Улаанбаатар хотын зарим гэр хороолол, орон нутагт эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ хүргэх зорилго бүхий 80 сая ам.долларын зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламжийн гэрээнд Засгийн газар, Азийн хөгжлийн банк өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурлаа. Уг төсөл нь Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн (158.34 сая ам.долларын санхүүжилттэй) эхний үе шат аж. Энэ нь тус банкнаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй олон шатлалт санхүүжилтийн анхны хөтөлбөр болж буйгаараа онцлог агаад гурван төслөөс бүрдэх нь. Хөтөлбөрийн хүрээнд мэс засал, эх барих, эмэгтэйчүүд болон бусад тусламж, үйлчилгээг амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасгаар цогц үзүүлэх дүүргийн нэгдсэн эмнэлгийг Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Бас Ховд, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчин чадлыг өргөжүүлж, улсын түргэн тусламжийн төвийг шинэчлэн сайжруулж, анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор зургаан сумд эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв 10-ыг Улаанбаатарт байгуулах аж. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлд дэмжлэг үзүүлэх гэнэ. Тодруулбал, тус салбарын дунд, урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэхэд нөөц боломжийг илүү оновчтой, үр дүнтэй ашиглах боломж бүрдүүлэхэд анхаарах нь.
Бэлтгэсэн: Ц.Болор