Хүн амын дунд бөөрний дутагдал хэмээх өвчин газар авах шинжтэй. Статистик мэдээлэлд хүн амын дундах өвчлөлийн тэргүүнд бөөрний дутагдал бичигдээгүй ч ид хөдөлмөрлөх насны иргэд үүнд өртөж буй нь санаа чилээх асуудал биш гэж үү. Монголд бөөрний дутагдалд орсон 1000 гаруй хүн эмчилгээнд хамрагдаж буй. Тэдний 856 нь гемодиализийн болон хэвлийн диализийн эмчилгээ хийлгэдэг. Бидний бөөр өдөрт 24 цаг ажиллаж, шээс үүсгэдэг бол бөөрний дутагдалд орсон хүмүүсийнх долоо хоногт ердөө 12 цаг ажиллах боломжтой. Ингэхэд бөөр хүний биед ямар үүрэгтэй эрхтэн юм бэ. Хамгийн нэгдүгээрт цус төлжүүлдэг. Бас кальци, фосфорын солилцоог зохицуулж, бамбайн хажуугийн булчирхайг дэмждэг. Үүнээс гадна ясны хэвийн бүтцийг хадгалахаас авхуулаад шээсээр дамжуулан биеэс хорыг гадагшлуулах зэрэг маш олон үүрэгтэй. Гемодиализийн аппарат хүний биеэс илүүдэл шингэн, хорыг ялгаж авахаас бус, бусад зүйлийг нь нөхөж чадахгүй. Тиймээс бөөрний дутагдалд орсон хүн наад зах нь цус төлжүүлэх тариа, кальци, фосфор нөхөх эм, яс, бамбайн бэлдмэл уух шаардлагатай болдог. Эдгээр эм, бэлдмэлийн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаггүй.
Зөвхөн бөөрний аппаратад орох төлбөрийг л тус сангаас гаргадаг. Бөөрний архаг дутагдалтай хүн энэ аппаратад долоо хоногт гурван удаа ордог. Ингэх тоолондоо цус төлжүүлэх тариа хийлгэх шаардлагатай, мөн хооллох бүртээ фосфор, кальци нөхөх эм ууна. Нэг тарианы бөөний үнэ 13 500, нэг удаа уух кальцийн үнэ 1500 төгрөг. Өвчтөн өдөр тутмын хэрэглээний зардлаас гадна ганц тариа, нэг ширхэг эмийн үнэд хоногтоо 20 000 гаруй төгрөг зарцуулдаг байх нь. Иргэд дээрх мөнгийг хувиасаа гаргадаг. Тиймээс эдгээр зардлыг дэс дараатайгаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ээс ЭМЯ-нд албан бичиг өгөөд, хариуг нь хүлээж буй юм билээ.
Бөөрний аппаратад орох мөнгийг улсаас азаар гаргадаг болж. Урьд нь нэг удаа аппаратад ороход 125 000 төгрөг төлдөг байсан. Бөөн хэл ам, дуулиан шуугиан болж байж гурван жилийн өмнөөс иргэдийг аппаратад оруулахдаа Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь гаргадаг болжээ. Тодруулбал, бөөрний дутагдалд орж, орон байр, машин тэргээ зарж эмчилгээндээ зарцуулсан нэгэн өвчтөн арга мухардахдаа Эрүүл мэндийн яам руу дайран орж, буу шийдэмдээ тулжээ. Тэрбээр буу гарган өөрийгөө буудна, эсвэл хэн нэгнийг хөнөөнө хэмээн орилж, хашхирч шуугиан тарьсан байна. Өдгөө тэр хүн нас барсан. Өөрөөр хэлбэл, хүний амь үрэгдсэний дараа улс дээрх асуудлыг шийдсэн гэсэн үг. Монгол Улсын иргэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг ч өөрөө л эрүүл мэндээ эртнээс анхаарч, амиа бодохгүй бол авралгүй ч юм шиг.
Бөөрний аппаратад ороход хэрэглэх эмнэлгийн багаж хэрэгслийн зардал 125 000 төгрөг байдаг. Энэ мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадгийг дээр дурдсан. Өвчтөн дөрвөн цагийн турш аппаратад ордог. Ингэхдээ цус дамжуулах хоолой, шүүлтүүр зэрэг эм, бэлдмэл хэрэглэх шаардлагатай. Бүгдийг нь нэг л хүнд ганц удаа хэрэглээд хаядаг. Эдгээрийг импортоор оруулж ирдэг. Дээрээс нь дөрвөн цаг аппаратад ороход крантны бус, бактеригүй, ионгүй 120 литр ус нэг удаа хэрэглэдэг гэхээр бөөрний эмчилгээ өртөг өндөртэй.
Бөөрний гемодиализийн аппаратын өртөг ч өндөр. Хамгийн хямд нь 15 000 ам.доллар. Монголд 50, 60 мянган ам.долларын үнэтэй нь ч бий. Одоогоор улсын болон хувийн хэвшлийн эмнэлэгт бөөрний 189 аппарат байгаа аж. Гэхдээ УНТЭ-ээс бусад газарт диализийн техникчээр мэргэшсэн инженергүй шахам байна. 2006 оноос УНТЭ бодлогоор Гемодиализийн төв (одоогийн Бөөрний төв) байгуулжээ. Улмаар 2010 оноос орон нутагт, дүүргийн хэмжээнд боловсон хүчин бэлтгэсэн байна. Одоо 21 аймаг, найман дүүрэгт аппараттай болсон. Бөөрний дутагдалд орсон иргэд аливаа тусламжийг гэрийнхээ ойроос авч болно гэсэн үг. Харамсалтай нь, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв өдий болтол бөөрний аппаратгүй байгаа юм. Тиймээс Чингэлтэйн иргэд дүүргийнхээ харьяа эмнэлэгтээ хэвтэн бөөрний аппаратад орж чадахгүй. Тус эмнэлгийнхэн өвчтөнөө өвлийн хүйтэн, зуны халуунд УНТЭ рүү машинаар зөөдөг юм байна. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлага үүнийгээ бөөрний аппарат тавих өрөөгүй хэмээн тайлбарласан нь дэндүү хачирхалтай. УНТЭ бөөрний 29 аппараттай. Энд өдөрт 50 хүн эмчлүүлдэг аж. Эмчээс ярилцлага авахаар тус эмнэлгийн Бөөрний төвийн үүдэнд хоёр цаг гаран хүлээж зогсоход дугаар, дараалал, хүлээлт ихтэй нь анзаарагдсан. Гэтэл эдгээр аппаратын 10-ыг нь шинэчлэх шаардлагатай болжээ. Нөхцөл байдал ийм байтал бөөрний дутагдалд орсон хүний тоо жилээс жилд өсөж буй. Тиймээс аппарат хүрэлцэхгүй болж, шинээр оношлогдсон хүмүүс үхэхгүйн тулд хувийн зардлаараа бөөрний аппаратад орж, боломжтой нэг нь гадаадад эмчлүүлэхэд хүрч байгааг эмч, ажилтнууд нуугаагүй.
Өөрөөр хэлбэл, бөөрний дутагдалд орсон иргэдээ улс эмчилж хүчрэхгүй байна. Гэхдээ гээндээ ч, гоондоо ч бий гэгчээр бөөрний дутагдалд орсон нь иргэдийн өөрсдийнх нь буруу зуршилтай холбоотой аж. Тухайлбал, бөөрний дутагдалд орох гол шалтгаан нь чихрийн шижин, даралт ихсэх өвчинтэй холбоотой. Хэт их өөх тостой хоол идэх, ажил амралтаа зохицуулахгүй байх, жингийн илүүдэл нь чихрийн шижинг тэтгэж байдаг. Бөөр өвдсөнөөр иргэд хараагүй болдоггүй, хөлөө тайруулдаггүй, зүрхний шигдээс болохгүй. Чихрийн шижин өвчин бөөрөнд нөлөөлснөөр энэ бүх хүндрэл үүсдэг. Тиймээс эмч мэргэжилтнүүд чихрийн шижинтэй болохгүйн тулд дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох, жингээ барих шаардлагатайг зөвлөсөн юм. Чихрийн шижин эхний үедээ хүний биед мэдрэгддэггүй, зовуурьгүй. 15-20 жилийн дараа бөөрийг гэмтээж илэрдэг аж. Дараа нь даралт ихсэх өвчин ордог. Бас л буруу дадал, хооллолтоос үүдэлтэй. Иргэд хүзүү хөших юм уу, дотор муухайрахаар л даралтны эм уудаг аж. Уг нь таван жил өдөр бүр тогтмол ууж байж даралт тогтворжиж хэвийн болдог гэх. Хааяа нэг уух нь даралт буурахад нөлөөлөхгүй, цус харваж, цаашлаад бөөрний дутагдалд оруулдаг ажээ.
Одоогоос 10 жилийн өмнө гадаадын нэртэй профессор Монголд ирээд “Чихрийн шижин өвчний улмаас хэдэн хүн бөөрний дутагдалд орсон бэ” гэж асуухад манай эмч нар “Тийм өвчтөн байхгүй” хэмээдэг байж. Одоо бөөрний дутагдалтай иргэдийн 25 хувь нь чихрийн шижин өвчтэй. Энэ талаар УНТЭ-ийн Бөөрний төвийн дарга Д.Чулуунцэцэг “Монгол хүн бөөрний дутагдалд орох нь эрчимтэй нэмэгдэж байна. Дутагдалд орохгүйн тулд чихрийн шижин, даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Анагаах ухаан нотолгоонд суурилсан эмчилгээ хийдэг. Гэтэл иргэд эмчийн зөвлөгөөг дагахгүй бөө, лам ярьж явах юм. Бөөрний дутагдалд орсон хүнд “Та эртнээс хиймэл судас тавиул” гэж зөвлөхөөр зугтчихдаг. Ханиад хүрээд өвчин нь хүндрэхэд энд тэнд чинь гуурс тавихгүй, шууд тариа хийж, аппаратад оруулан амийг аврах боломжтой гэсэн үг.
Дараа нь бөөр шилжүүлэх хагалгаанд оруулж болно. Хэвлийн диализ, гемодиализийн эмчилгээнд хамруулахад хүндрэл багатай. Үгэнд орохгүй явсаар гурван сарын дараа эмнэлэгт ухаангүй хүргүүлж ирдэг. Хиймэл судас суулгаагүй, ухаангүй ирсэн хүнд гуурс тавихаас өөр аргагүй. Энэ нь бактери орох, үжил үүсэх нөхцөл болдог. Иргэд их хариуцлагагүй. Зарим нь аппаратад орно гээд согтуу ирнэ. Ар гэр, ах дүү нь өвчтөн авчраад тэр чигтээ эргэж тойрохгүй, хаячихдаг. Гадаадад ч чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй бөөрний дутагдал зонхилж байна. Дэлхийн улс орнуудын бөөрний өвчлөлийн нэгдсэн мэдээлэл АНУ-д байдаг. АНУ-д чихрийн шижин, даралт ихсэх өвчтэй хүмүүс бөөрний дутагдалд орж байна. Тэнд түүдгэнцрийн үрэвслээс үүдэн бөөрний дутагдалд орох нь бага. Түүдгэнцэр гэдэг нь бөөрний үрэвсэл. Европт бас бөөрний дутагдлын гол шалтгааныг чихрийн шижин, даралт ихсэх гэжээ. Тэнд түүдгэнцрийн үрэвсэл алга. Азид түүдгэнцрийн үрэвсэл нэгдүгээрт ордог.
Гэхдээ чихрийн шижин эрчимтэй нэмэгдэж байна. Мөн бодисын солилцооны өвчин буюу амьдралын буруу хэв маягаас үүдэн бөөрний дутагдалд ордог гэх судалгаа гарчээ. Монголд түүдгэнцрийн үрэвслээс болж бөөрний дутагдалд ордог байсан. Үүнийг бид эмчилж чадна. Одоо чихрийн шижин өвчин иргэдийн бөөрийг гэмтээж эхэллээ. Олон жилийн өмнө бөөрний архаг дутагдал хүнийг шууд үхэлд хүргэдэг байв. Өдгөө бөөрний архаг дутагдалтай хүмүүсийг амьдруулах боломжтой технологи бий болсон. Монголд бөөр орлуулах эмчилгээг дэлхийн жишигтэй адил гурван янзаар хийж байна. Нэн тэргүүнд бөөр шилжүүлэн суулгаж байна. Монголд 2006 оноос хойш 199 хүнд бөөр шилжүүлсэн. Жилд 24 хүн хагалгаанд оруулдаг. Мөн гемодиализ, хэвлийн диализийн эмчилгээ хийж байна” гэв. Бөөр шилжүүлэн суулгахдаа амьд болон тархины үхэлтэй донороос эрхтнийг нь авдаг аж. Ах дүү нараас нь сонгон өрөөсөн бөөрийг нь авч өвчтөнд шилжүүлэхийг амьд донорын хагалгаа гэдэг. Тархины үхэлтэй донор гэдэг нь гэнэтийн ослоор нас барсан хэн нэгнээс эрхтнийг нь авч өвчтөнд шилжүүлэн суулгахыг хэлнэ. Гэвч манайхан бурхан болоочоо бүтэн оршуулахыг илүүд үзэж шарилд мэс хүргэхийг тэр бүр зөвшөөрдөггүй аж. Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр жилд 1000 хол илүү хүн зуурдаар хорвоог орхидог гэнэ. Тархины үхэлтэй донор олон гэсэн үг. Гэвч энэ жил тархины үхэлд орсон дөрвөн хүнийг л донор болгож, найман хүнд амьдрал бэлэглэжээ. Энэ хагалгаа Монголд үнэ төлбөргүй бол гадаадад энэ төрлийн мэс заслыг доод тал нь 150-200 сая төгрөгөөр хийдэг. Монголоос Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг орон руу явж бөөр шилжүүлэн суулгуулсан хүний тоо 200 орчим болжээ.
Бөөрний аппаратад орсон хамгийн эхний хүн 24 жил амьдарч байна. Энэ хүн УТНЭ-т 21 жил эмчлүүлсэн. Одоо Францад амьдарч буй. Энэ аппарат байгаагүй бол өвчтөн 24 жилийн өмнө нас барах байж. Гемодиализийн аппараттай 15 жил явсан Н-д энэ жил тохирох донор олджээ. Улмаар Н бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж 15 жилийн дараа эрүүл болж чадсан байна. Бөөрний донор тэр бүр олддоггүй, олдлоо ч эдийн шинжилгээ тохирохгүй бол хагалгаанд орж чаддаггүй ажээ. Тиймээс жилээс жилд бөөрний дутагдалд орсон хүний тоо өссөөр байна.