УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр товлож, Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон баримталж буй бодлогын талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонслоо. Эхлээд Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2020 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж дуусаад, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв.
Гэр бүл цуцалсны үр дагавар хүүхдэд хүндээр тусаж, эрх нь зөрчигдөж байгааг С.Чинзориг сайд танилцуулгадаа дурдав. Тиймээс 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийн 80 гаруй хувийг нь шинэчлэн найруулж, нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэснээр гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжиж, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх нөхцөл бүрдэх аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Н.Учрал гишүүн “Гэр бүл салсан тохиолдолд хүүхэд хэнтэйгээ үлдэх хүсэлтэйг нь шүүхийн танхимд оруулж асуух юм. Долоогоос доош насны хүүхдийг ээжтэй нь үлдээхээр хуульчилсан. Гэтэл наймхан настай хүүхдийг шүүхийн танхимд оруулаад “Чи хэнтэйгээ үлдмээр байна, хурдан хэл” гэдэг. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан бэ. Мэргэшсэн сэтгэлзүйч ажиллуулж, тоглож байх явцад нь хэнтэй үлдмээр байгааг нь асуудаг жишиг олон улсад бий” гэв. ХНХ-ын сайд С.Чинзориг үүнд хариулахдаа “Уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжвэл энэ талаар ярьж болно. Хүүхэд хэнтэйгээ үлдэх вэ гэдэг бол маш эмзэг асуудал юм билээ. Тиймээс энэ хуулийн төслийг боловсруулахад холбогдох яамд ч хамтрах хэрэгтэй. Мөн Тэтгэлгийн сан байгуулаад эцэг, эх нь салсан тохиолдолд тэндээс хүүхдэд тэтгэмж олгодог болох санал дэвшүүлсэн. Энэ нь хүүхэд хүчирхийлэлд өртөхгүй, эрх нь зөрчигдөхгүй байхад тустай.
Сангаас гаргасан мөнгийг эцэг, эх нь төлдөг байхаар зохицуулж болох ч дэмжсэнгүй. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Тэтгэмжийн хэмжээ нь 11 хүртэлх насны хүүхдэд амьжиргааны түвшний 50 хувь, 11-ээс дээш настай бол амьжиргааны түвшинтэй тэнцүү байх боломжтой” гэж хариуллаа. Мөн гадаадад үрчлүүлсэн хүүхдүүдийн талаарх хяналт болон эцэг, эхчүүдийн хүлээх хариуцлагыг хуульд хэрхэн тусгасныг бусад гишүүн тодруулсан юм. Одоогоор 17 улсын иргэнд 271 монгол хүүхэд үрчлүүлсэн байна. Тодруулбал, АНУ-д 156, ХБНГУ-д 35, Финландад 20 хүүхэд бий аж. Тэдний эрх зөрчигддөг болон хөгжил, хүмүүжлийн доголдолтой, эсэхэд тавих хяналт сул байгааг С.Чинзориг сайд онцолсон. Харин ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир “Гэр бүлийн харилцааны аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдэд багаас нь боловсрол олгох, залуусыг гэр бүл болохоос өмнө тусгай сургалтад хамруулах, зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэгт төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж хуулийн төсөлд тусгасан” гэлээ. Ингээд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаарх санал хураалтыг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтов. Хуралдааны төгсгөлд Н.Амарзаяа гишүүний, Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулав. Мөн зарим хуулийн эцсийн найруулгыг сонсож, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдааныг хаалаа.