Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Яаралтай тусламжийн тасаг, Сургалт, эрдэм шинжилгээний төв, хурлын танхимыг олон улсын жишигт нийцүүлэн засаж, тохижуулсныг өчигдөр нээлээ. Эмчлүүлэгчдэдээ тав тухтай орчинд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор дотоод орчноо ийнхүү сайжруулан, яаралтай тусламжийн орчин үеийн зохион байгуулалтаар ажиллах болжээ. Тодруулбал, иргэд оношоо тодруулах гэж олон тасаг, лабораториор явж, хугацаа алддаг байсан бол Яаралтай тусламжийн тасагт шаардлагатай оношилгоо, шинжилгээ, ходоодны дуран, ЭХО зэргийг нэг доор хийлгэх боломж нээгдэв. Өвчний түүхээ нээлгэхийн тулд ийш тийш явах ч шаардлагагүй болсон байна.
Тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангасан бөгөөд 12 орны тавыг нь хүнд өвчтөнд зориулан тоногложээ. Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх хүлээлгийн өрөөг илүү олон суудалтай, багтаамж сайтайгаар байгуулсныг онцолсон. Мөн өвчтөний аюулгүй байдлыг хангаж, халдвараас хамгаалахад тасгийн зохион байгуулалт ач холбогдолтойг хэллээ.
УНТЭ-т өдөрт дунджаар 100-120, жилд 24 000 орчим хүн онош тодруулах болон нарийн мэргэжлийн чиглэлээр яаралтай тусламж авдаг гэнэ. Өмнө нь нэг доор байсан Эрэмбэлэх, Амилуулах тасгийг тусгаарласан нь эмчилгээ, үйлчилгээний хүртээмж, чанар сайжрахад сайнаар нөлөөлнө гэдгийг тус тасгийн сургалт хариуцсан сувилагч Б.Уранцэцэг ярилаа. Харин ахлах сувилагч Д.Дуламсүрэн “Яаралтай тусламжийн тасгийг 2012 оноос бие даасан хэлбэрээр ажиллуулах болсон. Тохижилтын хүрээнд нэг байсан зарим тасгийг тусгаарлаж, ор болон төхөөрөмжийн тоог нэмлээ. Түүнчлэн сувилахуйн албанд гурван хүн нэмэгдсэн. Заалны системээр ажиллах болсноор эмчилгээний үеийн хяналт сайжирч, багийн үйл ажиллагаа илүү нягтарна” хэмээв. Яаралтай тусламжийн тасагт долоон эмч, дөрвөн туслах сувилагч гээд 30 гаруй мэргэжилтэн ажилладаг аж. Засварын ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлүүлсэн бөгөөд салбарын яам болон эмнэлгээс 70 орчим сая төгрөг зарцуулжээ. Ташрамд дурдахад, ЭМЯ-ныхан нээлтийн үеэр амьсгал болон зүрхний бичлэгийн, өвчтөний хяналтын аппарат нийлүүлсэн.
Бэлтгэсэн: Т.Энхнаранжав