Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар цагийн үеийн мэдээлэл хийлээ.
Ухань хотоос ирсэн 31 иргэнээс шинэ коронавирусын халдвар илрээгүй байна. Нисэх багийн 16 иргэнийг мөн ажиглалтад тусгай тасагт байрлуулжээ. Иймд манай улсад одоогийн байдлаар шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна.
Мөн Польш улсад суугаа монгол эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хамгаалалтын хэрэгсэл хандивласныг нисэх буудлаас хүлээн авсан гэж эрүүл мэндийн яамнаас мэдээлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн н.Ариунаа хэлэхдээ "Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан 17,900 тохиолдол бүртгэгдэж, нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч нас баралтын түвшин 2.1 хувьтай хэвээр байна. Өчигдөр БНХАУ-аас гадна дөрвөн улсад шинээр халдварын тохиолдол бүртгэгдлээ.
БНХАУ-аас гадна эмнэлгийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол мөн өчигдөр Франц улсад бүртгэгдсэн. БНХАУ-ын Ухань хотод аялаад эх орондоо очсон Швед улсын иргэн дөрөв хоногийн турш өөрийгөө гэртээ тусгаарлаад өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд нөхцөл байдлаа эмнэлгийн байгууллагад хандсан нь халдвар тарахаас сэргийлсэн сайн жишээ болсон байна. Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 34 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад халдвар илрээгүй нь олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцолж хэлмээр байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргууг арчдаггүй. Гар утас 00-ийн суултуураас 18 дахин бохир болохыг Америкийн судлаачид тогтоосон. ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн. Нүдний шилний пакеттай алчуураар, гар ариутгагч шингэнийг хөвөнд шингээн утсаа арчиж ариутгаж болно. Гадны орнуудад утас ариутгагч гарсан, тэрийг хэрэглэж байна. Өнгөрсөн хугацаанд 71 сэжигтэй тохиолдлын иргэнийг шинжилсэн, бүгд коронавирусийн халдвар илрээгүй" гэж хэлэв.