Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжлээ. Сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлчийн хагасын аль нэг ажлын өдөр байх бөгөөд бүх нийтээр амрах хуультай. Үүний дагуу ирэх сарын 1-нээс сонгуулийг товлон зарлаж, зургадугаар сарын 24-нд санал хураалт явуулахаар тусгажээ. Мөн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New image cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхээр Сонгуулийн ерөнхий хороо санал боловсруулсан байна.Түүнчлэн бүх аймгийг 20, нийслэлийг есөн тойрог болгох гэж буй. Ийн 29 тойрог байгуулахдаа Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж, бусад аймгийг тус бүр нэг, Багахангай, Багануур, Налайх дүүргийг хамтад нь, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр тойрог болгохоор тусгасан.
Дараа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгээс гаргасан томьёоллын дагуу санал хураасан бөгөөд гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, төслийн 6.5 дахь хэсгийг “Сум, дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно” гэж өөрчлөн найруулах, төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн холбогдох бусад албан тушаалтан нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол наймдугаар сарын 1-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх, санал авах өдрийн 20.00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоох нь. Түүнчлэн төслийн 28 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 28.8 дахь хэсгийг нэмэх, 12.2 дахь хэсгийг “сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно” гэж өөрчлөхөөр тогтлоо. Үргэлжлүүлэн эл төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд уг хууль, тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Гэвч эдгээрт тухайн харилцааг зохицуулсан зүйл байхгүй тул Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт оруулахаар төсөл боловсруулсан нь энэ аж. Үүнтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж, олонх нь дэмжив.
Дараа нь Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтцэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг шинээр байгуулахаар уг төсөлд тусгасан юм. Үүнийг мөн л анхны хэлэлцүүлгээр батлуулахаар болсон.
Эцэст нь, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий) хилийн цэсийг баталсныг УИХ-ын 1994 оны 33 дугаар тогтоолоор тэдгээрийг батлагдсан хилийн цэсээр нь сум болгож өөрчилжээ. Сүүлийн жилүүдэд төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт, хэрэгцээ нэмэгдсэнээс үүдэж зөрчил, маргаан их гарах болсон. Арвайхээр сумын тухайд гэхэд л нутаг дэвсгэрийн хүрэлцээгүйгээс шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт иргэддээ газар олгосон аж. Мөн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг даган газрыг нь ашиглаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын эрх бүхий албан тушаалтнууд газар олгож байна гэсэн үг. Иймд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан Газар зохион байгуулалт хийх журмын дагуу дээрх аймгуудын төвийн сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах гэж байгаа юм. Төсөлтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй бөгөөд олонх нь дэмжсэн байна.
Бэлтгэсэн: Б.Уран