“Хүн өөрийнхөө хамгийн том дайсан” гэх мэргэн үг бий. Мэдээж хэн ч өөрийгөө цохиж гэмтээх, эсвэл хойшлуулшгүй ажлаа санаатайгаар нураах зэргээр амьдралаа сүйрүүлэхийг хүсэхгүй. Гэвч нэг л мэдэхэд та өглөө эрт босохоо, хэн нэгэнд амласнаа биелүүлэхээ, уучлалт гуйхаа мартаж, хийх ёстойгоо хойш тавьсаар дайснаа “бүтээсэн” байх вий. Тэр цагт өөрийгөө ялан дийлэх алхам хийхгүй л бол яг л чихэр авч чадаагүй уйлах бяцхан хүүхдээс ялгаагүй нэгэн болж хувирч мэдэх юм. Хий хоосон бардамнах бус, хэлэхээсээ өмнө хийдэг, шантрахаасаа урьтаж туршдаг, зориглодог, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцсэн В.Батнасан туулсан амьдралаараа залуус, үеийнхэндээ үлгэрлэж явна.
Тэрбээр 1948 онд Улаанбаатар хотод Ванчиндоржийн том охин болж мэндэлжээ. Өдгөө 71 настай бөгөөд хөнгөн атлетикийн спортын мастер цолтой. Насаараа эл спортоор хичээллэсэн туршлага түүнд үгүй. Сүүлийн 5-6 жил л эрчимтэй гүйж, насандаа баймгүй бахдам амжилтууд гаргажээ. Саяхныг хүртэл тэрбээр эмнэлгийн орноос салдаггүй, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж одоо ч авдаг гэхээр хүмүүс итгэдэггүй гэнэ лээ. Эхээс долуулаа элэг бүтэн өссөн түүнд амьдрал дэндүү хатуурхсан аж. Өсөх насанд эдэлсэн жаргал чинь хангалттай гэсэн юм шиг л гурван сайхан хүүхдийг нь бурхан буцаагаад авсныг нулимстай хүүрнэж сууна.
Гэсэн ч В.Батнасан бууж өгөөгүй. Том хүү, удаах охинтойгоо ач, зээгээ тойруулан, аяга цайгаа хувааж уух хувьтай үлдсэндээ талархдаг. Тэр өндөр боловсролтой. 1960, 1970-аад онд гадаадад их, дээд сургууль төгссөн хүн Монголд тийм ч олон байгаагүй гэдэг. Харин В.Батнасан нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсөөд, Унгар Улсын Будапешт хотын Нэхмэлийн технологийн сургуульд элсэж, таван жил сурчээ. 1972 онд сургуулиа төгсөж ирэхэд нь манай улсад үйлдвэрлэл ид өрнөж байсан ба мэргэжлээрээ ажиллах боломжийг нь түүнээс бас л “хулгайлсан” байна. Анхны хүүхэд нь 1.4 кг жинтэй, дутуу төрж, хэсэгтээ “шилэн хоргонд” амьдрах болсноор хүүгээсээ алхам ч холдохоо болив. Угийн бага жинтэй, биеийн эсэргүүцэл сул төрсөн хүү нь менингит гэх айхавтар өвчин тусаж, эмнэлгээс холдох бүр ч боломжгүйд хүрчээ.
Ингээд В.Батнасан ханьтайгаа, хүүгээ аваад Унгар, Герман явж, эмчлүүлжээ. Үүний хүчинд хүү нь өдгөө хөл, гар нь саажилгүй, ухаан саруул, энх тунх амьдарч байгаа аж. Сонсголын бэрхшээлтэй хоцорсон ч сургууль төгсөж, гэр бүлтэй болон, өдгөө хөдөлмөр эрхэлж яваад нь аав, ээж нь талархаад баршгүй гэсэн. Менингит бол тархи, мэдрэлийн системийг ноцтой гэмтээдэг, цаашлаад аминд халтай аюулт өвчин. Гадаадад эмчлүүлээд ч тэр дороо эдгэрдэг эмгэг биш аж. Тиймдээ ч В.Батнасан хүүтэйгээ хамт хуучнаар Эх, нялхсын эрдэм шинжилгээний төв, одоогийн ЭХЭМҮТ-өөс салдаггүй шахам байж. Тэгж явахдаа сувилагчийн курс дүүргэж, эмнэлэгт хүүгээ асрангаа ажиллах болжээ. Тухайн үеийн болон одоогийн удирдлага нь ч түүнд үргэлж өгөөмөр хандаж ирсэнд нь тэрбээр баярлаж явдгаа уламжилсан. Учир нь хүүгээсээ холдох боломжгүй үед нь түүнийг Сэхээн амьдруулах тасагт нярав-сувилагчаар ажиллуулсан гэнэ.
1987 он. Гайтай тэр нэгэн өдөр В.Батнасан үйлдвэрийн осолд өртжээ. Эмнэлэг даяараа цахилгаангүй болоход тэрбээр цагаан хэрэглэл зөөж яваад, хоёрдугаар давхрын шатнаас хонгилын хэсэгт унасан байна. Дөрвөн хавирга нь хугарч, тархиндаа хүнд гэмтэл авснаа ч мэдэлгүй тав хоног ухаангүй хэвтсэн гэдэг. Түүнийг эмч нар хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан гэж үзжээ. В.Батнасан “Осолд орсны дараа зүүн гар, хөл мэдээ муутай, юм л бол унаж, татдаг байлаа. Эмнэлэгтээ 17 жил ажиллаад, ийм харамсалтай үйл явдал болсон. Тэтгэвэрт гартлаа ажлаа хийгээгүй, улсаас тэтгэмж авч, эмнэлгээр гэр хийж явсан даа. Ажлын байрандаа гэмтсэн учраас эмнэлгийн удирдлага өнгөрсөн хугацаанд намайг орхиж, мартаж байгаагүй. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн мөнгөний 30 хувийг эмнэлгээс, үлдсэнийг нь улс өгдөг. Эхээс эрүүл саруул төрчихөөд, санамсар болгоомжгүйгээс осолдсон. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүтэй надад үхэх эрх байгаагүй. Хэндээ ч гоморхож, зовлон гунигаа нялзаах билээ. Харин ч өөрийгөө ялахын тулд нэг алхам урагшлах хэрэгтэй болсон. Байнга хэвтэрт байсаар биеийн жин ч 80 кг хол давлаа. Тиймээс хамгийн түрүүнд хоолойгоор “давдаг” зүйлсээ хянахаас эхэлсэн. Эрүүл, зөв хооллохын тулд клубт гурван жил орчим уйгагүй явж, дасгал хөдөлгөөн хийсэн. Өвчтэй, илүүдэл жинтэй надад энэ нь зөв алхам болсон. Аажмаар биеийн жин ч буурч, сүүлийн зургаан жил хөнгөн атлетикаар тасралтгүй хичээллэж байна” гэсэн юм.
В.Батнасан гуай хань, охин, хүргэн, ач, зээ нартайгаа амьдардаг. Түүний хань сантехникийн мэргэжилтэй, Авто засварын заводад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Өмнө нь тэд Сүхбаатар дүүргийн VI хороонд гурван өрөө байранд амьдардаг байсан аж. 1997 онд хүүхдүүдийнхээ бизнесийг өргөжүүлэх зорилгоор орон сууцаа барьцаалж, нэгэн ББСБ-аас зээл авсан юм билээ. Тухайн үед ийм байгууллагууд монголчуудын банк, санхүүгийн мэдлэггүйг ашиглан олон ч айлыг орон гэргүй болгосны нэг нь эднийх гэнэ. Үндсэн зээлийнхээ талыг нь төлчихсөн байхад гэнэт “Бүх мөнгөө тушаа, үгүй бол байрыг чинь хураана” гээд үг хэлэхийн зуургүй шахам гэрээс нь хөөжээ. Гэсэн ч тэд халуун бүлээрээ, элэг бүтэн амьдрахын жаргалыг илүүд үздэг учраас тэгсхийгээд орхисон байна.
Охин Ц.Болор нь ээжийгээ спортоор хичээллэж, эмнэлгийн орноос хөндийрсөнд, эм, тарианаас ангижирсанд нь баярлаж, бахархдагаа хэлсэн. Тэрбээр “Ээж I, III эмнэлгээс салдаггүй байлаа. Даралт өндөртэй, ослын үеэр хугарсан хавирга нь уушги руугаа шигдэж орсны улмаас гуурсан хоолойн багтраатай болсон. Үүнээс болж уушги нь усжиж, хагалгаанд ч орсон. Эмнэлэгт хэвтэж байхад нь цусанд нь бохир оруулж, шарлаад Халдвартын эмнэлэгт хүртэл 64 хоног хэвтсэн гээд өвчний түүх нь дуусахгүй. Үүнийг гэрчлэх өчнөөн олон дэвтэр гэрт байна. Ээж залуудаа хаяа гүйдэг байсан гэсэн. Ахыг эмчлүүлэх гэж, дээрээс нь өөрөө өвдөөд гүйж чадахаа больсон юм билээ. Азаар ээж минь амьдралаа өөрчилж, зорилгынхоо төлөө чадах бүхнээ дайчилсан. Гүйснээсээ хойш нэг ч өвдөөгүй. Өглөө болгон 05.30 цагт босож, 07.00, заримдаа 08.00 цаг хүртэл гүйнэ. Тэгээд зөв хооллох сургалтдаа яваад 11.00 цагт гэртээ ирдэг. Гэтэл бид ээж шиг тууштай байж чадахгүй юм. Найзууд нь намайг “Чи ээжийнхээ ээж шиг нь л харагдаж байна” гэж цаашлуулдаг. 72 нас хүрэх гэж байж ээж минь бараг үрчлээгүй, эрүүл, зөв амьдардаг. Уг нь нэхмэлийн инженер, технологич мэргэжлээрээ ажилласан бол ихийг бүтээх байсан гэж боддог. Даанч бидний төлөө бүхнээ зориулсан, миний мэдэх хамгийн дайчин эмэгтэй” гэж тодорхойлов.
В.Батнасан дэлхийн аварга болох мөрөөдөлтэй. Түүний энэ хүсэл, зорилго тийм ч хол санагдаагүй. Учир нь өнгөрсөн гуравдугаар сард Польш улсад зохион байгуулсан хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д манай улсын тамирчин, 85-тай Ц.Раднаа дэлхийн аварга болж, 81 настай Т.Цэрэндолгор мөнгөн медаль хүртсэн нь бидэнд боломж бийг харуулсан. В.Батнасан дасгалжуулагч багшгүй ч оролцох тэмцээн, зай зэргийг нямбай тооцож, бэлтгэлээ хангадаг аж. Улсын аварга шалгаруулах тэмцээнд ихэнхдээ Ц.Раднаа гуай ирж, ахмадуудад заавар, зөвлөгөө өгдөг тул түүнийг “Багш аа” хэмээн хүндэлж, шүтдэгээ хэлнэ лээ. Өөрөөр хэлбэл, В.Батнасан дураараа, түүний зөвшөөрөлгүйгээр өөрийн багшаа болгосноо хошигносон.
Түүний оролцсон анхны уралдаан “Улаанбаатар марафон-2014” аж. 97 дугаартай гүйсэн В.Батнасан анхны том тэмцээндээ амжилт гарган, 14 дүгээр байрт орсон нь том амжилт байв. Тухайн онд болсон бүх л тэмцээн, уралдаанд алгасалгүй гүйж, Дархан-Уул аймагт болсон “Өөрийгөө ялах Дархан марафон” улсын аварга шалгаруулах тэмцээний 21 км-ийн зайд хүрэл, өнгөрсөн оныход нь аваргалжээ. 2019 онд гэхэд 10 гаруй алтан медал хүртсэн байна. Түүний орсон тэмцээн, медалийн тоо тоймгүй олон. Тэрбээр “Миний хүч, самбааг сорьсон тэмцээн бол 2016 онд зохион байгуулсан 12/24 цагийн гүйлт байсан. 12, эсвэл 24 цагт хэчнээн км зам туулахаар нь тамирчдын амжилтыг тогтоодог юм. Уг тэмцээнд I, II зэрэг, дэд мастер, мастер, олон улсын мастер цолтой тамирчид өрсөлддөг. 50-иас дээш насны ангилалд, тасралтгүй 12 цаг гүйхдээ 59 км зам туулж, дэд мастерын болзол хангаж байлаа. Эхэндээ би жингээ хасахын тул гүйсэн. Сүүлдээ эл спортод хорхойсож, өөрийгөө хөгжүүлэн, байнгын бэлтгэлтэй байх болсон доо.
Үүний ачаар 20 гаруй жил хөтөлсөн өвчний түүхээ одон, медалиар сольчихоод сууж байна. Хэдэн хүүхдэдээ мэнд харагдахын тулд, бас мөрөөдлөө биелүүлэхийн төлөө юм. Хамт олон минь намайг тамирчин болсныг хараад гайхаж, бас бахархсанаа хэлсэн. Тиймээс тэднийхээ болон гэр бүлийнхнийхээ итгэлийг алдахгүй тулд Ц.Раднаа гуай шиг болох сон гэж бодно. Тэр дэлхийн аварга болж эх орондоо ирснийхээ дараа Өмнөговь аймагт хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. ДАШТ-д гүйсэн зайд мастеруудыг уралдуулахад би цомыг нь хүртсэн. Тэр үед Ц.Раднаа гуай надад “Ирээдүйн дэлхийн аварга болоорой. Би 85-тай, чи 71 настай, залуухан байна. ДАШТ-д чиний насныхан бараг алхдаг. Чамд медаль ойрхон. Сайн бэлдээрэй, шантарч болохгүй шүү” гэсэн нь хүсэл мөрөөдлийг минь улам өрдсөн. Боломж гарвал ДАШТ-д хүч сориход бэлэн. Гадаад явах гэхээр хөрөнгө мөнгөний боломж муу, өөрсдөө зардлаа даадаг нь тээг болдог” хэмээсэн.
Хөнгөн атлетикийн холын зайн тамирчид долоо хоногт гурван удаа, тус бүр 8-10 км гүйдэг бол В.Батнасан өглөө болгон таван км зам туулдаг нь байнгын бэлтгэлтэйг харуулна. Ямар нэгэн клуб, нийгэмлэгт харьяалалгүй хүнийг аливаа тэмцээн, уралдаанд оруулдаггүй тул хоёр жилийн өмнөөс “Хилчин” спорт хороонд бэлтгэл хийх болжээ. Ингэснээр хэт холын марафонд ч оролцож, өнөө жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний 50 км-ийн зайд аварга болж, медалийн тоогоо нэгээр нэмжээ. 70 гарсан хөгшин 50 км зам туулж, барианы зурхайд магнайдаа тоосгүй ирсэн гэхээр түүнээр эрхгүй бахархана.