Иргэд амьд явах баталгаа “нэхээд” удлаа. Тэр дундаа нийслэлчүүд бидэнд эрүүл, аюулгүй орчинд аж төрөх тухай ойлголт устсан. Утаандаа ураг нь зулбаж, гэнэтийн осол, гэмт халдлагад иргэд нь өртөж, нялхас нь ханиад, хатгалгаандаа “бариулж”, хөгшин, залуугүй халдварт болон халдварт бус өвчний “үүр” болчихоод байгаа нь үнэн. 3.3 сая хүнтэй Монгол Улс хавдар, элэгний эмгэг, тархины харвалт, зүрхний шигдээс гээд цөөнгүй өвчний тархалт, нас баралтаараа дэлхийд “тэргүүлж” буй нь үүнийг батлах биз. Үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ гэж үү. Бидний туулсан, туулж буй эдгээр зовлон багадаагүй. Гэтэл “Толгой дээрээс хэзээ мод, чулуу, тоосго унаад ирэх бол”, “Ухсан нүхэнд ойччих вий”, “Угаартаад хэзээ ч сэрэхгүйгээр унтчихвал яана” гэхчлэн мөнхийн айдастай амьдрах нь бүр ч хөөрхийлөлтэй. Түгшүүр ингээд дуусахгүй гээд бод. Идэж, уухдаа хүртэл болгоомжтой, хянуур байхгүй бол хор “долоох” нь энүүхэнд болсны жишээг одоо сийрүүлье.
2016 оны дөрөвдүгээр сарын 25. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Нью свийт фүүдс” компанийн эклер нэрийн бүтээгдэхүүнээс 45 хүн хордож, 27 нь тухайн өдрөө ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Мэргэжлийн хяналтын болон бусад байгууллага тус компанийн бүтээгдэхүүнийг зах зээлээс татсан ч хордсон хүний тоо 145-д хүрснээр мөнгөн торгууль ногдуулж, үйл ажиллагааг нь зогсоов. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн нян судлалын шинжилгээгээр “Нью свийт фүүдс”-ийн эклерээс сальмонеллёз хэмээх ходоод, нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг цочмог халдварын нян илэрсэн юм.
2018 оны арванхоёрдугаар сарын 7. Хан-Уул дүүрэг дэх “Зайсан хилл” цогцолборын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эвэнт холл” ресторанд шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан нэгэн компанийн 300 гаруй ажилтны 101 нь хоолондоо хордож, 20 гаруй нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэв. Холбогдох байгууллагууд тус рестораны хоол, хүнснээс дээж авч, шалгахад мөн л сальмонеллёз хэмээх халдварын нян илэрснийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан. Уг нян нь сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, цөгийн тос, өндгөнд үрждэг бөгөөд усанд хоёр, тасалгааны тоосонцорт гурван сар, ялгадсанд 2-4, хөрсөнд 4-5 жил амьдардаг аж.
УЛС, НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ДЭГДСЭН ХООЛНЫ ХОРДЛОГО
2019 оны хоёрдугаар сарын 11. Хан-Уул дүүрэг дэх түргэн хоолны “Зайсан KFC” салбараар үйлчлүүлсэн хүмүүс хордож, эмнэлэгт ээлж, дараалан хэвтэв. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө гээд өвчлөгсдийн тоо 355-д хүрлээ. Мэргэжлийн хяналтынхан тус газрын үйл ажиллагааг зогсоож, шалгалт явуулахад ахуйн хэрэгцээнд ашигладаг худгийн уснаас нь цусан суулга өвчин үүсгэгч шегеллагийн нян, тахианы мах шардаг тосноос нь хавдар “ургуулдаг” бодис хүртэл илэрсэн байхад ажилтнууд нь сүүлдээ өвчтэй болж таараад, дуулиан шуугиан тэгсхийгээд намжив.
100-гаас дээш хүнийг хамарсан хоолны хордлогын жишээг цухас дурдахад иймэрхүү. 20, 30, 60, 70-аараа хордсон тохиолдол зөндөө бий. Нийслэлийн хэмжээнд гэхэд энэ оны эхний 11 сарын байдлаар 664 хүн хоолонд хордсоныг Эрүүл мэндийн газрынхны судалгаанаас харж болно. Энэ нь дээд зэрэглэлийн ресторан, Дэнжийн мянгын цайны газар ч бай хамаагүй, эрсдэл биднийг отож буйг илтгэнэ. Хүнсний аюулгүй байдал алдагдсан, хүн хүндээ итгэж “болохгүй” нийгэмд аж төрж буй учраас ядаж л хоол, хүнсэндээ өөрсдөө хяналт тавих боломжтой нь яамай. Гэхдээ муу хүмүүс хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он, сарыг хуурамчаар үйлдэх, муудаж, хуршсан хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийж зарсаар. Үүний уршгаар иргэд амь, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа нь даанч хайран.
2019 он гарснаас хойш улсын хэмжээнд 798 хүн хоол, хүнсний гаралтай нянгийн халдварт өртөж, хохирсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаанд дурджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 244-өөр олширсон үзүүлэлт болохыг инфографикаас харна уу. Нийслэлийн хэмжээнд хоолонд хордсон хүний тоо өмнөх жилийнхээс 391-ээр нэмэгдсэн байна лээ. Халдварт өвчний нийт тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 2045-аар нэмэгдсэн нь тэмбүү, хоолны хордлого, мөөгөнцөр, цусан суулга, салхинцэцэгийн тархалт газар авсантай холбоотойг судлаачид онцлов.
Зарим хүн хоолны хордлогыг нэг их тоодоггүй. “Ганц, хоёр гүйлгэж, бөөлжөөд л зүгээр болчихдог биз дээ” гэх мэтээр ярих нэгэнтэй бишгүй таарч байсан. Гэдэсний хурц болон архаг халдвар үүсгэгч сальмонеллёз, шегелла, и-коли, цитробактер зэрэг нь хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварлаж, үрждэг хөнөөлт нян, бактер аж. Эдгээрийг залгиснаар алсдаа ходоодны шарх, хавдар зэрэг олон өвчний шалтгаан болдгийг эмч нар хэлсэн. Хоолны хордлогын улмаас хүний амь эрсэдсэн тохиолдол ч энэ онд бүртгэгдсэн байна.
Судалгаануудаас харахад, хоолонд хордсон хүмүүсийн олонх нь 0-18 хүртэлх насныхан байна. Энэ онд гэхэд уг өвчинд өртөгсдийн 44.1 хувь нь 0-17, 37.8 хувь нь 18-39, үлдсэн 40-өөс дээш насныхан эзэлснийг судлаачид тэмдэглэжээ. Тодруулбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд 27 төрлийн халдварт өвчний 42 074 тохиолдол бүртгэгдсэний 24.3 хувийг гэдэснийх. Тэр дундаа цусан суулга, бактерийн гаралтай хүнс, хоолны хордлого өссөн үзүүлэлттэй гарч. Гэдэсний халдварт өвчний 61.2 хувийг цусан суулга, 5.4 хувийг бактерийн гаралтай хоолны хордлого, 3.2 хувийг сальмонеллёз, 1.9 хувийг суулгалт эзэлжээ. Энгийн гүйлгэлтээс бусад нь дээр дурдсанчлан хөнөөлт нянгийн гаралтай бөгөөд бага насныханд шингэн алдах, богино хугацаанд өвчин нь хүндэрч, шооконд оруулахаас өгсүүлээд аминд халтай аж.
Улсын хэмжээнд дэгдэж буй хоолны хордлогын 50-60 хувь нь нийслэлд бүртгэгддэг. Хүн ам шигүү суурьшсаны дээр нийслэлд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд цацсан будаа шиг олон. Уг нь өрсөлдөөний зарчмаараа бол үйлчилгээний чанараа сайжруулж, үнээ бууруулан, дүрэм журмаа ягштал баримталж байж зах зээлд “амьд” үлдмээр. Харин манайд эл “хууль” эсрэгээрээ үйлчилсэн хэвээр. Ялангуяа нийтийн хоолны газруудын үйлчилгээ авах юмгүй хэрнээ “хортой” хоолоо хүмүүст шахна. Хүний эрүүл мэнд, стандартад нийцсэн хоол хийх тухай ойлголт ресторан, цайны газруудад битгий хэл ерөнхий боловсролын сургууль, эмнэлгийн хоолны газрынханд л үйлчилж байвал их юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай, нийтийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хордлого гарахаас урьдчилан сэргийлж хяналт шалгалт тогтмол хийдэг. Ингэх тоолонд зөрчил, дутагдал нь багасдаг бол яая гэх сэн. Харамсалтай нь, шалгалт хийх бүрт хэрэг зөрчил хэдэн зуу, мянгаараа тоологдох нь бий.
Манай төрийн байгууллагынхан төлөвлөгөөт шалгалтаас гадна олныг хамарсан хоолны хордлого гарсан тохиолдолд л тухайн аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг шалгадаг. Зөрчил илэрснийх нь хаалгыг сүр дуулиантай “барьдаг” ч төд удалгүй л нээчихнэ. 200-300 хүнийг хордуулсан компанийг 2-3 сая төгрөгөөр торгосон болоод өнгөрвөл “хүнд” шийтгэлдээ орчихно. Торгох, шийтгэх ч яах вэ, хамгийн гол нь энэ бүхний эцэст иргэд хохирч, архаг өвчний сууриа “тавиулаад” хоцорч буй нь харамсалтай. Сүүлийн 10 жилд бүртгэгдсэн бактерийн гаралтай хоолны хордлогын тохиолдлыг харьцуулахад 2008, 2012 онд хамгийн олон хүн өвчилжээ. Гэхдээ 2019 оныхыг гүйцэхгүй.
Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартуудыг энэ онд шинэчилсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс улс даяар мөрдөж байх учиртай. Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5021-1:2005, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын MNS4946:2019”, 6777: 2019 зэрэг стандартыг аж ахуйн нэгжүүд хэрэв мөрдөж байгаа бол бид ая тухтай орчинд тухалж, эрэлт, хэрэгцээгээ бүрэн хангуулан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ авч, хоол, хүнснээс хордохгүйгээр аюулгүй, айдасгүй амьдарч байх байлаа.