Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
Уг мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Сэжигтэй тохиолдлын тоо 16 байгаа ба халдварыг авсан байж болзошгүй ямар нөхцөлд байсан бэ гэдгийг тандан судалж байна. Монгол улсын найман боомтоор өмнөх сард 6560 зорчигч гарсан бол нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2465 зорчигч гарсан нь иргэд бидний гаргасан зөвлөмжийг сайтар биелүүлж байгааг илтгэж байна" гэлээ.
Нийгмийн Эрүүл мэндийн Газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Монгол Солонгосын Коллежийн хамт олон стандартыг хангасан 900 ширхэг амны хаалт бэлэглэсэн. Эдгээрийг өндөр настан, амьжиргааны түвшин иргэдэд үнэ төлбөргүй тараана гэлээ. Мөн зарим ТББ, оюутан залуус зөвлөмжүүдийг гэр хорооллын иргэдэд тарааж байгаад талархаж байна. Хэдий манай оронд энэ өвчин бүртгэгдээгүй ч дэлхий нийтийн анхаарлын төвд буй энэхүү өвчлөлийг бууруулахын тулд бид хамтдаа бүх арга хэмжээг аван ажиллах болно" гэж хэлсэн юм.
Коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утсыг ажиллуулж байгаа ба одоогоор нийт 891 дуудлага ирсний 50 хувь нь шинэ коронавирусын талаарх зөвлөгөө, мэдээлэл авчээ.