавирусийн голомт нутгаас бусад мужид амьдардаг 5200 монгол иргэн эх орондоо ирээд байна. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр манай улс хилийн 13 боомтынхоо тавыг нь хаалаа. Энэ сарын 5 гэхэд үлдсэн иргэдийг нэвтрүүлж дуусгахаар төлөвлөсөн. Өнөөдөр (өчигдөр) гэхэд ӨМӨЗО-ы Эрээн хотоос 150 иргэн хилээр нэвтэрнэ. Мэргэжлийн бүх байгууллага уг ажилд хамтарч, иргэдийн эрүүл мэнд, ачаа барааны хяналт шалгалтыг өндөр түвшинд хийж байгаа” гэсэн юм.
УХАНИАС ТЭЭВРИЙН ХОЁР ХЭРЭГСЛЭЭР АЧАА НИЙЛҮҮЛСЭН ГЭВ
Коронавирус агаар, дуслын замаар халдварлахаас гадна хувцас хэрэглэл, хатуу гадаргуу зэргээр дамжиж буй тул импортын ачаа, тээврийн хяналт шалгалтыг чангатгах үүргийг Засгийн газраас өгсөн. Үүний дагуу МХЕГ-ынхан хилийн боомтуудад хэрхэн ажиллаж буйг Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар мэдээлэв. Тэрбээр “Хилийн боомтуудаар нэвтэрч буй иргэдийн эрүүл мэнд, ачаа барааг өндөр түвшинд хянаж шалгаж байна. Өнгөрсөн өдрүүдэд коронавирусийн сэжигтэй 64 тохиолдлыг боомтын шалгалтаар илрүүлж, шинжлүүлэхэд асуудал гараагүй. Өвчин хурдацтай тархаж буй тул зорчигчдын гар тээш, ачааг нэгд нэгэнгүй шалгаж, далайн гаралтай болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг зарим тохиолдолд хураан, буцааж байна. Эрүүл мэндийн болон зооноз, мэргэжлийн хяналтынхан боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан, импортын бараа, бүтээгдэхүүнийг нэгбүрчлэн ариутгаж, хилээр нэвтрүүлж байгаа. Халдварын голомт нутаг Уханиас саяхан тээврийн хоёр хэрэгслээр чингэлэгтэй ачаа хилийн бүсэд буулгасан. Бид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт, ариутгал хийгээд, зарим хэсгээс дээж авч, шинжлүүлэхэд ямар нэгэн халдвар илрээгүй” хэмээв.
Бэлтгэсэн: Б.Оргилох