-Цуврал ¹ 4: MRI, CT аппарат засдаг инженер Монголд алга-
Эрүүл мэндийн байгууллагууд судас олдоггүй сувилагч, оношоо мэддэггүй эмч, энэрэх сэтгэлгүй эх баригч, зургаа таньдаггүй рентгенч, шинжилгээгээ уншиж чаддаггүй лаборантаар “хахаж” байна гэвэл үгүй гээд хэлчих хүн хэд бол. Амаржихаар очсон эхийг “Төрөх болоогүй байна” гэж буцаасаар хэчнээн гэр бүлийг өнчрүүлэв. Дөнгөж төрсөн нярайг халуун усанд түлж, газар унаган тахир дутуу болгосон нь нэг биш. Эх, хүүхдийг хоёуланг нь, эсвэл хэн нэгнийг нь хохироож байж “санаа нь амардаг” аймшигт нийгэмд бид аж төрөх боллоо. Даралт нь ихсэж, зүрх нь дэлссэн эцгийгээ үүрээд очсон нэгнийг “Манай харьяаных биш, үзэхгүй” гэж хөөж туусаар хоёр эмнэлгийн хооронд нүд аниулсан гэх явдлыг иргэд мартаагүй. Улаан бурхан, менингитийн тууралтыг ялгахгүй мэдрэлийн эмчээс болж хүний амь хохирох шахсан нь саяхан. Халуун бууруулах тариа хийж чадахгүй сувилагчаас болж нэг нас ч хүрээгүй бяцхан амь тасрах шахлаа.
Эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, сэтгэл, харилцаа, хандлага ингэтлээ уруудах болсон шалтгааныг “Өнөөдөр” сонин тодруулж, анагаахын чиглэлээр боловсон хүчин бэлддэг сургуулиудын сургалтын чанарын асуудлыг цувралаар хөндөж буй билээ. Энэ удаад бид эмнэлгийн инженер, техникчдийн хүрэлцээ, мэдлэг, ур чадвар, мэргэжилтнүүдийг хэрхэн бэлдэж байгааг тодрууллаа. Эмч хэдий чадвартай байгаад тоног төхөөрөмжгүй бол гар мухар. Тэр тусмаа мэдээлэл технологийн эл эринд тусламж, үйлчилгээний салшгүй хэсэг, зүрх нь “эмч машинууд” болоод буй. Таатай мэдээ нь гэвэл манай улс жил ирэх тусам эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээ шинэчилж, сүүлийн үеийн дэвшилтэт аппаратуудаар хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудыг хангаж байна. Салбарын тухайн жилийн хөрөнгийн нийт зардлын дунджаар 20-40 хувийг “эмч роботууд” худалдан авахад зарцуулдаг нь үүнийг гэрчлэх биз ээ.
Харамсалтай нь, бас таагүй мэдээтэй. Өчнөөн тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг арчилж торддог, засвар, үйлчилгээг нь хариуцдаг инженер, техникчдийн хүрэлцээ улсын хэмжээнд хангалтгүй хэвээр. Байгаа хэдийнх нь мэдлэг, ур чадвар муу, тэднийг нарийн мэргэшүүлэх ажил огт хийдэггүй гэж хэлэхгүй ч өнөөдрийн хэрэгцээг хангах хэмжээнд хүрэхгүйг судалгааны олон баримт нотолно. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний 2018 оны судалгаагаар, ЭМЯ-ны харьяа томоохон эмнэлэг, тусгай мэргэжлийн 15 төвийн долоо нь л инженер, техникийн албатай. СЭМҮТ, Эмгэг судлалын үндэсний төв, АӨСҮТ, Герентологийн төв, ЦССҮТ тоног төхөөрөмжийн инженергүй. Үүн дээр нэмээд ЗӨСҮТ, НЭМҮТ, Хүүхдийн төв сувилал техникчгүй байжээ. Гэтэл эдгээр эмнэлэгт нэгэнд нь л гэхэд дунджаар 8-300 гаруй нэр, төрлийн 25-1000 орчим тоног төхөөрөмж байдаг аж. Өөрөөр хэлбэл, “эмч машинууд” нь эзэнгүй мал шиг, эвдэрсэн ч бусдын гар харж хугацаа алддаг гэнэ. Эрүүл мэндийн сайдын 439 дүгээр тушаалаар 100 тоног төхөөрөмж тутамд нэг инженер, нэр төрөл нь олон бол хоёр, гурван инженер тутамд нэг техникч байх ёстой гэж заасан ч одоогийн байдлаар эл стандартыг хангасан эрүүл мэндийн байгууллага алга.
Өдгөө улсын хэмжээний эмнэлгүүдэд нэг инженерт ногдох тоног төхөөрөмжийн тоо 100-1100-д хүрээд байна. Дунджилж үзвэл, нэг инженерт 220 ширхэг техник, хэрэгсэл ногдож байгааг дээрх төвийнхний судалгаагаар нотолж болно. Энэ нь өндөр өртөгтэй “эмч машинуудыг” хэвийн ажиллуулахад хүндрэл учирч, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цаашлаад төсвийн мөнгийг үр ашиггүй салхинд хийсгэх хорон үр дагавартай. Нийслэлийн харьяаны эрүүл мэндийн 21 байгууллагын найм нь инженер, техникийн албатай, тав нь инженергүй, 10 нь техникчгүй. Уг үзүүлэлт нь 329 тоног төхөөрөмж тутамд нэг инженер ногдож буйг илтгэх баримт юм. Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад ч ялгаагүй, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, хуваарилах, ашиглалт, аюулгүй байдлыг хариуцах, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, засвар үйлчилгээ хийх мэргэжлийн баг дутагдалтай. Ийм боловсон хүчингүй аймаг цөөнгүй, сумын эмнэлгүүд инженер, техникч “мөрөөдөх” ч хэрэггүй аж. Зарим эмнэлгийнхэн аргаа барахдаа тоног төхөөрөмжүүдээ эм зүйч, санхүүгийн болон мэдээллийн технологийн мэргэжилтэй, нягтлан бодогч, нярав зэрэг хөндлөнгийн хүмүүст даатгасан жишээ олон байгаа нь судалгаагаар илэрчээ.
Төрөөс эмнэлгийн инженер, техникчдийг бодлогоор сургадаггүй, хариуцсан яам нь ч тэднийг мэргэшүүлэх дорвитой ажил хийдэггүйгээс өнөөдөр эмнэлгүүдэд гэмтэлтэй, баталгаажуулах шаардлагатай өчнөөн тоног төхөөрөмж тоосонд дарагдан хэвтэж байна. Өнгөрсөн оны судалгаагаар, томоохон эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд гэхэд 105 нэр, төрлийн, 400 орчим “эмч машин” эвдэрсэн, 1700 гаруй тоног төхөөрөмжийг баталгаажуулах шаардлагатай гэж үзжээ. Нөгөөтээгүүр, эрх баригчид эмнэлгийн тоног төхөөрөмж авч өгсөн л бол бусад нь хамаагүй гэж боддог юм уу. Техник, төхөөрөмжүүдийн дагалдах хэрэгсэл, хугацаат сэлбэг, урвалж бодис, засвар, үйлчилгээнийх нь зардлыг жил бүр дутаадгаас олон зуун “эмч роботыг” тусламж, үйлчилгээнд ашиглаж чадахгүй, хонгилдоо хурааж байгаа нь харамсалтай.
Улсын хэмжээний нэгдсэн тооллогоор, төрийн өмчийн бүх эмнэлэгт 20 гаруй мянган тоног төхөөрөмж ашиглаж байгаа аж. Гэтэл өнгөрсөн оны судалгаанаас харахад, инженер, техникч нь нийлээд 200 ч хүрэхгүй гээд бод. Энэ бол улсын бодлогын урвуу хамаарлыг харуулсан нэг тод жишээ. Томоохон эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд 2790 нэр, төрлийн 8600 гаруй 152.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжтэй, 40 хүрэхгүй инженертэй л байж. Аппаратуудынх нь нийт санхүүжилтийн 62.6 хувь нь улсын төсөв буюу та, бидний татварын мөнгөөр худалдаж авсан гэсэн үг. Мэргэжлийн инженер, техникч гэгдэх хүмүүс нь ойр зуурхны, жижиг техник, төхөөрөмжүүдийнхээ эвдрэл, гэмтлийг засаж чадахаас MRI, CT, ангиограф зэрэг нарийн нийлмэл бүтэцтэй аппаратуудын “учрыг” олдоггүй. Тийм чадвар ч байхгүй, тэднийг ийм хэмжээнд хүртэл сургаа ч үгүй.
Тоног төхөөрөмжийн тоогоороо эхний тавд багтдаг, бас мэргэжлийн инженерийн багтай цөөхөн байгууллагын нэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлгийн техникийн албаны дарга С.Учралаас салбарын боловсон хүчний мэдлэг, ур чадварын түвшин практикт ямар байгааг тодруулсан юм. Тэрбээр “Манай алба дарга, зөвлөх, тоног төхөөрөмжийн долоон инженер, таван техникчтэй. Бид эмнэлгийнхээ 1200 орчим аппаратыг арчилж, хариуцдаг. Техник технологийн хөгжлөө дагаад улсын хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт сайжрахын хэрээр инженерийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэж, эсрэгээрээ боловсон хүчний хүрэлцээ муудсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж байнгын урсгал засвар, арчилгаа тордолгоо шаардлагатайгаас гадна гэнэт эвдэрч, гэмтдэг. Иймд инженер, техникчдийг чадавхижуулах асуудал өдгөө маш чухал болсон. Манай эмнэлэгт ч инженер, техникч хүрэлцдэггүй. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайдын 439 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангаж чадахгүй байгаа. Эмч нар нарийн мэргэжлээр төрөлжин суралцдаг шиг инженер, техникчдийг ингэж мэргэшүүлэх шаардлага тулгарсан. Ялангуяа тоног төхөөрөмж үйлдвэрлэгч улс орнуудад сургах нь нэн тулгамдсан асуудал. Гадаадын компаниудын бодлого бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ манай инженер, техникчдийг мэргэшүүлж, сургах гэхээсээ эвдэрсэн тохиолдолд өөрсдөө засах сонирхолтой байдаг. Нөгөө талаас энэ нь тоног төхөөрөмжийнхөө нууцлалыг хадгалах зорилготой. Инженер сургах болбол их хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн гэмтэл олон янз. Энгийнийг нь бол манай инженер, техникч засна. Үйлдвэрийн хүнд гэмтлийг засах боломж бараг байхгүй. Бас нэг тулгамддаг асуудал нь олон орны, өөр өөр фермийн тоног төхөөрөмж оруулж ирдгээс сэлбэг хэрэгсэл нь олдохгүй зовоодог” гэсэн юм.
Улсын хэмжээнд ШУТИС, “Хүрээ”, “Этүгэн” гэсэн гурван сургуульд эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер гэж бэлддэг юм билээ. Сүүлийн үед энэ чиглэлээр сурах хүн цөөрсөн талаар албаныхан хэлсэн. Учир нь эмнэлгийн инженерүүдээс цахилгааны, сангийн, электроник, программ хангамж, рентген туяаны зэрэг олон талын мэдлэг шаарддаг. Дулааны, сангийн инженер шиг ганцхан чиглэлээр мэргэшдэггүй, шинжлэх ухааны ололт амжилтыг тусгасан, нарийн мэдлэг шаардсан өчнөөн төрлийн техник, төхөөрөмжтэй харьцдаг тул хэр баргийн хүн тэнцдэггүй гэнэ. Хэдийгээр дээрх сургуулиуд мэргэжилтэн бэлдэж байгаа ч эмнэлгүүдэд дадлага хийлгэдэггүй. Өндөр өртөгтэй аппаратуудаа оюутнуудаар “тоглуулах” хүсэлтэй нэг ч эмнэлэг байдаггүй аж. Тиймээс л инженерүүдийг төгссөнийх нь дараа MRI, CT, ангиограф, дүрс оношилгоо, рентген, амь тэнссэн үеийн аппарат гэхчлэн дор хаяж 7-8 чиглэлээр төрөлжүүлэн сургах шаардлагатайг мэргэжлийнхэн хэлж байлаа.
Нарийн нийлмэл бүтэцтэй, өндөр технологийн аппаратуудыг засах хэмжээний сургалтыг Монголд явуулах боломжгүй. С.Учрал даргын хэлсэнчлэн үйлдвэрлэгч улс тухайн аппаратыг засах түвшнээс хамааран ЭХО гэхэд 40 мянга, MRI-н “учрыг” олдог болгоход багадаа 120 мянган ам.доллар нэхдэг гэх. Ийм хэмжээний төлбөрөөр олон хүн бэлдэх боломж бидэнд хомс тул ядаж MRI, CT, ангиограф аппарат үйлдвэрлэгч компанид дээрх чиглэлээр гурав, гурван инженер бэлдэх нь хамгийн зөв гарц болохыг улсын эмнэлгийнхэн хэлсэн. MRI гэхэд “Phillips”, “Siemens” гээд гурван брэндтэй. Ажиллах горим нь ижил ч программ хангамж, эд ангиуд нь өөр өөр, гэмтэл нь ч ондоо тул нэг инженер бүх брэндийнхийг засаж сурах нь үр дүнтэй аж.
Судлаачдын дүгнэлтээр, инженерүүдэд дээр өгүүлсэнчлэн төрөлжсөн мэргэжлийн сургалт хамгийн их шаардлагатай буюу одоогийн хэрэгцээний 56 хувийг эзэлжээ. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтад нөлөөлж байгаа шалтгааны 34 хувь нь хүний нөөц дутагдалтай, эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийт засварын 24 хувийг гэрээт инженерээр, 29 хувийг ханган нийлүүлэгч байгууллагаар гүйцэтгүүлдэг юм байна. Тиймээс стандартын дагуу инженер, техникчийн харьцааг хангаж, төгсөлтийн дараах сургалт явуулдаг болсноор татвар төлөгчдийн мөнгөөр авсан өндөр технологийн аппарат, төхөөрөмжүүдийг хэвийн ажиллуулна гэсэн үг.