УИХ-ын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа Хууль зүйн байнгын хорооныхон уламжлал ёсоор танилцууллаа. Энэ хугацаанд тус байнгын хороо 18 удаа хуралдаж, 38 асуудал хэлэлцэн, 42 хууль, УИХ-ын долоон тогтоол батлуулжээ. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлгийг хүчингүй болгох замаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдүүлж, Өмгөөллийн тухай хуулийг батлуулсан байна. Өмгөөлөгчийг сонгон шалгаруулах, эрх, үүргийг нь тодорхой болгох, эрүүгийн болон иргэний, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцох эрх зүйн байдлыг тодорхой болгосноороо чухал ач холбогдолтойг тус байнгын хорооны дарга Х.Нямбаатар онцлов. Түүнчлэн манай улс бие даасан Оюуны өмчийн тухай хуультай болсныг дурдлаа. Хуулийн зорилго нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэ цэнийг нь өсгөх, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэг, оюуны өмчийн байгууллагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэж буй аж.
“ЗӨРЧЛИЙГ ОНОВЧТОЙ ЗОХИЦУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛСЭН”
Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай тулгараад байв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүнд, өмчлөх эрхэд халдах зөрчлүүд байсныг Х.Нямбаатар гишүүн тэмдэглэлээ. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог илүү боловсронгуй болгох, тусгай субъектийн хэрэг мөрддөг эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох чиглэлд ухралт хийсэн гэж Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх жил бүрийн тайлан, илтгэлүүдэд дурддаг учраас Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн найруулж, батлуулжээ. Цаашид тус комисс таван гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөсөн байна. Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах тогтолцоог Парисын зарчимд нийцүүлэн, олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулах юм байна. Өмнө нь комиссын гишүүнд нэр дэвшигчийг Ерөнхийлөгч, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн УИХ-ын дарга УИХ-д өргөн мэдүүлдэг байжээ. Сонгон шалгаруулахтай холбоотой журмыг Хууль зүйн байнгын хорооноос гаргах аж.
Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах боломж бүрдүүлснээ Хууль зүйн байнгын хорооныхон дурдлаа. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус байнгын хорооныхон санаачилж, батлуулжээ. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг бус, зөвхөн мөрдөн шалгах хугацааг тоолох юм. Түүнчлэн биеэ үнэлсэн, мөрийтэй тоглосон, түүнийг зохион байгуулсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан гэх зэрэг зөрчлийг оновчтой зохицуулах үүднээс эрх зүйн орчныг нь боловсронгуй болгосон байна.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЭХ НЬ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг тус байнгын хорооныхон батлуулсан бөгөөд энэ нь практикт байгаа бэрхшээлүүдийг арилгах ач холбогдолтойг албаныхан хэллээ. Тухайлбал, тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийсэн эцэг, эхчүүдийг баривчлах болсон нь дээрх багц хуульд оруулсан өөрчлөлтүүдийн нэг нь гэв. Гэхдээ найруулгын хувьд засах шаардлагатай заалт байгаа учраас нэгмөсөн цэгцлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр Х.Нямбаатар гишүүн төлөвлөөд буйгаа дурдав.
Тус байнгын хорооныхон ээлжит чуулган завсарласан хугацаанд Гэр бүлийн болон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах гэнэ.
Мэдээлэл өгсний дараа Х.Нямбаатар гишүүн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг хэзээнээс сэргээн шалгаж эхлэх вэ. Тухайлбал, оймсондоо мөнгө нуусан хүний хэргийг сэргээн шалгахгүйгээр өнгөрч байгаа гэх мэдээлэл байна?
-Энэ хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон авлига, албан тушаалын бүх хэргийг сэргээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ. Төрөөс баталсан хууль бол хууль. Хуулийг хүн бүр биелүүлэх үүрэгтэй. Харин өмчийн болон бусдын амь, эрүүл мэндтэй холбоотой хэргүүдийг сэргээн шалгахгүй.
-Хар тамхитай тэмцэх тухай хуулийг яагаад хэлэлцсэнгүй вэ. Хариуцлагыг чангатгах шаардлага байгааг УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрсөн хэрнээ хэлэлцэхгүй удах нь эргэлзээ дагуулж байна. Үүнд танай байнгын хороо яаж анхаарах вэ?
-Бид ерөнхий хяналтын сонсгол явуулж, санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Гэхдээ хуулийг санаачилж, хэлэлцүүлэхээр оруулж ирэх эрх нь Засгийн газарт бий. Хичээл, сургууль эхлэхээр хуулийн байгууллагуудтай хамтарч энэ чиглэлээр хяналт, шалгалт хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамтрах бодол бий. Олон хүүхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэн амиа алдаж, олны танил хүмүүс хууль бус үйлдэл гаргаж, хэрэгт холбогдон буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Тиймээс энэ хуулийг хаврын ээлжит чуулганаар яаралтай хэлэлцэхийг бид шахаж, шаардана. Зөвхөн шүүх, цагдаа бус, олон нийтийн оролцоотойгоор хар тамхитай тэмцэнэ. Гэхдээ энэ талаар их ярих нь буруу. Ярих тусам сурталчилгаа болдог. Тиймээс тэмцлийн арга нь ч шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг юм билээ.