Амьтанд хайртай, тэдэнд тусалж, эмчилж, эзэнтэй болгодог хэсэг залуусыг “Азтай савар”-ынхан гэдэг. Энэ нэр нийгэмд танил болоод зургаан жилийг үджээ. Төрийн шагналт, зураач С.Саранцацралт анх 2013 онд хоёр охинтойгоо хамтран амьтны төлөөх, ашгийн бус эл газрыг байгуулсан аж. “Азтай савар”-ын цахим хуудас нь 2014 онд 3000 гаруй гишүүнтэй байсан бол өдгөө 75 000 болжээ. Тус байгууллагын хамт олон хүн, нохойн хоорондох аюулгүй, эрүүл, эерэг харилцааг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Монгол Улсын болон олон улсын хууль, стандартын дагуу Улаанбаатар хотын хэмжээнд нохой, муур аврах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, эрхийг нь хамгаалах, мөн мэс заслын аргаар үржлийг зогсоох хөтөлбөр хэрэгжүүлж амийг нь аврах, хамгаалах зорилготой.
...“Азтай савар”-ын цахим хуудас нь 2014 онд 3000 гаруй гишүүнтэй байсан бол өдгөө 75 000 болжээ. Тус байгууллагын хамт олон хүн, нохойн хоорондох аюулгүй, эрүүл, эерэг харилцааг бүрдүүлэхийн төлөө ажилладаг...
Тэдгээр залуу цаг зав, хөрөнгө мөнгөө амьтанд зориулж байгаа бөгөөд тус байгууллагын гишүүн О.Мөнхманлайгийн амьтанд тусалсан нэг өдрийг сурвалжиллаа. Тэрбээр 2014 онд тус байгууллагад гишүүнээр элсэж, хаягдсан амьтдад туслах болжээ. Хэсэг хугацаанд завсарласан боловч энэ жилээс сайн дурын ажлаа дахин хийж эхэлжээ. Азтай саврын залуусыг өрөөндөө сууж, өвчтэй амьтан ирэхээр тусалдаг гэж хүмүүс боддог. Гэвч тэд бүгд тус тусын ажил, амьдралтай. Үүнийхээ хажуугаар хаягдаж, гэмтсэн амьтдад тусалдаг. Бид О.Мөнхманлайгийн ажил тарахтай зэрэгцэн циркийн хажууд байрлах “Энэрэх” мал эмнэлгийг зорив. Хэд хоногийн өмнө (арваннэгдүгээр сарын 11-нд) “Нэг сартай гөлөг том нохойд хазуулж, хөл нь идээлж, явж чадахгүй болсон байна” гэж азтай саврын цахим хуудсанд нэгэн хүү бичжээ. Үүний дараа бүсгүй гөлгийг авч тус эмнэлэгт хүргэсэн гэнэ. Эмнэлэгт ирэхдээ хавирга нь бараг тоологдох шахам болтлоо турж эцсэн байж. Гуянаас нь гар хүрэх төдийд ногоон идээ гоожиж, бамбайж хавдсан байсан гэнэ.
Гудамжинд хэвтэж байсан гөлгийг дунд сургуулийн хүүхэд олж, ойролцоох барилгад засвар хийж байсан ажилчдад түр орхиод, “Азтай савар”-ын цахим хуудсанд мэдээлэл оруулснаар хүмүүс хандив цуглуулж, 200 гаруй мянган төгрөг босгожээ. Хоёр өдөр хонуулсан, шарх цэвэрлэсэн, хоол, дусал зэргийн төлбөр нийлээд 150 мянга гаруй төгрөг болов. Ямар хүнд үрчлүүлэх болсныг нь лавлахад барилгын ажилчдын нэг нь өвөө, эмээдээ аваачиж өгөх болсон гэв. Тэднийх III, IV хорооллын эцэст байдаг. Гадаа хүйтэрч байгаа учир эхлээд үүдний өрөөндөө тэжээж, дулааны улиралд хашаандаа гаргана гэлээ. “300 грамм” хэмээн нэрлэсэн гөлгийг дөрвөн сартай болохоор нь үлдсэн хандивын мөнгөөр спей хагалгаа хийх, вакцин тарих зэрэг шаардлагатай эмчилгээ хийлгэж өгөх аж. Эмнэлэгт ирэхдээ 300 грамм жинтэй байсан тул ийнхүү нэрлэжээ. Харин эмнэлгээс гарахдаа 1.5 килограмм жинтэй болсон байлаа. Гуяных нь дотор талд том нохойн шүдний ором гарч, гадна талдаа мах нь ил гарсан харагдав. Хөлд нь хүрэх төдийд гасалж, гийнах гөлөг ийм байдалтай дөрөв, тав хоног гудамжинд байсан аж.
Хаягдсан нохой, муурыг үрчлүүлэхдээ зүгээр ч нэг хүнд өгчихдөггүй. Олон хүний сайхан сэтгэл, хандивын хүчээр эдгэрсэн нохдыг үрчилж авчихаад буцаагаад хаячихдаг нэгэн ч бий. Түүгээр ч зогсохгүй зодооны нохдоо бэлтгэхийн тулд сул дорой гөлөг хаяж өгөх тохиолдол байдаг гэнэ. Жижиг биетэй нохой өөрийгөө хамгаалж чадахгүй тул зодоонч нохдод хаяж өгдөг аж. Тиймээс нохой, муурыг үрчлүүлж буй хүнээ сайн судлах хэрэгтэй нэж О.Мөнхманлай хэлсэн. Тэрбээр “Хамгийн аймшигтай нь нохойг автомашинаараа дайрч, цусыг нь гоожуулж, босох тэнхэлгүй болтол нь гэмтээчихээд хаяад явчихдаг хүн олон” гэж халаглаж байлаа. Бэртсэн нохой өвлийн хүйтэнд цус алдсанаас болж газарт наалдаж, хөлдөж үхэх тохиолдол олон байдаг.
Амьтныг хамгаалж, золбин нохдын тоог багасгах хамгийн зөв шийдвэр нь спей мэс ажилбар. Гэвч манай улсын Засгийн газраас золбин ноход, хаягдсан амьтдад үзүүлж буй тусламж нь буудах. XXI зуунд ийм харгислал байна гэдэг эмгэнэл. Бас болоогүй, нохой буудаж алсан гэдгээ нотлохын тулд чихийг нь огтолж тоолуулах ёстой гэж байгаа. Тэгж байж цалингаа авна. Энэ талаар малын эмч С.Сарангэрэл “Жилд хоёр удаа золбин нохой, муур устгадаг. Жижиг сумдад 2-3 сая төгрөг төсөвлөдөг бөгөөд нэг нохойг 12-15 мянган төгрөгөөр үнэлж устгуулдаг. Сүүлийн жилүүдэд нохой, муур устгах эл ажлыг хийх хүн бараг байхгүй болсон. Хөдөөний сумдад Улаанбаатар хотоос хүн очиж устгадаг болсон. Хийсэн ажлын хөлсөө авахын тулд нохдын чих, хоншоор эсвэл сүүлийг тасалж тоолуулдаг” гэлээ. Амьтны эрхийг хамгаалдаггүй юм гэхэд ингэж устгадаг нь хүний ёсноос гажууд үйлдэл. Өндөр хөгжилтэй орнуудад ноход, гэрийн тэжээвэр амьтдад зориулсан дуудлагын цэвэрлэгээ, харах, асрах үйлчилгээ бий болсон. Хүн төрөлхтөн амьтан үрчилж, гэр бүлийн гишүүнээ гэж үзэх хандлага тэлсээр. Гэвч манай улсын амьтдын хувьд хүнд хайрлагдана гэдэг холын мөрөөдөл. Өдгөө гэрийн тэжээвэр нохой гэхэд үүлдэр, гарал үүслээсээ шалтгаалаад үнэ нь 150-1.6 сая ам.долларт хүрчээ. Харин манайд худалдаж авах нь битгий хэл, устгуулах гэж мөнгө зардаг.
2009 онд дэлхий даяар 500 сая гаруй тэжээвэр нохой байсан бол 10 жилийн дотор 900 сая болтлоо нэмэгджээ. Гэвч тэжээвэр амьтанд бүгд сайн эзэн, гэр бүл болж чаддаггүй нь харамсалтай. Үүний учир шалтгааныг О.Мөнхманлай бидэнд дараах байдлаар тайлбарлалаа. “Амьтны үр төл, зулзага байхдаа өхөөрдөм хөөрхөн харагддаг. Тиймээс дотно хүмүүсийнхээ төрсөн өдөр, тэмдэглэлт баяр, тэр тусмаа хүүхдүүддээ тоглуулах гээд амьд амьтан аваад өгчихдөг. Хэдхэн сар гэртээ тэжээгээд уйдхаараа гаргаад хаячихна. Үүнээс болоод золбин ноход ихсээд байгаа юм. Гэрийн тэжээвэр амьтан авахдаа ядаж л насыг нь тооцоолох хэрэгтэй. Дунджаар 13 жил амьдардаг нохой үрчилж авах гэж байгаа бол тэр хугацаандаа сайн харж чадах, эсэхээ бодох хэрэгтэй. Зүгээр л хөөрхөн болохоор нь авчихаж болохгүй шүү дээ. Мөн хэн нэгнийг хүсээгүй байхад амьтны амиар тоглоом хийж бэлэглэхгүй байвал сайн. Золбин нохдыг жилд хоёр удаа устгаж байгаа хэдий ч цаана нь түүнээс ч олноор үржиж, төрж байгаа. Эм нохой жилд 12-16 гөлөг гаргана. Үүний тал нь үхэж, үрэгдлээ гэхэд 6-8 гөлөг амьд үлдэнэ. Нэгхэн жилийн дараа өнөөх хэд нь том болоод үржээд эхэлнэ. Тиймээс бага сартай байхад нь засах хэрэгтэй” гэсэн юм. Мөн амьтны эрхийг хамгаалдаггүй юм гэхэд ядаж бэртээж, гэмтээхгүй байх нь хамгийн чухал хэмээн “Азтай савар”-ынхан хэлж байлаа.
Тэд сард дунджаар 50-60 нохойд тусламж үзүүлдэг. Өөрсдийн болон өрөөлийн хандиваар шүү дээ. Гэвч тэд бэртэж гэмтсэн нийт нохойн 10 хүрэхгүй хувьд нь л тусламж үзүүлж чаддаг гэнэ.
Бэлтгэсэн: Ж.Туул