27 жилийн өмнө баталсан, “ардчилсан” гэх тодотголтой Үндсэн хуулийн хоёр дахь удаагийн нэмэлт, өөрчлөлтийг Ардын намынхан баталлаа. Үнэмлэхүй олонх бүхий эрх баригчдын өгсөн амлалтаас хүлээж болох хамгийн том биелэлт гэхэд болно. Одоо Ерөнхийлөгч бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн хориг тавих эрхтэй ч энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт бараг өөрчлөгдөхгүй биз ээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор УИХ-ын дарга Ерөнхийлөгчид уг хуулийг биечлэн хүргэж, танилцуулах ёстой. Ерөнхийлөгч хүлээн авснаас хойш ажлын долоон өдрийн дотор хориг тавих эрхтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга нэмэлт, өөрчлөлтийг маргааш Ерөнхийлөгчид хүргээд өгчихвөл Төрийн тэргүүн хориг тавих, эсэхийг энэ сарын 28-ныг дуустал хүлээж таарах нь (Энэ сарын 26, 27-нд улс тунхагласны болон эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй тул бүх нийтээрээ амарна).
Гол нь Х.Баттулга Ерөнхийлөгч хориг тавилаа ч УИХ хүлээж авахгүй нь үндсэндээ тодорхой. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасанчлан хоригийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг өчигдөр батлахад 63 гишүүн оролцож, 100 хувь санал нэгдэж, дэмжлээ шүү дээ. Тэгэхээр эл нэмэлт, өөрчлөлт эргэж буцахгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин эл нэмэлт, өөрчлөлт нь 1992 онд баталсан Үндсэн хууль, түүний суурь зарчим, заалтуудтай нийцэж буй, эсэх нь дараагийн асуудал болох биз.
Юутай ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Парламeнтын засаглалаа бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж амласан Ардын намынхан дараагийн сонгуулийн жил гарахаас сар хагасын өмнө ийнхүү батлав. Ерөнхийлөгчийн засаглалтай болох, бүр цоо шинэ Үндсэн хуультай болох гэсэн санаархлыг хуулийн аргаар дарлаа. Мөн Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа, зургаан жилийн хугацаагаар сонгох болж байна. Гэхдээ УИХ төсөв, томилгоотой холбоотой зарим бүрэн эрхээсээ татгалзсан юм шүү. Юутай ч Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний анх өргөн барьсан төслийн зарим заалт өөрчлөгдсөн ч гол агуулгыг хэвээр баталсныг хуульчдын төлөөлөл хэлж байна. Ийн дүгнэх нэг үндэслэл нь “дордуулсан” гэх тодотголтой долоон өөрчлөлтийн зургааг нь засаж, сайжруулсан явдал. Өөрөөр хэлбэл, 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 24.1-т УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс дэд дарга сонгох заалт оруулсан нь цөөнхийн оролцоог хангасан хэлбэр хэмээн үзэж хөндөөгүй үлдээсэн. Харин бусад заалтын тухайд Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэй байж болохоор хязгаарлаж, хууль баталж болдог 20 гишүүний босгыг 39 болгон нэмэв. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд үүнийг шаардаж байсан уу гэвэл тийм. Мөн Ерөнхийлөгч, УИХ Засгийн газрыг бүрдүүлэхэд оролцох хүрээ, хязгаарыг хумиж, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олголоо.
Гэхдээ Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн эл заалт хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа эхлүүлсэн зөвшилцлийн үр дүнд хуульчлагдлаа. Тодорхой хэлбэл, АН-ынхны зүтгүүлсэн заалт. Гэвч эл санал төдийгүй энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт бүхэлдээ зөвшилцлийн үр дүн байсан, эсэхэд эргэлзэж, эсэргүүцэх хүмүүс хэдийн гараад ирсэн. Сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах АН-ын санал унасан нь эсэргүүцлийн галыг бүр ч өрдлөө. АН-ынхан “гомдов”, молигодуулав. Арга буюу тэд хуралдааныг хаясан. Үнэндээ Ардын намынхан анхнаасаа зөвшилцөхгүй, хүлээлгүй, ер нь хэний ч саналыг сонсолгүй, ёстой л хүч түрж батлах боломж байсан гэдгийг бас мартаж болохгүй. Юутай ч зөвшилцлийн хүрээнд тавьсан гурван шаардлагаас эрх баригчид дээр дурсан хоёр саналыг хүлээж авсан гэж үзсэн учраас сөрөг хүчин хуралдаанд оролцсон ч холимог тогтолцоог хуульчлах саналыг нь унагаачихна чинээ санаагүй бололтой. Угтаа эрх баригчид эвлэхээ байсан, нэг гарт зангидагддаг цаг ард хоцорсныг АН-ынхан гадарласан л баймаар. Ирэх жилийн сонгуулийг мажоритар тогтолцоогоор, тэр дундаа “улс-нэг тойрог” гэх томсгосон хувилбараар явуулах нь маргаангүй боллоо. Харин сонгуулийн жил гарахаас урьтан тогтолцоогоор “тоглож”, хуульд нь гар хүрдгийг хязгаарласныг энд тэмдэглэе.
Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэж АН-ыг молигодож, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгосон энэ үйл явц зөвшилцөл байж чадсан уу. Цаашлаад хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ийм “ажил” хийж, зарим заалт нэмсэн нь хуульд нийцэх үү. Энэ мэт эргэлзээ дагуулсан олон асуулт хөвөрч байна. Ардын намынхны хувьд хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, “Нийгмийн зөвшилцлийг ханга” гэсэн Төрийн тэргүүний чиглэлийг үүгээр хангасан гэж үзэж байгаа. Ер нь тэдэнд зөвшилцсөн гэж хэлэх үндэслэл хаа очиж бий аж. Ядаж л тэд өмнөх нэмэлт, өөрчлөлтийг баталсан шиг үдийн өмнө хуралдаад, алх цохичихсонгүй. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг өргөн барьснаас хойш УИХ таван сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлалгүй ажилласан нь үнэн. Хэдийгээр зөвшилцөл эхлүүлж, хуулийн төсөл хүртэл санаачилсан ч гэнэт буцаагаад татчихсан Ерөнхийлөгчийн байр суурийг шингээж, 15 заалтыг нь тусгасныг ажлын хэсгийнхэн тодотгож буй. Мөн 2015 онд АН-ыг эрх барьж байхад УИХ-ын 47 гишүүн өргөн мэдүүлсэн төслийн бараг 80 орчим хувийнх нь үзэл санаа энэ хуульд орсон гэнэ. Үүнээс гадна иргэдийг оролцуулан зөвлөлдөх санал асуулга явуулж, түүнээс гарсан саналыг олон нийтээр хэлэлцүүлэн, хамгийн өндөр дэмжлэг авсныг нь тусгасан гэж байгаа. Мэргэжлийн хүмүүсийн санал, судалгааг ч чамлахааргүй сонссон гэлцдэг.
Гэвч иргэд, олон нийтийн хувьд илүүтэй танил болоод байсан, “сонирхолтой” гэж тодорхойлохуйц УИХ-ын гишүүдийг тоог нэмэх, Ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох, парламентыг танхимтай болгох зэрэг заалтаас гадна шүүхийг хараат бусаар ажиллуулна хэмээн найдаж анх тусгасан саналууд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд ороогүйг зориуд онцолж байна. Мэдээж энэ нь хэзээ ч хөндөгдөхгүй гэсэн үг биш. Сая Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж өрнүүлсэн хэлэлцүүлгийн хүрээнд хөндөгдөж, дэмжигдсэн, бас “унасан” санал, заалтуудыг энэ мөчөөс найман жилийн хугацаанд хөдөлгөж болохгүйгээс бус, бусдыг нь засаж, сайжруулах боломж нээлттэй.
Мөн энэ нэмэлт, өөрчлөлтийг баталлаа гээд бүх зүйл сайхан болчихгүй. Одоо түүнд нийцүүлэн, дагалдуулан гаргах шаардлагатай, Үндэсний баялгийн сангийн, Шүүхийн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай зэрэг 30 шахам хууль бий. Эдгээрийг сайн боловсруулж батлах, хамгийн гол нь хэрэгжүүлэх, мөрдөх нь чухал. УИХ-ын даргын хэлсэнчлэн энэ нэмэлт, өөрчлөлт Монголын хууль, эрх зүйн хувьсгалын эхлэл байх болтугай. Эрх зүйн хувьсгалаар нийгэмд шударга ёс, төрд эмх цэгц, сахилга хариуцлага баттай ноёрхох суурь тавигдаасай. Үр дүнд нь “Парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага, сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударга хүртээгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээсэн Г.Занданшатар даргын хүсэл биелээсэй.
Ташрамд дурдахад, Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Засгийн газар 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэж, улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэсэн заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө.