Олон улсын “Мерск” байгууллага Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) -ын хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хуурамч эмийг шалгах төхөөрөмж, 86 төрлийн стандарт бодисын хамт гардуулах арга хэмжээ өчигдөр боллоо. “Мерск” компанийн Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийн харилцааны захирал Рожер Элия “Манай байгууллага шинжлэх ухаан, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн зах зээл дэх эмийн 30 хувь нь хуурамч байдгийг судалгаагаар тогтоосон. Тиймээс компанийн дэргэд “Эрүүл мэндийг дэмжих сан” байгуулж, судалгаа шинжилгээнд үндэслэн, хуурамч эм илрүүлдэг зөөврийн лабораторийн төхөөрөмж бүтээсэн юм. Энэхүү төхөөрөмж нь эмийг ундны ус ашиглан шинжлэх, зөөвөрлөх, цахилгаан хэмнэдэг зэрэг давуу талтай” хэмээв.
МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид Монгол Улсад бүртгэлтэй бүх эмийг шинжилдэг. Гэвч эмийг шинжлэхэд ашигладаг стандарт бодис нь өндөр өртөгтэй, мөн 7-14 хоногийн дараа хариу нь гардаг байжээ. Харин уг зөөврийн төхөөрөмжийг ашигласнаар шинжилгээний хариу нь тэр даруй гарах аж. Энэ талаар МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал Б.Амар “Үндэсний лавлагаа лабораторид жилд 2500 гаруй эмийн дээж шинжилдэг учир улсын байцаагч, мэргэжлийн хүмүүс нэлээд ачаалалтай ажиллахаас гадна цөөнгүй хүндрэл учирдаг байсан. Харин зөөврийн лаборатори ашигласнаар шинжилгээг хялбар хийж, хуурамч эмийг илрүүлж, эмийн чанарыг сайжруулах ач холбогдолтой” гэв. Эмийн стандарт шалгагч бодис нэг бүр нь 1-3 сая төгрөгийн өртөгтэй аж. МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторийнхон 2017 онд манай улсад борлуулж буй эмүүдийг судлахад 0.8 хувь нь хуурамч, 11 нь стандартын шаадлага хангаагүй байсан гэнэ. Мөн сүүлийн үед тураах болон дааврын бэлдмэл, дархлаа сэргээх, тамиржуулах тариа хуурамчаар оруулж ирэх тохиолдол цөөнгүй илрэх болсныг мэргэжилтнүүд анхаарууллаа.