“Ноёд” группийн захирал Г.Буяндорж өнгөрсөн даваа гарагт Төрийн ордонд мэдээлэл хийж, Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан шүүх, прокурорын байгууллагын зарим ажилтны хууль бус үйлдлийн тухай, тэднийг авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй хэмээж, нотлох баримтуудаа бүрдүүлэн, гомдол гаргаж буйгаа мэдэгдсэн билээ. Түүний гаргасан, хууль сахиулах байгууллагын нэр хүн бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдолтой танилцаад ЕТГ-аас Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нарт гомдлыг нь шилжүүлээд буй.
Тэгвэл өчигдөр УЕПГ-аас Г.Буяндоржийн мэдээлэлтэй холбогдуулж мэдэгдэл гаргажээ. Түүндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан нэр бүхий прокуроруудтай холбоотой гомдол гаргаж байгаа тухай мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсан. УЕПГ-аас холбогдох асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагаар шалгуулахаар шийдвэрлээд байна. Тус мэдээлэлд дурдагдсан П.Халиун нь 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болно. УЕПГ-аас прокурорын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн дүрэм журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллахад анхаарч буйгаа мэдэгдэж байна” хэмээсэн байв.
“Ноёд” группийн захирал Г.Буяндорж ийн мэдэгдэл хийсэн нь ямар нэг ашиг сонирхол байгаа юм биш биз гэсэн хардлага олны дунд бий. Учир нь түүнд болон бусад хүнд холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцаан, дахин шийдвэрлүүлэхээр болоод байгаа юм. Тодруулбал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Буяндорж, Д.Батжаргал, Хурцаа, Ч.Ууганбаяр нарт холбогдох хэргийг энэ оны нэгдүгээр сарын 13-нд хянан хэлэлцсэн билээ. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.1 дэх хэсэгт зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчдийг цагаатгасан юм. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 8-нд хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Хурцаа нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг.
Улсын дээд шүүхэд шүүгдэгчдийн өмгөөлөгч нар гомдол гаргасан бөгөөд тэдэнд холбогдох 34 хавтас хэргийг хяналтын шатны хурлаар хэлэлцэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн аж. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэзээ дахин хэлэлцэхээр товлох нь хараахан тодорхой болоогүй байна. Дээрх хүмүүсийг бусдын эд хөрөнгө залилсан, хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт холбогдуулан 2014 оноос хойш шалгаж, өнөөг болтол хэргийг эцэслэн шийдвэрлээгүй юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа