Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт байрлах TTJVCO компанийн 10 ажилтан энэ сарын 13-нд хоолноос хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй Сум дундын эмнэлэгт ханджээ. TTJVCO нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн туслан гүйцэтгэгч юм. Тус компанийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвдсөн гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын болон Эрүүл мэндийн газраас баг томилогдон газар дээр нь шуурхай арга хэмжээ авсан байна. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас мэргэжил, арга зүйгээр тогтмол ханган ажиллаж байгаа бөгөөд хордлогот халдвар гарсан хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, ундны ус, хоолноос дээж авч, МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шилжүүлэхээр өгчээ.
Мөн малын гаралтай найман төрлийн бүтээгдэхүүний дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлсэн гэнэ. Хордлогот халдварт өртсөн 12 өвчтөн, сэжигтэй тохиолдлын есөн хүн, гал тогооны 15 ажилчнаас шинжилгээ авч аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нян судлалын лабораторид хүргүүлэн шинжилж байна. Хэвтэн эмчлүүлж буй 12 өвчтөн, өвчний сэжиг бүхий тусгаарласан есөн хүний эмчилгээ оношилгоо, тусламж, үйлчилгээ, эмнэлгийн халдвар хамгааллын байдалд хяналт тавьж, “Эрдэнэс Тавантолгой”, TTJVCO, IDMN компанийн эмч, эрүүл ахуйч нарт мэдээлэл өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг зөвлөв.
Бэлтгэсэн: М.Оч