53 настай А-гийн гуя, цавь орчмоор ганц нэг цэврүү гардаг байж. Аажимдаа зүгээр болох биз гэсээр бүтэн жил өнгөрчээ. Хугацаа өнгөрөх тусам тууралт нь арилах бус, харин ч нэмэгдсэнээр тэрбээр эмнэлэгт хандсан байна. Тэгтэл А чихрийн шижин гэх аюулт өвчинд нэрвэгдээд тав орчим жил болсноо мэдээгүй явсан аж.
Өнгөрсөн 13 жилийн турш өвчнөө эмчлүүлж, эмчийн хяналтад хатуу дэглэмээр амьдарч буйгаа хэлсэн. Гэсэн ч А өвчний хүндрэлээс болж өрөөсөн бөөрөө авхуулах гэж буй юм билээ. Эмч нар эхэндээ нэг бөөрийг нь төрөлхийн жижиг гэж оношилсон ч чихрийн шижин эрхтнийг нь ийнхүү “идсэн”-ийг шинжилгээгээр баталгаажуулж. Тэрбээр “Зүгээр шахам суусан ч их ядардаг. Чихрийн шижин туссан үед арьс, салст гэмтэх, хумсны ургалт өөрчлөгдөхөөс эхлээд захын мэдрэлийн судсуудыг хүртэл өвчлүүлнэ. Улмаар нүд, бөөр гээд ер нь олон эрхтний дайсан гэдгийг сүүлд мэдээд их цочирдсон” хэмээн өгүүлсэн.
Хүн төрөлхтнийг туйлдуулж, бие махбодыг нь чимээгүй мэрж буй цөөнгүй өвчний нэг нь чихрийн шижин. Уг эмгэг хэрхэн үүсдэгийг “Википедиа”-д “Нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин (даавар) боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон ч энэ нь хүнд ямар ч хэрэгцээгүй болсон үед бодисын солилцооны бүлэг өвчин бий болно” хэмээн тайлбарлажээ. Харин бидний олонх нь уг өвчний талаар тийм ч сайн мэдэхгүй. Цусан дахь чихрийн хэмжээ өндөр гарвал л өвчин туссан гэж боддог. Гэтэл тохиолдлоор энэ үзүүлэлт ихсэх үе ч байдаг аж.
Өдгөө дэлхий дахинд 347 сая хүн уг өвчинд нэрвэгджээ. 2025 он гэхэд эл тоо 380 саяд хүрэх таамаг бий. Жил бүр чихрийн шижингийн долоон сая шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчний улмаас 3.8 сая хүн нас барж байна. Харин манай улсад ийм өвчтэй төдөн хүн бий гэх албан ёсны тоо байхгүй. Үндэсний хэмжээнд тархалтын судалгаа хийгээгүй учраас бүсчилсэн дүн мэдээлэл л бий. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаагаар, чихрийн шижин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 44.5 хувийг эзэлжээ. Энэ нь жилд дунджаар 10 мянган хүн тутамд 82-100 орчим тохиолдож буйг илтгэх үзүүлэлт аж. Хүйсийн хувьд уг өвчний тархалт 10 мянган хүн тутамд эрчүүдэд 77.8, эмэгтэйчүүдэд 87.8 байна. 45-65 насныхан эл эмгэгт илүү өртөж буйг дээрх судалгаанд дурджээ. Энэ насныхны дунд одоогоор чихрийн шижингийн 16 160 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, 10 мянган хүн амд уг өвчин 524.2 оношлогджээ.
Төвийн бүсийн хүн амын дунд Дархан-Уулд дээрх үзүүлэлт 111, Өмнөговьд 69.3, Төвийн аймагт 67, Сэлэнгэд 63 тохиолдож байгаа аж.
Чихрийн шижингийн өвчлөл өндөртэй 10 улсын долоо нь хөгжиж буй орон. Манайх хөгжиж буй улс орнууд дундаа өвчний тархалт өндөр байгааг эмч нар дараах байдлаар тайлбарласан. Бидний улиг болгон ярьдаг нөгөөх л хорт зуршил, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь эрсдэлт хүчин зүйл. Үүнээс гадна удамшлын шалтгаантай буюу уг өвчний I хэв шинжийн эрсдэлтэй хүүхэд манайд цөөнгүй төрдөг гэнэ. Монголд одоогоор үүнийг урьдчилан тогтоох боломжгүй аж. Өөрөөр хэлбэл, эл эмгэгээр өвчилсөн тохиолдолд л оношилж, эмчилдэг. Эрт үед нь илрүүлэх боломж хомс байгаа гэсэн үг. Тэгэхэд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад хүүхдийг төрөнгүүт нь өвчнийг оношилж, даамжруулалгүй илааршуулдаг байна.
Харин II хэв шинжийн өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтойг эмч нар зөвлөдөг. Учир нь энэ төрлийн чихрийн шижинтэй хүмүүсийн 80 хувь нь илүүдэл жингээсээ болж өвчилсөн байдаг аж. Тиймээс уг өвчинтэй тэмцэх кампанит ажил, эсвэл улс орныг хамарсан үзлэг, шинжилгээ хийх шаардлагагүйг мэргэжлийнхэн хэлсэн. Өөрөөр хэлбэл, жин нэмэхгүй л бол хоёрдогч шалтгаантай чихрийн шижинд өртөхгүй байх боломжтой. Мэдүүштэй нь, энэ хэв шинжийнхээр өвдсөн тохиолдолд удамших магадлал анхдагчийнхаас өндөр байдаг тул үр хүүхдээ бодсон ч хэвийн жинтэй байх нь нэн чухал аж.
Харамсалтай нь, бид өөрсдөө илүүдэл жинтэйгээ тэмцэж чадахаа больсон нь л асуудал үүсгээд буй юм. Ялангуяа эмэгтэйчүүд чихрийн шижингээр илүү өвчилж байгаа нь онцлогтой. Жирэмсэн үед үүссэн чихрийн шижин уг үзүүлэлтийг нэмэхэд голлон нөлөөлдөг байна. Үүнийг III хэв шинжийн чихрийн өвчин гэнэ. Тухайлбал, ахимаг насны, жирэмслэхээсээ өмнө хэт таргалсан, эсвэл ураг тээх хугацаандаа жин нэмсэн эмэгтэйчүүд эл өвчинд түлхүү өртөх болжээ. Монгол ээжүүдийн хүүхдээ тээх уламжлал орчин үед алдагдаж, хөдөлгөөнөө хорьж, төрөл бүрийн аминдэм нэмэлтээр хэрэглэдгээс шалтгаалж ураг мэндлэх хугацаанаас өмнө хэт томрох эрсдэл хавтгайрчээ. Гэтэл олон улсад уг өвчний тархалт хүйсийн хувьд бараг тэнцүү байдаг юм билээ. Тэгвэл чихрийн шижингийн VI хэв шинж нь ямар нэгэн эм, дааврын бэлдмэл удаан хугацаагаар уух, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй холбоотойгоор цусан дахь чихрийн хэмжээ ихсэхтэй холбоотой. Энэ дөрвөн хэв шинжээс манайд хамгийн түгээмэл нь хоёрдогч буюу илүүдэл жингээс үүдэлтэй өвчлөл.
Хоёр монгол хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй. Ийм нөхцөлд бидэнд чихрийн шижинтэй тэмцэх арга байхгүй гэсэн үг. Тарган хүмүүсийн дундаж нас 7-12 жилээр богиносдог нь олон өвчний үндсийг тээдэгтэй холбоотой. Бүдүүн хүний цусан дахь өөх тос, чихрийн агууламж аажмаар нэмэгдсээр дээрх аюулт өвчинд хамгийн түрүүнд өртдөг байна. Цаашлаад тархинд цус харвах, зүрхний шигдээс болох, судас хатуурах, элэг өөхлөх, яс сийрэгжих, ходоод, нойр булчирхай үрэвсэх, хавдар тусах гээд тоочоод барамгүй урхагтай. Өвчний үүр л гэсэн үг.
Хоол ундаа зохицуулж идээгүйгээс, тогтмол дасгал, хөдөлгөөн хийгээгүйгээс, хорт зуршлаасаа татгалзаж чадахгүйгээсээ болж монголчуудын 6.5-8.2 хувь нь чихрийн шижинтэйг судлаачид тогтоожээ. Хамгийн сүүлд хийсэн судалгааны дүн энэ. Гэтэл дэлхийн улс орнуудад чихрийн шижингийн тархалт дунджаар 7-8 хувьтай байна. Хүн амынх нь 20-30 хувь нь уг өвчинд нэрвэгдсэн улс ганц нэгхэн л байдаг. Тэгтэл 3.3 сая хүнтэй бидний 10 хувь нь уг эмгэгт өртөх эрсдэл бий болжээ. Өөрөөр хэлбэл, өвчтэй хүмүүсээс гадна буюу 100 хүн тутмын 10 нь өвдөхөө хүлээгээд сууж байна. Гэтэл уг өвчнийг эмчлэх зардал өндөр. Тэр хэрээр манай улсын эрүүл мэндийн салбарын эдийн засагт дарамт учруулах болсныг эмч нар хэлэв. Учир нь насаараа даралтын эм ууж, инсулин тариулах хэрэгтэй. Инсулины эмчилгээнд ашигладаг багаж хэрэгсэл нь үнэтэй, зарим эм, тарианы төлбөрийг улсаас гаргадаг ч өндөр төлбөртэйг нь санхүүжүүлэх боломжгүй гэх зэргээр тухайн хүнд эдийн засгийн асар их дарамт учирдаг аж.
Тиймээс ядаж л II хэв шинжийн чихрийн өвчинд өртөхгүйн тул тарган хүмүүс нэн тэргүүнд бэлхүүсээ гоолиг болгох ёстой гэнэ. Учир нь гэдсэн доторх өөх цусан дахь чихрийг бууруулах үүрэгтэй инсулиныг дөжрөөж, үүргийг нь “мартуулдаг” юм байна. Ойр ойрхон шээс хүрэх, ам цангах, хоолонд хэт орох, шарх удаан эдгэрэх, хараа муудах, нойргүй болох, арьс загатнах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандахыг бие махбод чинь “хэлж” буй юм шүү. Өвчний үе шат буюу хөнгөн, дунд, хүнд зэргээс хамаарч цааш хэдэн жил амьдрах, эсэх нь шийдэгддэг тул 40-өөс дээш насныхан эмчийн үзлэгт тогтмол хамрагдах шаардлагатай аж. Эс тэгвээс дээр дурдсан иргэн А шиг бөөрнөөсөө хагацах, эсвэл дутагдалд орох, хараагаа үүрд алдах, хөлөө тайруулах зэрэг ноцтой хүндрэлээр төгсдөгийг эмч нар анхааруулсан. XXI зууны чимээгүй тахал гэгдэх олон өвчний нэг нь энэ. Гэхдээ нэгэнт өвдсөн хүн өвчний үе шатаас хамаарч 15 кг турвал эдгэрэх магадлалтайг ДЭМБ судалсан тул боломж бидэнд байна.