ХСҮТ-д “Ногоон гэр” сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх төв нээлээ
Манай улс хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтаар дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдээд удсан. Жил бүр хавдрын 6000-7000 шинэ тохиолдол бүртгэгдэж, олонх нь өвчнийхөө хожуу шатанд оношлогддог нь дээрх үзүүлэлтийг нэмэхэд голлон нөлөөлсөөр байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаагаар, улсын хэмжээнд өдгөө хавдар судлаач эмчийн хяналтад 19 427 хүн эмчлүүлж байгаагийн 64.3 хувь нь эмэгтэй, үлдсэн эрэгтэй аж. Уг өвчин туссан хүмүүс хамгийн түрүүнд сэтгэл санааны гүн хямралд өртөж, шоокноосоо хэсэг гарч чаддаггүй гэдэг. Манайд тэдэнд зориулсан сэтгэл заслын эмчилгээ, үйлчилгээ саяхныг хүртэл байсангүй. Ингэж тодотгосны учир нь “JCI leader” салбар байгууллагынхны санаачилгаар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д “Ногоон гэр” сэтгэл зүйн төв байгуулсныг өнөөдөр нээж байна. Ямар үүрэг, ач холбогдолтой төв болохыг “Ногоон гэр” төслийн удирдагч, JCI leader” салбар байгууллагын гишүүн Б.Ундрахаас тодрууллаа.
-Өвдөж зовсон хүмүүст сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх “Ногоон гэр” төвийг нээж буйд эмч, үйлчлүүлэгчид ам сайтай байна. Төслийн санаагаа хэрхэн олов?
-Би сэтгүүлч мэргэжилтэй, тэр дундаа эрүүл мэндийн чиглэлээр мэдээ, мэдээлэл дагнан бэлтгэдэг. Салбарынхаа тулгамдсан асуудлыг гадарладгийн хувьд энэ төслийг олон хүний тусламж, дэмжлэгээр хэрэгжүүлэх болсон. Эрүүл мэндийн байгууллагууд сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг их, бага хэмжээгээр үзүүлж байгаа. Гэхдээ энэ чиглэлийн үйлчилгээг эрчимжүүлэх, илүү мэргэжлийн тал руу нь хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, энэ төвөөрөө дамжуулан салбарын хэмжээнд жишиг болгохыг уриалж байна. Сэтгэлийг эмнэхгүйгээр биеийг нь эдгээхэд хугацаа, хөрөнгө их шаарддаг гэдэг дээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон нь миний хувийн амьдралтай холбоотой. Хавдраар аав, ээж, хамаатан садан, ойр дотнынхноо алдаагүй хүн Монголд бараг алга. Би тэдний л нэг. Эцэг, эхээ энэ аймшигт өвчний улмаас алдахдаа ихийг бодож, тунгаасны эцэст өвдөж зовсон олон хүнд туслахаар шийдсэн. 2013 онд ээжийгээ гадаадад эмчлүүлж байхад тухайн улсын эмнэлгийнхэн өвчтөн болон асран хамгаалагчдын сэтгэл зүйд ихэд анхаардгийг харсан минь “Ногоон гэр” төв байгуулах үндэс болсон.
-Уг ажлын ард гарахад хөрөнгө, хүн хүч олох зэрэг олон бэрхшээл тулгарсан байх. Хэрхэн зохицуулсан бэ?
-Төслийн санаагаа гаргаад таван жил болсон гэхээр өнгөрсөн хугацаанд янз бүрийн л зүйлтэй нүүр тулжээ. Барилга байгууламж босгоно гэдэг их ярвигтай эд юм билээ. Олон янзын зөвшөөрөл авхаас эхлээд. Манай “JCI leader” байгууллагаас ТИКА-ийнханд санал тавьснаар бидэнд 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулж, барилга барихаас ашиглалтад оруулах хүртэлх бүхий л ажлыг гардан гүйцэтгэсэн. Үүнд дотор засал чимэглэл зэргийг бүрэн хариуцаж, орчин үеийн стандартад нийцүүлэн тохижуулж, үйлчилгээгээ эхлүүлэхэд бэлэн болголоо. Азаар, ХСҮТ-ийн хоёрдугаар давхрын дээврийн хэсэгт ашигладаггүй 200 ам метр хоосон талбай байсныг бид “Ногоон гэр” болгосон юм.
Өдөржин эмнэлгийн хана, тааз ширтэн хэвтэх нь өвчтөнүүдэд тийм ч таатай бус. Эмчилгээний бус цагаараа уужим саруул танхимд өвчнөө бага ч болов мартаж сатаарах, сэтгэлзүйчийн тусламжтайгаар олон шинэ зүйл хийж, турших нь эдгэрэхэд нь нэмэр болох нь дамжиггүй. Хавдраар өвчлөгсдийн олонх нь оношоо сонсоод л сэтгэлийн дарамтад ордог. Тэр тусмаа уг өвчний нийт тохиолдлын 70-85 хувь нь хожуу шатандаа оношлогдож буй өнөө цагт бидэнд сэтгэл зүйн дэмжлэг нэн шаардлагатай. Тиймээс хавдрын тусламж, үйлчилгээнд сэтгэл заслын эмчилгээг эхний ээлжид нэвтрүүлэх нь үр дүнтэй гэж үзсэн.
-“Ногоон гэр 2” төслийг удахгүй эхлүүлнэ гэж дууллаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү.
-Одоогоор бичиг баримтаа боловсруулах шатандаа л явж байна. “JCI leader” салбар байгууллагадаа 2017 онд гишүүнээр элссэн минь маш зөв алхам байсан. Энэ онд л гэхэд манай улсын нийгмийн салбарт есөн төсөл хэрэгжүүлсний нэг нь “Ногоон гэр” юм. Цаашид 2021-2023 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн хавдрын тасагт “Ногоон гэр 2” сэтгэл зүйн төв байгуулахаар төлөвлөсөн. Одоо ашиглалтад оруулж буй төвийн хувьд нэг доор 30-40 хүн хүлээн авах боломжтой, мэргэжлийн 3-5 сэтгэлзүйч энэ төрлийн тусламж, үйлчилгээг олон улсын стандартын дагуу үзүүлнэ. Эмчилгээний хөтөлбөрт нь манай сэтгэлзүйчдийн сэтгэл заслын олон арга багтсанаас гадна манай JCI байгууллагын “Positive mind” төслийн сургагч багш нар үйлчлүүлэгчдэд өвчнөө хэрхэн ялан дийлэх талаар урам зориг, итгэл найдвар төрүүлэх сургалтууд хийх юм. Би хэдийгээр төслийг санаачилсан ч JCI, ТИКА зэрэг байгууллагынхны хамтын хүчээр төслөө амжилттай хэрэгжүүллээ. Тэдэндээ талархсанаа илэрхийлж, цаашид олон ч ажлын ард хамтдаа гарна гэдэгтээ итгэлтэй байна.
Бэлтгэсэн: О.Оргилох