-Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас мал дархлаажуулдаг компанид мөнгө шилжүүлж байв-
Зэвсэгт хүчний жанжин штабын эрх бүхий албан тушаалтнууд энхийг сахиулагчдыг дархлаажуулах хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар манай сонин өнгөрсөн оны тавдугаар сард мэдээлж байв. Афганистанд Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО)-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд манай энхийг сахиулагчид олон жил үүрэг гүйцэтгэж буй. Уг ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдыг шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг халдварт өвчнөөс сэргийлж, явахаас нь өмнө дархлаажуулж, вакцин уулгаж, тарьдаг. Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газраас дээрх ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын IX ээлжийн бие бүрэлдэхүүнд хийсэн вакцинжуулалтын байдалд төлөвлөгөөт бус шалгалт оруулаад алба хаагчид нь их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүйг тогтоон АТГ-т шилжүүлсэн юм.
Энэ хэрэгт холбогдуулан ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтсийн Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, хошууч Б.Дуламсүрэн, тус хэлтсийн Мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагч, хошууч Д.Сарантуяа, мөн газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч их эмч, улсын байцаагч, дэд хурандаа С.Базаррагчаа болон уг албанд ажиллаж байгаад нас барсан, дэд хурандаа Т.Д нарт Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 18.7-1-т заасан “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах явцад дээрх хүмүүс Төрийн албаны тухай хуулийн 37.1.2-ын “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13 дахь хэсгийн “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, ажлын байрны тодорхойлолтын 2.3 дахь хэсгийн “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд голомтыг таслан зогсоох цогцолбор арга хэмжээ авах, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, бие бүрэлдэхүүнийг дархлаажуулах ажилд мэргэжлийн хяналт тавих” гэсэн заалтыг зөрчсөн, НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын цэргийнхэнтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2010-2019 оныг хүртэл хугацаанд хийсэн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахдаа ХӨСҮТ- өөс хоосон нэхэмжлэл авч цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн дүнг зохиож бичин санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн. Улмаар “Их тоонот”, “Үлэмж тун”, “Предикат-Амар”, “Монлевзия”, “Атар-Ирээдүй”, “Палома” ХХК-ийн дансаар дамжуулан 264 сая гаруй төгрөг шилжүүлэн авч, Т.Д, Б.Дуламсүрэн, Д.Сарантуяа, С.Базаррагчаа, Б.Оюунчимэг нар өөрсдөдөө давуу байдал бий болгож, эрх мэдлээ урвуулсан нь тодорхой болсон аж.
Тэд ХӨСҮТ-д шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнадын дархлаажуулалтад хамрагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргүүдийн тоог өгөөд хоосон нэхэмжлэх авдгийг нэгэн гэрч нь “ЗХЖШ-аас манай Дархлаажуулалтын албанд захиалгаа урьдчилж өгдөг. Тэгээд ажиллагааны бэлтгэлийн үед ЗХЖШ-аас цэргийн алба хаагчдын тоог мэдэгдэж дархлаажуулах бэлтгэлээ хангаж байгаарай гэж сануулдаг. ЗХЖШ-ын хошууч Б.Дуламсүрэн гэдэг эмч нэхэмжлэхийг хоосон авдаг байсан. Заримдаа өөр хүн явуулаад нэхэмжлэхээ бичилгүй өгөөд явуулчих гэж утсаар ярьдаг” хэмээжээ. Уг дархлаажуулалтын төлбөрийг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас дээрх аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлдэг байсан бөгөөд цэргийн алба хаагчийг дархлаажуулах төлбөрийг мал вакцинжуулдаг компанид, мөн үйл ажиллагаа нь 2014 оноос хойш зогссон аж ахуйн нэгжид олгож байсан нь тогтоогдсон юм. Энэ талаар нэг гэрч нь “Атар-Ирээдүй” ХХК маань малын вакцин тарих үйл ажиллагаа явуулдаг. Манай компанийн данс руу данс руу 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн вакцины төлбөр хэмээн Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас удаа дараа мөнгө шилжүүлж байсан” хэмээжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Дуламсүрэнг 18, Д.Сарантуяа, С.Базаррагчаа нарыг 11.4 сая төгрөгөөр торгох ял оноож, тус бүрийг нь төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хассан байна. Тэд мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хурлаас өмнө Зэвсэгт хүчний хөгжлийн санд учруулсан хохирлоо төлсөн бөгөөд талийгаач Т.Д-аас гаргуулах 80 гаруй сая төгрөгийг БХЯ, ЗХЖШ-ынхан нэхэмжлэхгүй гэдгээ шүүхэд танилцуулсан аж.
Бэлтгэсэн: Д.Дайчин