Ханиад, томууны улирлаар эмнэлгүүдийн ор хүрэлцэхээ байж, эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хонгил, шалаар зулдаг нь хэвийн үзэгдэл болсон. Үнэндээ өнөөдрийг хүртэл нийтээрээ л амьсгалын замын халдвар дэгдэхэд сая нэг хэвтэн эмчлүүлэх ор цөөнийг гайхаж, шүүмжилдэг болохоос бусад үед ямар байдгийг тэр бүр авч хэлэлцдэггүй. Мэдээж халдварт өвчин дэгдэх, нийтийг хамарсан хордлого, осол, гэмтэл гарсан тохиолдолд барьц алдахгүй байх нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын чадавх, дотоод зохион байгуулалтын асуудал. Эдгээрээс хамгийн чухал нь энгийн үед өвчтөнүүдэд эмнэлгийн ор хүрэлцдэг, эсэх, тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахуйц тусламж, үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй хүргэж байна уу гэдэг асуудал өдгөө тулгамдаад буй.
Жилийн намар, өвөл, хаврыг ханиад, томуунаас өөр өвчингүй мэтээр “дэмий” шахам өнгөрүүлдгээ одоо болих хэрэгтэй. Цаана нь өвдөж хавдсан өчнөөн мянган хүн эмнэлгийн ор сулрахыг хүлээн, шар нар, бор хоногуудыг аргацааж байна. Хамгийн сонин нь ор хүрэлцэхгүйдээ иргэд ингэж хүлээгээд байгаа юм биш. Үүнийг нотлох олон ч баримт оллоо. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалснаар, улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар эмнэлгийн орны тоо 24 884-т хүрчээ. Үүнээс 16 000 орчим нь улсын эмнэлгийнх. 10 000 хүнд ногдох эмнэлгийн орны тоо 78.8 болж, 2017 оныхоос 1.7-гоор нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлтээрээ бид хөгжиж буй орнуудынхаа дунд эхний байруудад, зарим хөгжингүй улсаас ч олон ортойд тооцогджээ.
Гэтэл хэвтэн эмчлүүлэгчдийн дараалал II, III шатлалын эмнэлгүүдэд харилцан адилгүй ч 2-14 хоног, цөөнгүй тохиолдолд иргэд сар шахам хүлээж, эмнэлгийн бараа харж байх. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн эл шалтгааныг тодруулахдаа 473 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, судалсан юм билээ. Тэгэхэд эмнэлгүүд нийт үйлчлүүлэгчийнхээ 79.9 хувьд нь дараалал олгож, шаардлагатай үед нь хэвтүүлээгүй байж. Иргэдийг тодорхой хугацаанд хүлээлгэж, хэвтүүлсэн эмнэлгүүдийн олонх нь тусгай мэргэжлийн төв болон III шатлалынхан. Тэд үйлчлүүлэгчдийнхээ 32-77 хүртэлх хувьд нь дугаар олгожээ. Тодруулбал, эмчлүүлэгчдийн 30.7 хувь нь 2-4, 9.9 хувь нь 5-7, 15.4 хувь нь 7-14 хоног ба түүнээс олон хоногоор ор хүлээсэн бол үлдсэн нь тухайн өдрөө эм, тариатайгаа залгажээ. Зарим нь олгогдсон дарааллынхаа дагуу ч эмнэлэгт хэвтэж чаддаггүй бөгөөд олонхыг нь ор сулраагүй гэсэн шалтгаанаар хойшлуулдаг гэнэ.
Гурван сая гаруй хүнтэй Монгол Улсын 10 000 хүн тутмынх нь 78.8-д нь эмнэлгийн нэг ор ногдож байхад зардал, чирэгдэл буурахгүй, олон нийтийг энэ мэт бухимдуулсан хэвээр. Үүнийг нэг талаар хүн амын эрүүл мэнд доройтож, өвчлөл ихэссэнтэй холбон тайлбарлах ч нөгөөтээгүүр, эмнэлэгт шаардлагагүй хэвтэх тохиолдол буурахгүй байгааг судлаачид онцолсон. Өөрөөр хэлбэл, салбарын эдийн засгийн нэлээд хувийг үр ашиггүй салхинд хийсгэдэг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг цөөлөхийг өдгөө дэлхий нийтээр чухалчилж байна. Аль болох богино хугацаанд үр дүнгээ өгдөг эмчилгээний технологи нэвтрүүлэх замаар өдрийн тусламж, үйлчилгээ, мэс заслыг өргөжүүлэх бодлого барьж буй. Харин манайхан зүгээр шахам хэрнээ л жил бүр “шингэн сэлбүүлнэ” гээд өвчтөнүүдийн орыг таглаад хэвтчихдэгийг эмч нар шүүмжилсэн. Олонх нь даатгалаараа түрээ барьж, “хур” ядаргаагаа тайлдаг байна.
Улаанбаатар хотын эмнэлгийн сүлжээний бүтэц, зохион байгуулалт нь анхнаасаа буруу явж ирснийг олон ч судлаач шүүмжилдэг. Үүний гайгаар иргэд өдгөө улсын эмнэлгээр үйлчлүүлэхээс ч “яс нь хавталздаг” болсон. Улсын хэмжээнд өдгөө эрүүл мэндийн 4300 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. II, III шатлалын эмнэлгүүд нь хүн амын тоотой харьцуулахад олон улсын дунджаас 3-5 дахин олон. Гэтэл иргэдэд хамгийн ойр, түргэн шуурхай үйлчлэх ёстой анхан шатны эрүүл мэндийн байгууллагынх нь тоо дэлхийн дунджаас хоёр дахин бага. Энэ нь ортой эмнэлгүүд анхан шатны тусламжийг, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг III шатлалыхан гүйцэтгэх тэргүүн шалтгаан болсоор. Эдгээрээс болж л нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээ авах ёстой зорилтот бүлгийнхэн ор хүлээж, олон хоног дугаарлаж байгаа.
Манай улсын даатгалын тогтолцоо эв санааны зарчимтай. Залуус нь ажил хийж, настнуудынхаа тэтгэврийн мөнгийг бүрдүүлж, эрүүл нь өвчтэйнхөө эмчилгээний зардлыг төлдөг. Тэр хэрээр даатгалд цуглардаг мөнгө бидэнд үнэ цэнтэй. Харамсалтай нь, салбарын яам, холбогдох бусад албаныхан татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах арга ухаанаа одоо болтол олохгүй л байх шиг. Ханиад, томууны улирлаар эмнэлгүүдийнхээ хэдэн орыг нааш, цааш нь зөөснөө хүнд үеийг бодлогоор зохицуулж, давлаа гэх нь холгүй сайрхдаг улс шүү дээ.
Хэвтэн эмчлүүлэх эмчилгээний зардлыг танаж, амбулаторийн үйлчилгээндээ ач холбогдол өгөх нь салбарын эдийн засагт ашигтайг олон ч улсын жишээ харуулсаар буй. Хэвтүүлэн эмчлэх тогтолцоог хэт шүтэх нь алсдаа хортой тул шатлал тус бүрт үзүүлэх тусламж, үйлчилгээний багцыг тодорхой болгож, төрөлжүүлэх нь өнөөгийн нөхцөлд зөв гарц гэлцэх.
Бэлтгэсэн: О.Бат-Ундрах
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Эмнэлгүүдийн ачаалал, орны хүрэлцээ ямар байгааг сурвалжиллаа. Томуу, томуу төст өвчин ихэссэн тул гадуур хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулсан бичиг дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-үүдэд хадаастай байна. Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийг зорилоо. Тус дүүрэг 160 гаруй мянган хүн амтай, 16 ӨЭМТ-тэй аж. Эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт очиход угтагч нь ямар хэргээр явж буйг асууж, чиглэл өглөө. Үүдний хэсэгт хоёр хүүхэд ээж, аавын хамт, гурван өндөр настан сууж байв. Хэвтэх бичигтэй, татсан, хүнд хэлбэрийн амьсгалын дутмагшилтай, ухаан алдсан, өндөр халуурсан, эмд хордсон зэрэг шалтгаантай иргэд болон хоёр сар хүртэлх нярайг ажлын цагаар яаралтай тусламжийн хэсгээр хүлээн авна гэсэн анхааруулах бичгийг эмнэлгийн хананд наажээ. Бусад тохиолдолд ӨЭМТ болон дүүргийн хүүхдийн амбулаториор үйлчлүүлэх ёстой гэнэ. Иргэн Ө “Би таван настай охиноо үзүүлэхээр ирсэн. Харьяа ӨЭМТ-д үзүүлтэл, хэвтэх бичиг өгсөн. Энд иртэл эмч үзээд хэвтүүлэх, эсэхээ шийднэ гэсэн” хэмээв. Удалгүй түүний эхнэр, хүүхэд нь ирж, охиноо эмнэлэгт хэвтүүлэх болсныг хэлэв. Мөн 52 настай иргэн “Миний зүрх өвддөг. ӨЭМТ-өөс дүүргийн зүрхний эмчид үзүүлэх бичиг өгсөн. Үзүүлж байгаад хэвтэх, эсэхээ шийднэ. Гэхдээ надад эмнэлэгт хэвтэх зав байхгүй учир гэрээр эмчлүүлнэ” гэж угтах хэсгийн ажилтанд учирлалаа.
275 ХҮҮХЭД ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
Үргэлж ачаалалтай ажилладаг Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Тус дүүргийн шинэ жишиг эмнэлгийг ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад оруулах гэнэ. Үүнд хүүхэд, гэмтэл, эмэгтэйчүүд, уламжлалт эмчилгээ, дотор, мэдрэл, мэс засал зэрэг долоогоос дээш төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн аж. Уг Хүүхдийн нэгдсэн эмнэлэг 165 ортой бөгөөд дүүргийн хэмжээнд 113 мянган хүүхдэд үйлчилдэг юм байна. Эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн “Сүүлийн жилүүдэд хүн ам олширсон учир хүүхдийн ор хүрэлцэхээ больсон. Томуу, томуу төст өвчин ихэсдэг хүйтний улиралд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Тухайлбал, манай дүүрэгт Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл болон шинэ жишиг эмнэлэг барьж буй. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдүгээр амбулаторийн байрыг чөлөөлж, 110 ор нэмсэн. Манайд ажилчдын амрах байр, чийрэгжүүлэлтийн өрөөг чөлөөлснөөр одоо 300 ор бэлэн байна. Өнөөдрийн байдлаар (уржигдар) 275 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй. Хэрвээ цаашид нөхцөл байдал хүндэрвэл хувийн томоохон эмнэлгүүдтэй хамтран, нэмж ор гаргана” хэмээв. Тус эмнэлгийнхэн урьд нь 165 ортойгоор 80 мянга орчим хүүхдэд үйлчилдэг байсан гэнэ.
Үүнээс гадна томуугийн олон төрлийн вирусэнд үйлчлэх вакцинд дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдийн 25 хувийг хамруулжээ. Тэд өвчлөмтгий, эрсдэлт бүлгийн хүүхэд аж. “Энэ жил хүүхдүүд томуугийн орото, адино, рино гэх вирусээр түлхүү өвчилж байна. Цаашид 4-5 дугаар сар хүртэл өвчлөл үргэлжлэх байх. Гэхдээ манайд эм, тарианы нөөц хангалттай бий” гэж эмнэлгийн дарга онцоллоо. Тус эмнэлэгт ажлын бус цагаар ачаалал ихэсдэг байна. Тодруулбал, амралтын өдрүүдэд ӨЭМТ ажилладаггүй учир зарим тохиолдолд хоногт 300 орчим хүүхэд ирдэг аж. Тиймээс ӨЭМТ- үүд амралтын өдрүүдэд тодорхой цагаар ажиллаж, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ачааллыг хөнгөлөх хэрэгтэй гэсэн хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд хүргүүлжээ. Түүнчлэн ирсэн хүүхдүүдийн 25-30 хувийг хэвтэн эмчлүүлж, үлдсэнд нь зөвлөгөө өгч, буцаадаг байна.
“СУРАГЧИД АМРАХААР ТОМУУ ИХЭСДЭГ”
Чингэлтэй дүүргийн I хорооны “Мэндцолмон” ӨЭМТ-ийг зорилоо. Тус эмнэлгийн барилгыг засаж байгаа тул эмч нь III хорооны ӨЭМТ дээр эмч нь ажиллаж, хорооныхоо иргэдэд үйлчилж буй аж. Чингэлтэй дүүргийн I хорооны ӨЭМТ-ийн их эмч Б.Цэдэн-Иш “Ачаалал харьцангуй бага байна. Манайх харьяа тав, 19, 33, 70 дугаар цэцэрлэгийн бүх хүүхдийг дархлаажуулалтад хамруулсан. Энэ нь томуу, томуу төст өвчлөл буурахад нөлөөлсөн байх. Гэхдээ удахгүй сурагчдын амралт эхэлнэ. Энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ гадуур дагуулж явснаас үүдэж, томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг. Тухайлбал, өнгөрсөн жил он гарсны дараахан буюу сурагчдын амралт дуусахтай зэрэгцэн ачаалал эрс нэмэгдсэн. Одоогоор өдөрт нэг эмч ойролцоогоор 30-35 иргэнд үйлчилж байна” хэмээв. Үүнээс гадна сарын эхэн буюу өндөр настнууд хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх үеэр ачаалал ихэсдэг гэнэ.
Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны “Энх-Элбэрэл” ӨЭМТ-ийн ачаалал ихэсжээ. Өнгөрсөн даваа гаргаас томуугаар өвчлөгсдийн тоо нэмэгдсэнийг тус төвийн дарга Ч.Өнөрсайхан хэллээ. Тэрбээр “Өвчлөл хүнд, хөнгөн, эсэхээс хамаарч дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулахаа шийддэг. Өвчлөл ихэссэнээс хойш нэг эмч өдөрт 60-70 хүн үзэж байна. Тиймээс С аминдэм ихтэй жимс, ногоо хэрэглэх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, хангалттай унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, гараа сайтар угаах хэрэгтэй. Энэ жил Эрүүл мэндийн яамнаас дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд ор нэмж байрлуулсан байна лээ” хэмээв.
ӨЭМТ, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдүүд, өндөр настнууд голчлон үйлчлүүлдэг байна. Түүнчлэн хүүхдүүдийн дийлэнх нь томуу, томуу төст өвчнөөр өвчилж буй аж.
Бэлтгэсэн: Б.Уянга
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Улсын эмнэлгийн ор хүрэлцээтэй байна уу?
Ч.БАТСАЙХАН (Орхон аймгийн Баян- Өндөр сумын IV хорооны иргэн):
-Би “Эрдэнэт үйлдвэр”- т ажилладаг. Манайх үйлдвэрийн ажилчдад зориулсан эмнэлэгтэй. Ор нь хангалттай хүрэлцдэг. Харин улсын эмнэлгүүдийн орны хүртээмж муу. Найзын минь дүү амаржих дөхөөд ЭХЭМҮТ-д хандахад ор хүрэлцээгүй гээд нэлээд хугацааны дараа хэвтсэн юм. Бас орны хүртээмж муугаас болж хүмүүс эмнэлгийн хонгилд хонож байгаа тухай мэдээлэл зурагтаар гардаг шүү дээ.
И.ЦЭРЭНХАНД (Сонгинохайрхан дүүргийн XXVIII хорооны иргэн):
-Улсын эмнэлгийн орны хүртээмж муу гэдэгтэй санал нэг байдаг. Би тэтгэврийн хүн. Хувийн эмнэлгийн төлбөр өндөр болохоор хэчнээн хүлээсэн ч улсын эмнэлгийг л зорьдог. Жилд нэг удаа 7-10 хоног хэвтчихээд гардаг. Тодорхой хугацаанд хүлээж байж үйлчлүүлдэг. Гар утасны дугаар авч үлдэж байгаад сул ор гарлаа гээд залгаж хэлсэн тохиолдол ч бий. Ер нь л улсын эмнэлгүүд боломжоороо л иргэдэд үйлчлэхийг хичээдэг юм шиг санагддаг.
Т.ЭНЭБИШ (Баянгол дүүргийн X хорооны иргэн):
-Жилийн аль ч үед улсын эмнэлгийн ор хүртээмжгүй байдаг. Гэхдээ энэ нь эмнэлгийнхний буруу биш. Иргэд өвчнөө хүндрүүлсний дараа л эмнэлэгт ханддаг. Үүнээс гадна дэмий шахуу эмнэлэгт хэвтэн ор эзэлж үйлчилгээ авдаг хандлага дэлгэрчихэж. Яах аргагүй өвчтэй бол хэвтэх хэрэгтэй. Гэтэл багахан сульдсан, ядарсан үедээ дусал залгуулна гээд л эмнэлгийн ор эзэлчихдэг хүмүүс байх юм. Бас иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагдахгүй байгаагаас архаг өвчтэй болох нь түгээмэл. Даралтаа шалгуулахгүй явсаар гэнэт л зүрхний шигдээстэй болох тохиолдол цөөнгүй.
Б.ЧИМГЭЭ (Баянгол дүүргийн XVI хорооны өндөр настан):
-Цөөндөө л 20 хонож байж улсын эмнэлгээр үйлчлүүлж чаддаг. Өрхийн эмнэлгээс заавар авч, ихэнхдээ л гэртээ эм, тариа, дусал хийлгэж байна. Эмнэлэгт хэвтэх гэж цаг авсан ч ор байхгүй гэж буцаасан тохиолдол олон. Мөнгө өгч дараалалгүй үйлчлүүлж болдог гэсэн. Гэхдээ тэтгэврийн надад ямар мөнгө байх билээ. Дарааллаа хүлээж байгаад л үйлчлүүлнэ. Эмнэлэг нэмж бариад буй ч зохион байгуулалт муутайгаас болж нэмэр болохгүй юм. Социализмын үед эмнэлгээс зугтдаг л байлаа. Нас явахын хэрээр өвчинд баригдсан над шиг хүмүүс эмнэлгээс л хараат болчих юм даа.
Б.ДАВААСАМБУУ (Чингэлтэй дүүргийн XVII хорооны өндөр настан):
-Улсын эмнэлгээр үйлчлүүлэх маш төвөгтэй. Өрхийн эрүүл мэндийн төвөөс хэвтэх бичиг авна. Түүнийгээ дүүргийн Эрүүл мэндийн төвд аваачиж баталгаажуулна. Дараа нь эмнэлэгтээ хандана. Ийм явдал чирэгдэл болж арай гэж хэвтэх эмнэлэгтээ очиход ор байхгүй гээд буцаах нь олон. Хамгийн ойрхондоо сар гаруйн дараа л дуудна. Би нурууны өвчтэй хүн. Дүүргийнхээ Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасагт хэвтдэг. Уг тасагт нэг удаад найман хүн эмчлүүлэх боломжтой хоёр өрөө л байдаг. Саяхан хуваарь ёсоор хэвтэх гээд очтол томуу, томуу төст өвчин ихэссэн, ор байхгүй гээд явууллаа. Хувийн эмнэлгийн үйлчилгээний үнийг дийлэхгүй юм. Нэг өдөр хэвтэхэд л 60 000-70 000 төгрөг болдог. Гэтэл миний тэтгэвэр сард 300 000 төгрөг. Хэдийг нь хоол хүнс, түлш, хэрэглээндээ зарцуулах билээ. Зурагтаар эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна гэсэн мэдээ байнга л гарах юм. Даанч сайжирсан зүйл алга.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Эмнэлэгт нас барагсдын тоо 16.1 хувиар өсжээ
ОХУ-д сүүлийн таван жилд эмнэлэгт нас барагсдын тоо 16.1 хувиар өссөнийг ЭМЯ нь эмнэлгийн тусламжийн хүртээмж буурсан, эмнэлгийн ор цөөрсөөр байгаатай шууд холбоотой гэж үзжээ. Бие даасан хяналтын “Эрүүл мэнд” сангийн захирал Эдуард Гавриловын хэлснээр хэвтэж эмчлүүлэгчдийн тоо буурсан нь оросууд тийм үйлчилгээ бага шаардагдах болсон, анхан шатны үйлчилгээ сайжирсан, эмнэлгийн тусламжийн хүртээмж буурсан гэсэн үг биш. Эмнэлэгт нас барагсдын тоо өссөн нь өвчин нь хүндэрсэн, эсвэл өндөр настай хүн хэвтдэгтэй холбон тайлбарлаж болохгүй. Харин энэ нь эмнэлгийн тусламжийн хүртээмж муу, эмнэлгийн тусламжид цаг алдсан хойноо ханддагтай ихэвчлэн холбоотой байдаг. 2013 оноос ОХУ зардал хэмнэх үүднээс эмнэлгийн орны сан, хэвтэж эмчлүүлэх зардал, амбулаторийн тусламжийн хэмжээг эрс багасгаснаар нас барагсдын тоо нэмэгдсэн аж.
Өвчтөнийг хэвтүүлж эмчлэхээс зайлсхийж, амбулаторийн аргаар тусламж үзүүлэх боломжийг эм зүй, эмнэлгийн технологийн хөгжил олгож байна гэсэн тайлбарыг тус улсын ЭМЯ-наас өгчээ. Энэ нь орны тоо цөөлөх шалтгаан болсон аж.
Гэхдээ өдгөө эмнэлгийн орны сангаа багасгах хандлага газар авчээ. Энэ нэг талаар эдийн засгийн хүндрэлтэй холбоотой. Тухайлбал, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд, тэр дундаа Кавказ, Дундад Азийн улсуудад орны тоо цөөрчээ. Мөн хөгжингүй орон болох Финланд, Швед эмнэлгийн ороо 50 хүртэл хувиар цөөрүүлсэн байна. Баруун Европын бусад улсад уг үзүүлэлт 10-20 хувьтай байна. Данийн 110 ортой төрөх эмнэлэгт эх төрснөөс хойш 4-6 цаг, мэс заслын аргаар төрсөн нь гурав хоноод гардаг. Ийн эмнэлгийн орны зардлыг бууруулсан нь халдвар үүсэх эрсдэлээс сэргийлдэг гэнэ. Ороо дагаад эмнэлгийн ажилтны тоо цөөрч, өрсөлдөөнөөр шалгарч үлдсэнийх нь цалин нэмэгдэж, нэр хүнд нь өснө гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Нөгөөтээгүүр, эмнэлгийн ажилтнуудын ачаалал нэмэгдэж, үйлчилгээний чанар муудахад хүргэж байна гэсэн дүгнэлтийг тус салбарынхан хийжээ.
Канадад эмнэлгийн орны тоо ердөө 10 хувиар цөөрч, тусламжийн хүртээмж буураагүй, амбулаторийн мэс заслын тоо нэмэгдэж, хэвтэж эмчлүүлэх хугацаа богиноссон гэсэн. Ингэснээр эмнэлгийн тусламжийн чанар (эмнэлэгт хэвтсэнээс хойш гурван сарын доторх нас баралтын үзүүлэлт), цаг бус нас баралтаар хэмждэг хүн амын эрүүл мэндийн байдал буураагүй байна. Эмнэлгийн ор цөөлөх хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлсэн Британид сөрөг нөлөө хурцаар илэрч, ялангуяа өвлийн ханиад, томууны үеэр ихээхэн хүндрэлтэй тулгарсан аж. Өнөөдөр болж буй сонгуулийн мөрийн хөтөлбөрт нь ч төсвийнхөө чадлаас хэтэрсэн олон эмнэлэг байгуулах, эмнэлгийн ажилтнууд олноор нь ажлын байраар хангахаар тусгажээ.
Хүн амыг эмнэлгийн ороор хангах олон улсын норм гэж байдаггүй. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээс үзвэл 10 мянган хүнд эмнэлгийн 139 ор ногддог гэсэн үзүүлэлтээр Япон Улс дэлхийд тэргүүлдэг гэнэ. Тус улсын дараа БНАСАУ (132), Беларусь (112) оржээ. Мөн Европын бүс нутагт 10 мянган хүнд 69, Африкт 10 эмнэлгийн ор ногддог гэсэн статистик байдаг аж.
Бэлтгэсэн: З.Гал