- Санал хураалтад 63 гишүүн оролцов –
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр танилцуулав.
Энэ үеэр гишүүн Д.Эрдэнэбат “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлаагүй байхад өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хэлэлцэх нь зөрчилдөөн үүсгэх эрсдэлтэйг сануулаад, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эхлээд хэлэлцэх санал оруулсан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс гарсан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан гишүүн Б.Бат-Эрдэнэ “Дархан-Уул, Орхон аймгийг хот болгох тухай асуудлыг ирэх онд шийднэ гэжээ. Тосгон, хот байсан бусад газраа яах вэ. Хэзээ энэ асуудалд анхаарал хандуулах юм бэ” гэсэн бол Ц.Мөнх-Оргил гишүүн “Налайх, Багануурыг улсын зэрэглэлтэй хот болгох санал оруулж ирэх хэрэгтэй. Тус дүүргүүдэд амьдарч байгаа иргэдэд тулгамдсан асуудлыг шийдэх, Улаанбаатар хотын ачааллыг бууруулах зэрэг ач холбогдолтой. Алслагдмал гээд хөгжүүлэх боломжтой дүүргүүдээ анхаарахгүй байж болохгүй. Төсөв, хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь олгох хэрэгтэй” гэв. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан “Манай аймгаас сонгогдсон гурван гишүүн Сонгуулийн холимог тогтолцоог дэмжихгүй байгаа. Хэрэв холимог тогтолцоотой болбол сонгогчдын эрх зөрчигдөнө. Үүнийг зохицуулах ямар хууль байна” гэж асуухад гишүүн Д.Лүндээжанцан “Холимог тогтолцоогоор сонгууль явуулахад Баян-Өлгий аймгаас нэр дэвших гишүүний тоо багасна гэсэн үг биш. Иргэдээс дэмжлэг аваагүй гишүүн нь намын нэрийн халхавч дор дулдуйдаж орж ирэхээс болгоомжилж байгаа. Тиймээс намыг бус, нэр дэвшигчийн нэрийг дугуйлах тогтолцоогоор явна. Харин Дархан-Уул, Орхон аймгийг улсын зэрэглэлтэй хот болгох тухай асуудлыг 2020 онд шийдвэрлэх санал оруулсан. Энэ нь бусад аймгийг хотын хэмжээнд хөгжүүлэх ажлыг хойшлуулна гэсэн үг биш” гэв. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:- “АН-аас гаргасан гурван саналын хоёр нь үндсэндээ уналаа. Бидний зөвшилцөл үр дүнд хүрсэнгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхийн төлөө манай намынхан өнөөдрийг хүртэл зүтгэсэн. Харамсалтай нь, бидний тавьсан санал унасан учраас АН цаашид энэ хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. Үндсэн хуулийг ийм “доголон” баталж болохгүй. Ардчилсан парламентын төлөвшлийг хангахад чухал ач холбогдолтой саналуудыг манай намаас гаргасан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:- “АН молигодуулчихлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард түмэнтэйгээ зөвшилцөхгүй юм гэхэд УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх ёстой байсан. Манай намтай мөн зөвшилцөөгүй учраас АН-ынхантай адил хэлэлцүүлэгт оролцохгүй. МАН дангаараа хуурамч, шинэ хүчинтэйгээ нэгдээд Үндсэн хуулиа батална биз дээ. Та бүхэнд амжилт хүсье. Ард түмнээрээ дүн тавиулж, албан ёсоор олонх болж орж ирээд олон алдааг чинь засаж өгөхийг хичээнэ” гэж хэлээд чуулганыг орхин гарлаа. Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах үйл явцыг гурилдаж байна. Үүнийг хийхдээ “дордуулсан долоо”-г өөрчлөхийг ард түмэн хүссэн ч зөвхөн нэгт нь өнгөц засвар орууллаа. Яг үнэндээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталлаа гээд аль нэг аймгийн малчны амьдралд эерэг өөрчлөлт гарахгүй. Ард түмний амьдралыг өөрчлөх нэг ч заалт оруулсангүй. Та нарын баталсан хуулиар сонгууль явуулна. Тэр үед ард түмэн та нарт хариу барина гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Хоёр зүйлд харамсаж байна. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан ч хориг тавьсан. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох санал унасан. Энэ асуудлыг цаашид шийдэх хэрэгтэй. Хөгжсөн улс орон сонгодог парламенттай байдаг. Манайх шиг хоёр том гүрний дунд оршдог орны хувьд засаглалын хэлбэр чухал. Үүнийг шийдэж чадсангүй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Төрийн үйл ажиллагаа урагшлахгүй, нийгэм, эдийн засагт дорвитой дэвшил гарахгүй байгааг тогтолцоотой холбон ярьж байна. Үүнийг хүний хандлагатай холбоотой гэж би үздэг. Төрийн хүн бол хувийн эрх ашгаа хойш тавьдаг байх хэрэгтэй. Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгаар хийх ёстой байсан. Зөвшилцлийн ажлын хэсэгт О.Баасанхүүг оруулаагүй нь буруу.
УИХ-ын гишүүн Б.Бямбацогт: -Байгалийн баялгийг хувьдаа завших хэрэг гардаг. Энэ байдлыг засах ёстой. Тиймээс байгалийн баялгийг зохистой ашиглах талаар Үндсэн хуульд оруулсан. Үр өгөөжийн дийлэнхийг ард түмэн хүртэх ёстой гэж тусгасан. Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг гишүүд ярьж байна. Намын нэрийн ард нуугддаг, даргын цүнхийг барьж гүйдэг хүмүүс намд харьяалагдаж болох ч намыг бус, нэр дэвшигчийг л дугуйлдаг байхаар зохицуулсан учраас асуудал үүсэхгүй” гэв.
Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн зүйл, заалт бүрийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, АН-ын зөвлөлийн гишүүд санал хураалтад оролцоогүй учраас чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцож, саналыг гар өргөж баталгаажуулсан юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөхөөр тогтов. Үүнээс өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах учиртай.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хорь гаруй жил ярьж, гурван парламент дамжин өрнүүлсэн Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэх олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо.
Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг өргөн барьснаас хойш УИХ таван сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлалгүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа, 105 цаг хэлэлцжээ. УИХ-ын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж, иргэдийн 306 мянган саналыг авч танилцсан байна.
Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал нэг бүрийг нухацтай авч үзэж, хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцсэн юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар томоохон өөрчлөлт авчирч, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, шүүх нь хараат бус болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө нийтээрээ хүчин зүтгэсээр ирсэн билээ. Энэхүү өөрчлөлт нь эрүүл нийгэм, шударга эдийн засаг руу хөтөлнө гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн тухай, Сонгуулийн тухай зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт оруулах тул төр, нийгэмд шударга ёс баттай ноёрхох суурийг тавина. Үр дүнд нь хариуцлагатай, баялгийн үр өгөөжийг тэгш хүртсэн, хөгжингүй улс орон болох учиртай. Энэ өөрчлөлт нь Үндсэн хуулиас эхэлж байгааг бид ойлгох ёстой. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөв, тууштай хэрэгжүүлэхийг уриалж байна. Монголын ард түмэн амар амгалан, айх аюулгүй амьдрахыг хүсэж байгаа. Энэ хүсэмжлэлийг төр нь биелүүлэх ёстой. Монгол төр оршихын утга учир энэ билээ. Монгол түмэндээ төрөө түшиж, түмнээрээ жаргаж, Их Монголын суу алдрыг эгнэгт бадраахын өлзийт ерөөлийг өргөн барья.
Мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнх оршиж, мандан бадрах болтугай” гэлээ. Ийнхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн, баталлаа.
Бэлтгэсэн: Г.Жаргалан