“Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд тавьсан. Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдаж, дээрх хүсэлтийг хэлэлцлээ. Уг хуралдаанд тус хорооны есөн гишүүний долоо нь оролцов. Хорооны дүрмийн дагуу гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцдог.
Мөн гишүүн Л.Болд, М.Оюунчимэг нар оролцож, тайлбар өглөө. Гишүүн Ж.Мөнхбат гадаадад томилолттой байгаа аж. Харин хуралдаан эхэлмэгц гишүүн Х.Баделхан хүмүүсийн нэр төртэй холбоотой асуудал хөндөгдөх тул хаалттай хэлэлцэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэнээр хэвлэлийнхэн танхимыг орхиход хүрсэн юм.
Гишүүн Л.Болд “Ёс зүйн дэд хороо АТГ-т хандаж, надтай холбогдох бүх л хөрөнгө, орлогыг шалгуулсан байна. Орлого үндэслэлгүйгээр нэмэгдсэн зүйл алга. Харин юуг бүртгэх ёстой вэ гэдэгтэй холбоотой асуудал байсан уу гэвэл тийм. Бараг 10-аад жилийн өмнө би нэг ТББ-ыг даргалж байсан юм. Тэрийгээ мартчихаж. Бас дээр үед байгуулсан, одоо ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй компаниа мэдүүлээгүй нь зөрчил юм даа. Хуулийн зөвлөх маань бүртгүүлэх шаардлагагүй гэж хэлсэн. Гэтэл бүртгэл шүүгээд үзэхээр тэр байгууллага надтай холбоотой гээд гараад ирж байгаа юм. Түүнээс биш, хууль зөрчсөн, орлого нь үндэслэлгүй нэмэгдсэн гэх мэт гэмт хэрэг хийгээгүй. Гэхдээ энэ бүхнийг сонгуулийн өмнө хөндөж байгаа нь улс төрийн зорилготой үйлдэл. Миний сонгогдсон тойрогт надтай өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн зохион байгуулалттай өдөөж буй явуулга. Үүний ард ХҮН-ын Т.Доржханд бий.
Өмнөх сонгуульд надтай нэг тойрогт өрсөлдсөн юм. Түүний сонгуулийн менежерээр ажиллаж байсан хүн нь “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ыг удирдаж байх жишээтэй” гэсэн бол гишүүн М.Оюунчимэг “Би энэ асуудлын учрыг олуулахаар өөрөө анх Ёс зүйн дэд хороонд хандсан. АТГ-аар ч шалгуулахыг хүссэн. Надтай холбоотой ямар ч асуудал байхгүй нь сая нотлогдлоо. Харин 2007 онд манай нөхөр “Ланд-80” маркийн машин зарсныг бүртгүүлэх ёстой гэсэн зөвлөмж өглөө. Ер нь бид бичиг баримтдаа маш хянамгай хандах ёстой юм байна” хэмээн хуралдааны дараа тайлбар өгсөн. Өнгөрсөн аравдугаар сард хуралдахдаа дээрх гурван гишүүнээс холбогдох тайлбар, мэдээлэл авч, судалж, дүгнэх нь зүйтэй хэмээн үзэж, гишүүн Г.Тэмүүлэнд уг ажлыг хариуцуулсан. Тэрбээр шаардлагатай мэдээллийг гишүүдэд танилцуулсан байна. Ингээд дээрх гишүүд ёс зүйн зөрчил гаргасан гэхээс илүүтэй хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ техникийн шинжтэй алдаа хийсэн гэж үзжээ. Уг шийдвэрийг тус хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн аж. Шийдвэртэй холбоотойгоор зөвлөмж гаргаж, гишүүдэд хүргүүлэх гэнэ.
Хуралдааны дараа Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Техникийн алдаа гэж юуг хэлээд байна вэ?
-Тухайлбал, янз бүрийн ТББ байгуулсан, ажиллаж байсан бөгөөд тэдгээр нь одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэдэг шалтгаанаар мэдүүлэгтээ тусгаагүй, бүртгүүлээгүй байх жишээтэй. Ер нь гишүүд, сайд гэлтгүй төрийн бүх албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгийг туйлын анхааралтай, хуулийн дагуу бөглөх ёстой юм байна. Шаардлагатай бол АТГ соён гэгээрүүлэх үүргийнхээ хүрээнд энэ чиглэлээр ажиллах ёстой. Нөгөө талаас бусад улсын парламентад мөрдөн шалгах чиг үүрэгтэй хороо ажилладаг. Гэтэл манайд байхгүй. Ёс зүйн дэд хороо мөрдөн шалгах эрх, үүрэггүй. Ер нь аль нэг гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол хэлэлцлээ гэхэд цаана нь хуулийн хариуцлага хүлээлгэх хэмжээний асуудал байгаа бол хууль, хяналтын байгууллага шууд шалгах шаардлагатай юм байна.
-Казино тоглосон гэх шүүмжлэлд нэр бүхий гишүүд өртөөд байна. Үүнтэй холбоотойгоор Ёс зүйн дэд хороо хуралдах уу?
-Нийгэмд нэр бүхий гишүүдийн талаар шүүмжлэл өрнөж байна. Өмнө нь ч ёс зүйн зөрчил гаргасан гэж шүүмжлүүлсэн гишүүд бий. Манай дэд хорооны чиг үүргийн хүрээнд нэр бүхий гишүүдийн талаар ярилцах шаардлагатай бол хуралдаж л таарна.
-Ж.Мөнхбат гишүүн хуралдаанд оролцсонгүй. Түүнтэй холбоотой асуудал ч шийдэгдсэн гэсэн үг үү?
-УИХ-ын даргатай хамт Сингапурт албан томилолттой яваа юм билээ. Одоо энэ асуудлаар дахин хуралдахгүй, шийдвэрээ гаргасан.
-“Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ын төлөөлөл хуралдаанд оролцсонгүй. Тэднийг байлцуулан санал, тайлбарыг нь сонсох боломж байсан уу?
-Би Ерөнхий сайдтай хөдөө ажиллаж байгаад урьд шөнө (уржигдар) ирлээ. Ирэх замдаа тус ТББ-ын залууст Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байгааг мессежээр мэдэгдсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны референт ч тэдэнтэй хуралдааны өмнө холбогдох гээд чадаагүй. Ер нь гомдол гаргасан иргэн, байгууллагын төлөөлөл хуралдаанд оролцох боломжтой. Хаалттай хуралдах тохиолдолд оролцох боломжгүй.