Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Туулаас бүтээгдэхүүний чихрийн агууламж, хор уршгийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хүний өдөрт авах ёстой чихрийн хэмжээ хэд байдаг бол?
-Тухайн хүний наснаас хамаарч өөр байдаг. Тухайлбал, ДЭМБ-аас 4-6 настай хүүхэд өдөрт 17, 6-10 настай бол 20, насанд хүрсэн хүн 25-30 гр чихэр хэрэглэхийг зөвлөдөг.
-Шинэ жилээр чихэрлэг бүтээгдэхүүнтэй бэлэг хүүхдүүдэд өгөх нь элбэг. Үүнд хэр их чихэр агуулагддагийг тооцдог уу?
-Шинэ жилийн бэлэг нь хэдэн төрлийн бүтээгдэхүүнтэйгээс хамаарч, 200-400 гр чихэр агуулсан байдаг. Жишээлбэл, нэг жигнэмэг 30 гр чихэр агуулдаг. Энэ нь насанд хүрсэн хүний бүтэн өдөрт авах чихрийн хэмжээтэй тэнцүү. Элсэн чихэр их илчлэг ялгаруулдаг учир нэг доор их хэмжээгээр хэрэглэх аюултай. Хүн олон төрлийн уураг, аминдэм агуулсан бүтээгдэхүүнээс илчлэгээ нөхөх ёстой. Хэрвээ нэг доор чихэр ихтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл хоолны дуршил буурдаг. Ингэснээр хэрэгтэй бусад шимт бодис болох уураг, эрдэс, өөх тосоо илчлэг болгон авч чаддаггүй. Байнга чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэвэл бие махбод шим тэжээлийн дуталдалд ордог. Мөн таргалах эрсдэлтэй. Учир нь чихэр их хэрэглэснээс илчлэг илүүдэж, бие махбодод өөх тос болж хуримтлагддаг. Энэ нь цаашлаад халдварт бус өвчний суурь болно.
-Чихрийн хувь хэмжээг хэрхэн анхаарч, эрүүл хүнс сонгох вэ?
-Эцэг, эхчүүд хүүхдэдээ бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний шошгон дээрх чихрийн хэмжээг анхаарах ёстой. Бүтээгдэхүүний шошгод шимт бодисын хэмжээг дурдсан байдаг. Тухайлбал, 100 гр хүнсэнд таван гр-аас бага чихэр агуулсан бол эрүүл, 5-10 гр байвал анхаарал татахуйц, түүнээс их бол эрүүл бус гэж үздэг. Тиймээс шошгыг нь харж, аль болох чихэр багатай бүтээгдэхүүн сонгохыг зөвлөе.
Бэлтгэсэн: Б.Уянга