Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т 2016 онд суурилуулсан MRI аппарат ажиллахгүй, шинээрээ зэвэрч байгааг “Өнөөдөр” сонин өнгөрсөн мягмар гаргийн дугаартаа мэдээлсэн билээ. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр улсын гурван том эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх гэрээг 2014 онд байгуулж, нийт 21 сая еврогийн төсөл хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд УНТЭ-т гэхэд 1.5 теслагийн өндөр хүчин чадалтай MRI, 128 зүслэг бүхий компьютерт томограф (CT), рентген дижитал аппарат зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт техник нийлүүлсэн байдаг. Гэвч MRI аппарат суурилуулснаас хойш тавхан сар ажиллаад таг зогссоныг бид сурвалжилсан.
Эвдэрсэн нь үйлдвэрийн горим алдсанаас шалтгаалсан уу, эсвэл суурилуулах явцад бүтэлгүйтсэн үү гэдгийг мэргэжлийнхэн эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Ямартай ч хөргөлтийн шингэн болох гелиэ ууршуулж, алдсанаас болж MRI аппаратыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажиллуулаагүй аж. Уг аппаратын “зүрх” болсон толгойн хэсэг өмнө нь дөрвөн удаа эл шалтгаанаар эвдэрч, гелиэр цэнэглэсэн ч тав дахиа ийнхүү алдаа заагаад байгаа юм. Энэ талаар мэдээлэл өгөхөөр ЭМЯ, УНТЭ болон холбогдох албаныхан өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан ч цуцалсан. УНТЭ-ийн дарга Т.Мөнхсайханаас учрыг тодруулахад “Төсөл хэрэгжүүлэгч “Вамед инженеринг” компанийнхан хэвлэлийн хурлаа түр хойшлуулахыг биднээс хүссэн. Тэд MRI аппаратын засвар, үйлчилгээг бүрэн хариуцахаа амлалаа.
Тэгэхдээ бүр аппаратын толгойг тэр чигт нь сольж өгөх болсон. Угаасаа баталгаат хугацаанд нь бүрэн ажиллуулаагүй. Энэ удаад хөргөлтийн шингэнийг цэнэглэлээ ч дахиад гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс бид аппаратын толгойг бүтнээр нь сольж өгөх хүсэлтээ тус компанийнханд эртнээс тавьж байсан юм. Тэд үйлдвэрлэгч “Phillips” компанитай тохиролцон, сэлбэг хэрэгслээ захиалах, хэзээ угсарч өгөх зэрэг төлөвлөгөөгөө ирэх долоо хоногт гаргаж, яаралтай хариу өгөх боллоо. Аппаратыг хэзээ засаж, иргэдэд үйлчлэхийг тухайн үед нь олон нийтэд мэдээлнэ” гэсэн юм.