Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны 1 дүгээр сарын 5-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар анх мэдээлсэн. Түүнээс хойш Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 198 болж, уушгины хатгалгаа өвчний улмаас амь эрсэдсэн хүний тоо хоёроор нэмэгджээ. Дээрх өвчтөний үед өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд ихэвчлэн мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн худалддаг захад ажилладаг хүмүүс байна.
Ухань хотоос гадна БНХАУ-ын Гуандон муж болон Тайланд, Япон, БНСУ-д бүргэгдээд буй энэ өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас гаргалаа. Зөвлөмжид:
- Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;
- Амьтны аж ахуй, захаар явахгүй байх;
- Амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, үхсэн амьтны сэг зэмтэй харьцахгүй байх;
- Түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
- Амны хаалт тогтмол хэрэглэх;
- Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
- Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.