Улсын хэмжээнд нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийдэг хамгийн том эмнэлгийнх нь MRI (Magnetic resonance imaging) аппарат эвдрээд дөрвөн жил болчихсон байхад хэн ч мэдээгүй хэрэг үү. Мэдээж салбарын яам, эмнэлгийн удирдлага энэ талаар анхнаасаа мэдсэн ч бүгдээс нуусан нь илт. Магадгүй Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн MRI аппарат ажиллахгүй байгааг олон нийт мэдвэл нэр хүнд нь унаж, цаашлаад ЭМЯ-ныхан баалуулна гэж эмээсэн үү, ямартай ч нийтэд мэдээлээгүй. Хэн нэгний нүүрний арьс хувьсхийхээс хямдхан хүний амь гэж байх уу. Ялангуяа тархины хүнд гэмтэлтэй, ухаан алдсан, цус харвасан болон мэдрэлийн хүнд эмгэгтэй өвчтөнийг MRI-д харуулахын тулд ар гэрийнхэн нь болон эмч, сувилагч, асрагч нар өдөр, шөнийн алинд ч үүрч, дүүрээд, дамнуурга дээр хэвтүүлэхийг нь хэвтүүлээд хувийн эмнэлгүүд рүү гүйж байна. Та, бид XXI зууны Монголоос л ийм дүр зураг харна, өөр хаанаас ч биш.
...2016 онд манайд CT суурилуулснаас хойш уг аппаратаар тасралтгүй шинжилгээ хийж ирсэн. Гэвч үүнтэй хамт суурилуулсан соронзон резонанс томограф буюу MRI аппарат доголдож, шинжилгээ хийх боломжгүй болсон. Үндсэндээ дөрвөн жил орчим ажиллаагүй...
УНТЭ 20 гаруй төрлийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг. Эдгээр үйлчилгээг авах гэсэн хүмүүс, дээр нь 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгүүдээс онош тодроогүй, хүнд өвчтөнүүд хүргэгддэг. Зүрх нь зогсох шахсан, их хэмжээний цус алдаж буй хүмүүсийг ч онош тодруулахаар хувийн эмнэлэг рүү зөөдөг гэж бодохоор аймаар. Энэ хооронд хэчнээн хүн хугацаа алдаж, өвчин нь замдаа сэдэрч, хэдэн эцэг, эх, эхнэр, нөхрийн сэтгэл сэмэрснийг хэлж мэдэхгүй. MRI-г эмнэлгийн эмч, ажилчид эвдээгүй нь ойлгомжтой. Гэхдээ юунаас шалтгаалж эвдэрсэн нь чухал биш. Дөрвөн жилийн турш өвчиндөө шаналсан хөөрхийлөлтэй иргэдээ хоосон хаалга мөргүүлж, чирэгдүүлж байхын оронд жаахан ч гэсэн хүн чанар гаргаад энэ талаар бүгдэд мэдээлж, засагдах хүртэл өөр эмнэлэгт хандахыг зөвлөх байлаа.
Түүх сөхье. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр улсын гурван том эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх гэрээнд 2014 оны наймдугаар сард талууд гарын үсэг зурсан байдаг. Үүний хүрээнд ЭХЭМҮТ, Хавдар судлалын үндэсний төв болон УНТЭ тус бүрт долоо сая еврогийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. Нэгдүгээр эмнэлэгт гэхэд 1.5 теслагийн өндөр хүчин чадалтай MRI, 128 зүслэг бүхий компьютерт томограф (CT), рентген дижитал аппарат, зайнаас чулуу бутлах зэрэг сүүлийн үеийн дэвшилт техникийг 2016 онд суурилуулсан юм байна. Гэвч MRI аппарат нь таван сар ажиллаад, таг зогсжээ. Учрыг тодруулахаар тус эмнэлгийг өнгөрсөн долоо хоногт зорьсон юм.
УНТЭ-ийн Дүрс оношилгооны төв Хэт авиан болон Рентген шинжилгээ, Цөмийн онош зүй гэсэн гурван тасгаас бүрддэг. Техникч, сувилагч, лаборант нийлсэн 18, дүрс оношилгооны 19 эмчтэй үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн нэг жилд бүтэц, зохион байгуулалтаа сайжруулж, ялангуяа Хэт авиан шинжилгээний тасгийнхаа тоног төхөөрөмжийг хоёр дахин нэмэгдүүлсэн гэнэ. Найман аппаратаар зэрэг үйлчилж байгаа учраас үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдэл буурсныг тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болортуяа хэлэв. Тэрбээр “Төвийн Рентген тасагт бүх төрлийн шинжилгээг тодосгогч бодистой болон бодисгүй хийж байна. Хамгийн түгээмэл хийдэг шинжилгээ нь цээжний хөндийнх. Түүнчлэн хүзүү, сээр, бүсэлхий нуруу, бүх мөчний рентген зураг авдаг. Эдгээрээс гадна 2016 онд манайд CT суурилуулснаас хойш уг аппаратаар тасралтгүй шинжилгээ хийж ирсэн. Гэвч үүнтэй хамт суурилуулсан соронзон резонанс томограф буюу MRI аппарат доголдож, шинжилгээ хийх боломжгүй болсон.
Үндсэндээ дөрвөн жил орчим ажиллаагүй. Гэтэл өдгөө дэлхий дахинд MRI-н шинжилгээг эрчимтэй хөгжүүлж байна. СТ оношилгоог рентгенийхээс 500 дахин хортой, туяаны өндөр ачаалал өгдөг гэж үзээд улс орнууд аль болох татгалзах болсон. Өөрөөр хэлбэл, туяаны ачаалал багатай оношилгооны арга нэвтрүүлэхийг зорьж байгаа. Үүний нэг нь MRI аппарат. Хүний биеийн усны молекулд суурилан, соронзон орон үүсгэж шинжилдэг бөгөөд бие махбодод одоогоор ямар нэгэн хор хөнөөл учруулаагүйг судлаачид баталж буй. MRI-г анх оношилгоо, үйлчилгээнд нэвтрүүлэхэд зөвхөн тархи, нуруу, мөчдийг л шинжилдэг байсан. Харин одоо технологи нь улам сайжирч, бага аарцаг, хэвлийн хөндийн эрхтнүүдийн эмгэгийг оношлоход ашиглах болсон. Тэр дундаа бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн эмгэгийг ЭХО аппаратаар оношлоход их төвөгтэй. Тухайлбал, давсаг, шулуун гэдэс, умай, өндгөвч, түрүү булчирхайн эмгэг, өөрчлөлтийг илрүүлэхэд MRI хамгийн мэдрэг төдийгүй зэргэлдээх эрхтнүүдийг ч давхар хянах чадалтайг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь, эдгээр оношилгоо, шинжилгээг манайд одоохондоо хийх боломжгүй” гэсэн юм.
Тус эмнэлгийнхэн 2007 онд суурилуулсан, 0.3 теслагийн хүчин чадалтай, хуучин MRI аппаратаараа цөөн төрлийн шинжилгээ хийдэг юм байна. Уг аппаратын хүчин чадал нь анхнаасаа дээрх төрлийн өвчнүүдийг оношлох хэмжээнийх байгаагүй аж. Эхэндээ толгой, нуруу, өвдөг, түнхний үений шинжилгээ хийдэг байсан ч техник л болсон хойно цагийн аясаар элэгдэж, шаардлага хангахаа больжээ. Уг аппаратаар бүсэлхий, сээр нурууны л шинжилгээ хийж байв.
MRI аппарат өндөр өртөгтэйн хэрээр чанараараа гайхагддаг. “Эмч” машин юунаас болж олонтоо эвдэрснийг Эмнэлгийн техникийн албаны дарга С.Учралаас тодруулахад “УНТЭ-т 2016 оны аравдугаар сараас MRI-н шинжилгээ хийж эхэлсэн. Уг аппарат цахилгаан соронзон орноор ажилладаг, гелин (helium) хөргөлтийн системтэй, нарийн, нийлмэл бүтэцтэй өндөр технологи юм. Гэвч аппаратын хөргөлтийн бодис мэргэжлийнхний хэлдгээр, гель уурших буюу цацсанаас ажиллах боломжгүй болсон. Энэхүү гэмтлийг засварлахын тулд эхлээд гелийг захиалж, дараа нь үйлдвэрлэгч компанийн мэргэжлийн баг ирж, нарийн технологийн дагуу засвар, үйлчилгээ болон тохиргоог хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд тус аппаратыг ашиглалтад оруулахын тулд эмнэлэг болон удирдах байгууллагын зүгээс ихэд анхаарсан.
MRI аппаратыг яаралтай ашиглалтад оруулж, цаашид гэмтэл гаргахгүй байлгах үүднээс төсөл хэрэгжүүлэгч “Вамед инженеринг” компанийнхантай олон талын яриа, хэлцэл хийж байгаа ч үйл явц удааширч байна. “Phillips” брэндийн энэхүү аппарат нь гель алдахгүй байхаар үйлдвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, нэг удаа цэнэглэсэн гелиэр олон жил ажиллах боломжтой гэсэн үг. Гэтэл манай аппарат дөрөв дэх удаагаа хөргөлтийн шингэнээ алдсан тул төсөл хэрэгжүүлэгч Австрийн “Вамед инженеринг” компанид MRI-н толгойн хэсгийг тэр чигээр нь сольж, угсруулах хүсэлт тавьсан. Өдгөө хэлэлцээрийн шатандаа л явж байна. Учир нь уг аппаратад дахин засвар хийсэн ч дээрх гэмтэл давтан гарах магадлалтай. Төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн. Асуудлыг удахгүй шийднэ гэдэгт итгэж байна. MRI аппаратын гол цөм нь толгойн хэсэг. Түүнийг солиход өндөр зардал гарах учраас хугацаа орох нь ойлгомжтой” хэмээн ярилаа.
УНТЭ-ийн Эмнэлгийн техникийн алба нь дарга, зөвлөх, тоног төхөөрөмжийн долоон инженер, таван техникчтэй ажиллаж байна. Тэд эмнэлгийнхээ 1200 орчим тоног төхөөрөмжийг арчилж, хариуцдаг аж. Техник технологийн хөгжлөө дагаад эмнэлгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт улсын хэмжээнд сайжрахын хэрээр инженерийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, эсрэгээрээ боловсон хүчний хүрэлцээ муудсаныг С.Учрал дарга хэлнэ лээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж байнгын урсгал засвар, арчилгаа тордолгоо шаардлагатайгаас гадна гэнэтийн эвдрэл гэмтэл их гардаг байна. Иймд инженер, техникчдийг чадавхижуулах асуудал чухал болсныг ч тэрбээр өгүүлсэн.
УНТЭ-ийнхэн орон нутгийн иргэдэд голдуу тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Энэ хэрээр MRI-н шинжилгээ хийлгэх шаардлагатай олон хүн алс холоос ирдэг байна. Аргагүйн эрхэнд тэднийг улсын бусад болон хувийн эмнэлгүүд рүү явуулдаг тухайгаа Г.Болортуяа эмч хэлсэн. Хуучин MRI нь байнгын 5-6 хоногийн хүлээгдэлтэй байдаг болжээ. Тиймээс шинэ аппаратыг нь нэн даруй ашиглалтад оруулах шаардлагатай. Үйлчлүүлэгч нарт төдийгүй эмч, ажилчдын хөдөлмөрийг хөнгөвлөхөд нэн тустай юм.
MRI шинжилгээний үндсэн үнэ тодосгогч бодисгүй нь 280 000 төгрөг аж. Үүний 165 000 төгрөгийг даатгалаас хөнгөлдөг учраас дундаж давхаргынхан илүүтэй үйлчлүүлэх сонирхолтойг эмч нар хэлсэн. MRI болон СТ аппарат өөр өөрийн давуу талтай. Тархи, нугас, бага аарцгийн хөндийн эмгэг, яс, үе, булчингийн өвчнийг оношлоход хамгийн мэдрэг чанар өндөртэй нь MRI шинжилгээ гэнэ. Тэглээ гээд анагаах ухаан СТ-аас татгалзах боломжгүй. Тухайлбал, толгойдоо гэмтэл авсан, эсвэл цус харвасан байж болзошгүй хүмүүст СТ-г зөвлөдөг. Цээж болон хэвлийн хөндийн эмгэгийг оношлоход түүнийг гүйцэх шинжилгээний арга одоогоор байхгүй аж.
Хүнд өвчтэй хүмүүсийн биеийн байдлыг хянах зорилгоор СT шинжилгээнд давтан “оруулах” шаардлагатай болдог ч дээр хэлсэнчлэн рентген туяа нь үйлчлүүлэгчдэд хортой. Арьс, яс, булчирхайлаг эрхтнүүдэд сөргөөр нөлөөлдгийг судлаачид сануулсаар байна. Тиймээс л MRI-н шинжилгээг улам хөгжүүлэхэд, оношилгооны цар хүрээ, чадамжийг ихэсгэхэд улс орнууд анхаарч буй юм. Манай улсын ууган эмнэлгийнхэнд ч энэ төрлийн оношилгоог хөгжүүлэх шаардлага тулгараад байгааг холбогдох албаныхан анхааралдаа авна гэдэгт найдъя.