АН: Төлөөллийн зарчмыг эргэж харах нь чухал
УИХ дахь АН-ын зөвлөл ээлжит хуралдаанаа хийж, гурван асуудал хэлэлцжээ. УИХ-ын сонгуулийн тойрог, мандат хуваарилахтай холбоотой асуудлаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “90 мянга хүрэхгүй сонгогчтой аймагт хуваарилдаг гурван мандатаас хүн ам ихтэй аймаг руу шилжүүлж, нийслэлийнхийг цөөлөхгүй байх боломжтой гэж үзэж байна. Энэ шаардлага нь одоогийн мөрдөж буй холбогдох хуулийн заалтад нийцэж байгаа. Үүнийг үндэслэн аймгийн мандатын тоог шийдвэрлэх хэрэгтэй. “Хот, хөдөө гэж ялгах бус, иргэдийн тоо тэнцүү нөхцөлд сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэх ёстой. Дорнод аймагт 15-20 мянган сонгогч тутмаас нэг хүн сонгогдож байхад Улаанбаатарт 40-50 мянгад нэг нэр дэвшигч ногдож байгаа нь харьцангуй юм. Тиймээс төлөөллийн зарчмыг эргэж харах нь чухал” гэдгийг тус намынхан онцлов.
Түүнчлэн шинэ коронавирустэй холбогдуулан санал дэвшүүлэв. АН-ын зөвлөлийн дарга “Эрсдэл өндөртэй орнуудын тоонд манай улс багтаж байна. Энэ нөхцөлд иргэний хариуцлага, төр, засгийн шуурхай ажиллагаа чухал. Ялангуяа урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах ёстой. Хичээл, сургууль амарсантай холбогдуулан оюутнуудыг нутаг буцаан, их, дээд сургуулиудын дотуур байрыг хааж, ариутгах, шөнийн цэнгээний газруудыг ажиллуулахгүй байхад онцгой анхаарах нь чухал. Мөн эм ханган нийлүүлэлт, амны хаалт, ариутгалын бодис зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах бүтээгдэхүүнүүд эмийн сан, эмнэлгийн байгууллагуудад дутмаг байгаад холбогдох байгууллагууд арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ вирус Монголд тархахгүй гэх баталгаа алга. Ялангуяа ахмадууд уг вирусээр өвчлөх магадлал өндөр учраас тэдэнд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ түлхүү хийх нь чухал. Энэ нь иргэдийн тавьсан хүсэлт учраас бид хариуцлагатайгаар анхааралдаа авч, мэдээлж байна” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх талаар тус зөвлөлийнхөн байр сууриа илэрхийлсэн. Д.Эрдэнэбат “Талийгаач Б-гийн ар гэрийнхэн бидэнд нэгдүгээр сарын 22-нд захидал илгээж, үнэн, зөвийг тогтооход анхаарч ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлсэн. Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гаргасан шийдвэрийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжиж оролцохоо мэдэгдэж байна” гэлээ.
МАН: Улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандаттай байна
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, нийслэлд ногдох 28 мандатаас дөрвийг нь хасахад санал нэгдсэн байна. УИХ дахь тус намын бүлэг энэ талаар хэлэлцэн, байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандаттай байхад тэд санал нэгджээ. Аймгуудыг 20 тойрогт хувааж, 52 мандат хуваарилах аж. Нэг тойрог олон (хоёр ба түүнээс дээш) мандаттай байх ёстой гэж хуульчилсан учраас Дундговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай аймгийг нэг тойрог болгож, хоёр мандат олгох болжээ. Дундговь аймаг хүн ам цөөтэй учраас нэг тойрог болгох боломжгүй. Иймд хил залгаа Говьсүмбэр аймагтай нэгтгэсэн аж. Тэгэхээр Говьсүмбэр, Дундговь аймаг нийлээд нэг, бусад аймаг тус бүр нэг тойрог болох нь.
Харин нийслэлийг есөн тойрог, 24 мандаттай байхаар тогтов. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр тав, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатарт тус бүр гурав, Налайх, Багахангай, Багануурт нийт хоёр мандат олгохоор хуваарилжээ. Баянзүрх дүүрэгт 360 000 хүн оршин суудаг төдийгүй 230 мянга орчим сонгогчтой. Сурталчилгааны хугацаанд нэг нэр дэвшигч ийм олон хүнд өөрийгөө таниулахад хүндрэлтэй учраас тус дүүргийг хоёр тойрогт хуваах санал гаргажээ. Сонгинохайрхан дүүргийг мөн адил хоёр тойрогт хуваах юм. Ингэвэл Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг нийт дөрвөн тойрогтой болно. Түүнчлэн Багануур, Багахангай, Налайх гэсэн жижиг гурван дүүргийг нэгтгэж, нэг тойрог болгох санал гаргасан. Үүнийг хүн амын тоо, газар нутгийнх нь байршлаас хамааран тооцоолсон гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн онцлов. Тэдний саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хоёрдугаар сарын 1-нээс өмнө батална.
Мөн Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэв. 11 улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг томилох саналыг Засгийн газраас гаргаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. МАН-ын бүлгийн гишүүд энэ талаар хэлэлцэж, хоёр хүнийг Элчин сайдаар томилон, ажиллуулах боломжгүй гэж үзжээ. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаяр төрийн албанд ажиллах насны дээд хязгаарыг давсан учраас үүрэгт ажилд томилохыг дэмжээгүй аж. Төрийн албанд 65-аас дээш насны хүн ажиллуулахгүй гэж холбогдох хуульд заасан байдаг. Мөн БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяаг дипломат албанд ажилласан туршлагагүй гэж МАН-ынхан үзсэн учраас томилохыг дэмжсэнгүй. Бусад Элчин сайдыг томилох, эсэхийг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэх юм.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцсэн ч байр сууриа нэгтгээгүй гэнэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг хэлэлцэх хуулийн хугацаа дуусах болоогүй учраас дахин хуралдах боломжтой гэдгийг МАН-ын дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Мөн тэрбээр Н.Номтойбаяр гишүүнийг намаасаа хөөх тухай хэлэлцээгүйг тодотгов.