Өндөр настан Д.Цэрэндулам эмчлүүлэгчийн картаа харуулж “Энэ хоёрын алинд нь итгэх вэ” гэлээ. Сонирхож үзвэл ясны сийрэгжилт шинжлүүлсэн тухай дүгнэлт байх аж. Эмээ “Мөнгөн гүүр” эмнэлэгт очиход нь ясны сийрэгжилтийг нь шалгаад “Ная гарсан хүн гэхэд сайн байна. Энэ зураасанд хүрэхгүй байвал асуудалтай гэсэн үг. Таных бараг зүгээр байна. Гэхдээ адууны тос манайхаас аваад түрхээрэй. Тэгвэл бүр санаа зоволтгүй болно” гэжээ.
Үүнээс хэдхэн хоногийн дараа эмээ 100 айл дахь Ахмадын эмнэлэг ч гэдэг, хуучнаар Геронтологийн төвд яагаад ч юм дахин шинжлүүлжээ. Тэгэхэд нь эмч “Эмээ, таны яс маш их сийрэгжсэн байна, 50 хувьтай байна, ганцаараа яваа юм уу, ийш тийш явахдаа хүүхэд дагуулж явж байгаарай. Унах л юм бол хөл, гараа хугална шүү” гэж гэнэ. Эмээ сэтгэлээр унажээ. Үүний сацуу нэг эмнэлэг нь сайн, нөгөөх нь муу гэхийн учрыг олохгүй гайхна. Эмч нарын хэн нь үнэн хэлэв, алиных нь шинжилдэг багаж буруу заав. Ийм мэдээлэл сонссон гэрийнхэн нь “Учрыг нь олно, настай хүнд юу гэж ч хэлсэн хамаагүй юу. Хяналт, шалгалтынханд хандана” гэхэд хөгшин сандарч “Яах юм бэ, бие гайгүй байна. “Мөнгөн гүүр”-ийнхэд итгээд, сэтгэлээр өөдрөг явъя. Ахмадын эмнэлгийн тоног төхөөрөмж хуучраа биз” гээд халгаасангүй. Энэ сэдвийг санаандаа авчихаад явж байсан юм.
Гэтэл хэд хоногийн өмнө нэгэн сайхан ааштай бүсгүй утсаар ярилаа, урилаа. “UBH төвд байдаг лабораториос ярьж байна. Танд манайхаар үнэ төлбөргүй үйчлүүлэх эрхийн бичиг өгөх гэсэн юм. Таны утасны дугаарыг найз тань өгсөн. Эрүүл мэндэд тань санаа тавьсандаа өгсөн гэж ойлгож байгаа. Та цаг аваад, ирж үйлчлүүлж болно” гэлээ. Элдэв юм сонсож ханасан чих, хэрийн юманд хууртагдахаа байсан тархи сонсоод л өнгөрөөв. Гэтэл маргааш нь дахиж залгаад “Цаг авчих, амар. Өглөөний 10.00 цагт болох уу, амжих уу. Ясны сийрэгжилт, организм дахь өөх, тосны харьцаа гэх зэрэг долоон янзын шинжилгээ хийнэ. Мөнгө авахгүй” гэхээр нь мяраалаг хүмүүсийг онилж залгадаг байх нь гэсэн бодол зурсхийн орж ирэв. Очиж танилцъя гэж бодсон ч завгүй болохоор үнэнээ хэллээ. Энэ бүхний эцэст, бусдын, хувь хүний нууцад холбогдох мэдээллийг гартаа оруулж авчихаад, боловсон гэгч нь ярьж дуудаад байгаа эмэгтэй хэн бэ, өөр хэдэн хүн рүү ингэж ярьсан бол гэж бодож байх зуур одоогоос гурван жилийн өмнө танил бүсгүйгээ даган сүлжээний бизнес эрхэлдэг нөхдийн өрөөнд очиж дөрвөлжин аппаратад гараа шургуулж “шинжилгээ” хийлгэснээ санав. Нэг хүн хэвлэсэн өнгөт зураг, графикийг уншиж танилцуулахад эрүүл эрхтэн бараг үгүй байв. Харин тэр хүмүүс сүлжээний эм, бэлдмэл нэлээдийг санал болгосон доо. Өдгөө тэр түүх давтагдах бололтой.
Сүүлийн жилүүдэд лабораториуд элэгний вирус тоолохоос авхуулаад ажил ихтэй байх болсон. Сонирхолтой нь улсын ч бай, хувийн ч бай эмнэлгийн эмч нар өөрийн байгууллагын, эсвэл харилцдаг лабораторийн шинжилгээний хариуд л итгэдэг шиг. Бусад хүн ч тэгж хэлдэг юм. Эмч нар өөрсдөө итгэж ядаад байхаар тухайн лабораториор үйлчлүүлэх хүсэл иргэдэд төрөх үү. Ер нь эрүүл мэндийн чиглэлийн шинжилгээ хийдэг лабораториудыг шалгадаг, стандарт мөрдүүлдэг байгууллага байдаг уу.
Стандарт, хэмжил зүйн газраас өгсөн мэдээллээр бол энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг лабораториуд итгэмжлэгдсэн байх шаардлагатай аж. Одоогийн байдлаар манай улсад итгэмжлэгдсэн сорилтын 146, хэмжил зүйн чиглэлийн шалгалт тохируулгын лаборатори 13, эмнэлгийнх 15, техник хяналтын 22, баталгаажуулалтын байгууллага ес байдаг аж. Эмнэлгийн итгэмжлэгдсэн 15-д улсын томоохон эмнэлгийн дэргэдэх болон хувийн, олон жилийн ажлын туршлагатай, техник, тоног төхөөрөмж хангалттай, боловсон хүчин ч сайтай нь багтдаг болох нь жагсаалтаас харагдаж байна. Бизнесийнх нь нэр хүндэд халдахгүйн үүднээс итгэмжлэгдсэн буюу итгэн үйлчлүүлж болох лабораториудын тоонд ямар нь байхгүй вэ гэдгийг хэлэхийг хүссэнгүй. Хэрвээ шаардлага гарвал иргэд Стандарт, хэмжил зүйн газрын https://masm.gov.mn/ цахим хуудсаас мэдээлэл авч болно.
Дээр дурдсан UBH төв дэх лабораторид шинжилгээ хийлгэж, хариуг нь үндэслэн зааж өгөх эм, бэлдмэлүүдийг уух хэрэгтэй, эсэхийг магадлахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл авах хэрэг гарав. Өгсөн мэдээллийг боловсруулж дүгнэлт хийхэд сайхан ааштай бүсгүйн уриад байгаа тэр лабораторийнхон олон нийт рүү хандаж зоригтой сурталчилгаа хийж байгаа бол өөрсдийн оруулж ирсэн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүндээ шинжилгээ хийлгэсэн байж болох аж. Бүтээгдэхүүнд хүний организмд хортой нөлөө үзүүлэх хүнд металл байхгүй л бол худалдаанд гаргахыг зөвшөөрч, ЭМЯ-наас баталдаг хэрэглэж болох эм, биологийн идэвхит бүтээгдэхүүний жагсаалтад бүртгэлтэй байх нь. Ингэж авсан байхад сүлжээнийхэн хаанахын хэнээс ч эмээхгүй хэрэглэгчдэд санал болгож, худалдан борлуулдаг гэнэ. Харин лабораторио сайн дураар хүсэлт гаргаж итгэмжлүүлэх нь бараг үгүй. Уг нь итгэмжлэгдвэл үйл ажиллагаа хэвийн явуулдаг томоохон их, дээд сургуулиуд оюутнуудыг “Манайд элсээрэй” гэж нүүр бардам уриалдаг шиг анагаахын чиглэлийнхэн, сүлжээний бизнесийнхэн ч тэр ихэд додигор хэрэглэгчдээ татахаар. Тиймгүй бол аль болох ая эвээр, аядуу зөөлнөөр, заримдаа “нууцаар” үйлчлүүлэгч татах гэж оролддог байна.
Лабораториуд хэдийгээр Стандарт, хэмжил зүйн газраас итгэмжлэгдээгүй ч Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт дор үйл ажиллагаа явуулдаг аж. Хэрвээ иргэдийн зүгээс эсвэл ямар нэг шаардлагаар хянах, шалгах шаардлага гарвал Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хөдөлдөг.
“Мөнгөн гүүр” эмнэлэг, Ахмадын эмнэлэг хоёрын алинд нь итгэхээ мэдэхгүй суугаа өндөр настан шиг нэг бус хүн бий болов уу. Гар утасны дугаарыг хаанаас л бол хаанаас олоод “Ирж үнэ төлбөргүйгээр шинжилгээнд хамрагдана уу” хэмээн дахин дахин уриад байх бас эвгүй юм.
Нэг үе лабораториуд зөрүүтэй хариу гаргаж байна, даатгалын сангаас мөнгө “цохих” гэж санаатайгаар будилаан үүсгэдэг гэсэн мэдээлэл ар араасаа хөвөрсөн. Өнөө хэр нь энэ талбарт асуудал байгаа бололтой. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар заавал төлөвлөгөөт шалгалт гээд байлгүй, гэнэтийн ажиллагаа явуулж, иргэдийн мэдээлэл, гомдлын мөрөөр үнэрч нохой мэт ажиллах цаг болсон мэт.