Бусдын эд хөрөнгийг залилж, амар хялбар аргаар мөнгө олохыг санаархдаг хүмүүсийн үйлдэлд иргэд хохирсоор байна. Хүнд өвчний улмаас гадаадад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай хүний нэрээр хандив, тусламж цуглуулмагцаа зохих эзэнд нь өгөлгүй 20-иод мянган ам.долларыг нь мэхлэн авсан хэргийг хууль сахиулах байгууллагад шалгаж байна. Мөн гадаадад сурч, ажиллах хүсэлтэй иргэд “Виз найдвартай гаргаж өгнө” гэсэн зарын эзэнд хууртан мэхлүүлсэн хэрэг байсаар. Хамгийн сүүлд гэхэд 40 гаруй настай нэг эмэгтэй бусдад хуурамч виз гарган өгч залилсан хэргийг ЭЦА-ныхан, МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ажилтнуудтай хамтран илрүүлж, яллагдагчаар татжээ. Өмнө нь виз гаргаж өгнө гэж урьдчилгаа мөнгө аваад алга болдог, нийгмийн даатгал хуурамчаар төлдөг, дансдаа мөнгөтэй мэт харагдуулахын тулд сүлжээнд хуурамч мэдээлэл оруулж залилдаг байсан.
Өдгөө мессенжерээр залилдаг болжээ. Дээрх төрлийн зарыг олон нийтийн сүлжээнд тавьж бусдыг залилдаг хүмүүсийн үйлдлийн арга улам нарийссаныг дээрх хэлтсийнхэн анхааруулав. Тухайлбал, “Виз хүсэгчээс урьдчилгаа төлбөр авахгүй, виз гарахаар мөнгөө авна” гэдэг болжээ. Улмаар гадаад паспортыг нь аваад хэд хоногийн дараа “Таны виз гарсан” хэмээн фэйсбүүкийн мессенжерээр нь зураг илгээж, мөнгөө энэ данс руу шилжүүлээд ирж ав гэдэг болжээ. Виз, паспортаа өөрөө аваагүй атлаа итгэсэн иргэд мөнгөө тухайн данс руу нь шилжүүлчихдэг аж. Онгоцондоо суухаар нисэх буудалд очоод Хилийн шалган нэвтрүүлэх албаны шалгалтын үеэр хуурамч виз гаргуулсан нь илэрч, залилуулснаа иргэд мэддэг гэнэ. Шалгалтын явцад залилагч этгээд визийн наалтыг өнгөт хэвлэгчээр хуурамчаар үйлдэж паспортод нь наасан нь тогтоогджээ. Дээрх эмэгтэйд 20 гаруй иргэн 3-7 сая төгрөг өгч, хуурамч виз гаргуулж хохироод буй аж.
Бэлтгэсэн: Г.Орчлон