УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Эхлээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн нэг удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо гаргасан байна. Уг танилцуулгатай холбогдуулан асуулт тавьж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хоёрдугаарт, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийг шинэчилснээр хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, эрүү шүүлтээс ангид байх үндэсний механизмыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажиллагааг хариуцсан гишүүний орон тоо бий болгох зэрэг боломж бүрдэх аж. Мөн комиссын гишүүний гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг боловсронгуй болгох гэнэ. Түүнчлэн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, комиссын чиг үүргийг тодорхой болгох, цар хүрээг нь өргөжүүлэхээр хуульд тусгасан гэдгийг Н.Оюундарь гишүүн тайлбарласан. Ингээд гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй томьёоллуудаар санал хурааж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах боллоо.
Гуравдугаарт, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталсан бөгөөд зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд бус, салбарын харилцааг зохицуулахад чиглэсэн гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг дурдав. Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өссөн аж. Гурван гэрлэлт тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны гачигдалтай байна гэсэн судалгааны дүн гарчээ. Түүнчлэн судалгаанд хамрагдсан залуу гэр бүлийн 50.8 хувь нь ажлын байр, 22.5 хувь нь орон сууц, 16.3 хувь нь орлого нэмэгдүүлэх боломж олгохыг хүсжээ. Урт хугацааны турш хамт хөдөлмөрлөсөн ч материаллаг хэрэгцээгээ хангаж чаддаггүй нь гэр бүлээ цуцлуулах шалтгаан гэж дүгнэж болно хэмээн сайд танилцуулгадаа дурдсан. Өрхийн санхүүгийн хүртээмжгүй байдал, хосын тааламжгүй харилцаа, хүчирхийлэл, гэр бүл цуцлалтын үр дагавар хүүхдэд хүндээр тусаж, эрх нь зөрчигддөг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт сайн дурынх байх, тэгш эрхтэй, хариуцлагатайгаар хүүхдийг гэр бүлд нь өсгөн, хүмүүжүүлэх зэрэг зарчим баримтлан, Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн төрөөс гэр бүлд дэмжлэг үзүүлснээр эцэг, эхийн үүрэг, хариуцлага нэмэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Уг төслийг баталснаар хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэнэ.
Төслийг боловсруулахдаа хууль хоорондын уялдааг хангаж, нийцүүлсэн эсэхийг О.Батнасан гишүүн асууж, үүнд анхаарах шаардлагатайг сануулсан бол Ц.Гарамжав гишүүн гэр бүлийн харилцаанд тулгамдаад буй асуудлыг шийдэхээс гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлагатайг хэллээ. Ингээд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Бэлтгэсэн: Г.Жавхлан