Коронавирусийн шинэ төрлийн халдварын улмаас нийслэлд зах, худалдааны төв болон эмийн сангуудад амны хаалт, халдваргүйжүүлэх бодисын хомсдол үүсээд байна. Өнгөрсөн баасан гаргаас эхлэн эдгээр бүтээгдэхүүнийг иргэд их хэмжээгээр авч, нөөцөлсөнтэй холбоотой аж. Зуд болохоор золбин нохой зоолдог гэдэг шиг зарим эм ханган нийлүүлэгч, захынхан амны хаалт, гар болон ахуйн ариутгагч бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүй нэмж, ашиг олж байгааг иргэд шүүмжилсээр буй. Үнийг хэт хөөрөгдсөн, үгүйг шалгахаар хэд хэдэн эмийн сангаар ороход олонход нь амны хаалт, гар ариутгагч, эмнэлгийн спирт дууссан байв. Өмнө нь 2000-2500 төгрөгөөр худалддаг байсан нэг удаагийн амны хаалтыг зарим эмийн сан боодол (50 ширхэгтэй)-оор нь 8-15 мянгаар борлуулж байхтай ч таарлаа. Бусад амны хаалт, халдваргүйжүүлэгч бодисын үнийг ч 1000-3000 төгрөгөөр нэмжээ. Худалдагч нар эл шалтгаанаа хомсдолтой холбон тайлбарлана лээ. Харин ЭМЯ-ныхан нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учирч болзошгүй энэ үед бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүй нэмсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэж, 11-323002 болон Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны 9515 5201 дугаарын утсаар иргэдийн гомдлыг хүлээн авах болжээ.
Сайн мэдээ нь, амны хаалт үйлдвэрлэгч “Мөнхийн тун” ХХК-ийнхан эдүгээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хоногт 40 000 ширхгийг үйлдвэрлэн, эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудад түгээж эхэлснийг албаныхан хэллээ. Нэг ширхэг нь 300, бөөний үнэ нь 150 төгрөг аж. Түүнчлэн нэлээд хэдэн компани импортоор амны хаалт, ариутгалын бодис оруулж ирж буй тул удахгүй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангана гэсэн юм. Хамгийн гол нь иргэд амны хаалтаа зөв хэрэглэж, хэвшихгүй бол зүүхгүй байснаас ч эрсдэлтэй гэдгийг эмч нар зөвлөв. Учир нь амны хаалттай иргэдийн олонх нь буруу хэрэглэж байгаа аж. Нэг удаагийн амны хаалтыг өдөржин хэрэглэх, түр тайлах, эсвэл доошлуулах үедээ ам, хамрын хэсгээс барих, халааслах, юман дээр тавих, эрүүн дороо нугалж татсанаар тусгаарлагч шинжийг нь алдагдуулдаг гэнэ. Амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж л байгаа бол, олон улсын мэргэжлийнхний зөвлөж буй N-95, ЗМ тэмдэглэгээтэй, эсвэл эмнэлгийн нэг удаагийн, гурван давхар шүүлтүүртэй амны хаалт сонгохыг ЭМЯ-наас анхааруулсан. Тэгэхдээ нэг удаагийн амны хаалтыг 1-2 цагаас илүү зүүхгүй. Хаяхдаа чихний уяанаас татаж, гараа тогтмол угааж, ариутгаарай. Үүнээс удаан хугацаагаар хэрэглэвэл доторх хэсэг нь норж, амьсгалаар бохирдон, ауто-инфекц буюу өөрөөсөө халдвар авч, амьсгалын дээд зам гэмтээх аюултай аж.
Ташрамд дурдахад, төрийн болон хувийн хэвшлийнхэн амны хаалтгүй ирсэн ажилтнуудаа дотогш нэвтрүүлэхгүй байгаа тул эл зөвлөмжийг дагахыг уриалж байна.