УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд ярилцаж, АН-аас тавьсан гурван шаардлагаас хүлээж авсан хоёр санал болох сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгох тухай заалтуудыг хэлэлцсэн юм. Ингэхдээ холимог тогтолцоог 2024 оны сонгуулиас эхлэн хэрэглэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Хуралдааны үеэр гишүүд дараах байр суурь илэрхийлсэн юм.
О.Баасанхүү: -Улс төрийн намын тухай хуульд зааснаар сонгуулийн үр дүнгээр нам, эвслийн бүлэг байгуулж, хэрэв задарвал гишүүд нь бие даагчдаас ялгаагүй болдог. 2016 оны сонгуулиар МАХН, МАН, АН болон нэг бие даагч гишүүний төлөөлөлтэй парламентыг бүрдүүлсэн. Гэвч зөвшилцлийн ажлын хэсэг гэдэг хууль бус бүтэц байгуулаад, үүндээ МАХН-аас төлөөлөл оруулаагүй. 62 гишүүний өргөн барьсан төслийн талаар ард түмнээсээ асууна гэсэн атал хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр огт яриагүй саналуудын талаар одоо хэлэлцэх гэж байна. Энэ төслийг хэн өргөн барьсан болж хувирав. АН-ын саналыг авч үзэх шаардлагатай гэж яриад, ард түмний тархийг угааж, хууль зөрчөөд байна. Бид Үндсэн хуульдаа гар хүрэх гэж байна. Ер нь УИХ-д зөвлөл гэсэн бүтэц байхыг зөвшөөрсөн заалт ямар хуульд байгаа юм бэ. ШИНЭН гэдгийг байгуулсан хоёр галзуугийн намыг төлөөлж зөвлөл ажиллаж байна ч гэх шиг. Төрөөр ингэж тоглохоо боль. Түүхэнд үлдэнэ. Намуудтай зөвшилцөж байгаа бол парламентад суудалтайтай нь зөвшилц. Цаашлаад нийт ард түмэнтэйгээ ярилц. Дураараа өөрчлөх эрх байхгүй шүү. Бохир зүйл хийхээ боль. Зөвшилцлийн ажлын хэсэгтээ МАХН-аас төлөөлөл оруул.
Барын амнаас гараад арслангийн аманд орно гэдэг болж байна. Миний мэдэж байгаагаар улс төрийн намынхан фракц, ураг төрлөөрөө холбогдож, төрийг хувьчилж авах гээд байгаа энэ үед засаглалын тогтолцоондоо гар хүрч байна. Намын дарга нь Ерөнхий сайд байна. Ерөнхий сайд нь Засгийн газраа томилох нь. АН-д эмгэнэл илэрхийлье. Ардчилал, эрх чөлөөг тунхаглана гээд гарч ирсэн шүү дээ, энэ нам. УИХ Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй. Зарим сайдад нь хариуцлага тооц гэхээр хөдөлдөггүй. Үнэндээ хариуцлага тооцох хууль байхгүй. 19 гишүүний санаачилгаар Ерөнхий сайдыг огцруулж болдог хэрнээ 24 гишүүн гарын үсэг зурж, санал гаргасан ч чаддаггүй. Сайд нь парламентад барьцаалагддаг гэж ойлгож болохгүй. Бүх Засаг дарга аймгийн намын хороогоо удирддаг. Төрийн мөнгөөр намынхаа арга хэмжээг санхүүжүүлдэг. Засгийн газрыг намд хувьчилж өгөх нөхцөл үүсчихлээ. Үндсэн хуульд гар хүрэхдээ зөвшилцөл нэртэй хуйвалдаан хийж байна. Энэ хуйвалдаандаа МАХН-ыг татан оролцуулаагүйд талархлаа. Ард түмэн нэг талдаа, авлигачид нь нөгөө талдаа гарлаа. Засгийн газарт хяналт тавих парламентын эрхийг байхгүй болголоо. Үндсэн хуулийн цэцийн дарга нь бусдын биед халдаж байна. Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулчихаад “Намайг сайшаасан” гээд явж байгаа хүн бий. Нэг хүнийг барьцаанд оруулах нөхцөл бодитой бүрдэх гэж байна.
Хаалгаар өшиглөөд гаргасан юмыг тооноор оруулж ирлээ гээд тойргийнхон маань шүүмжилж байна. Холимог тогтолцоо гэдэг нь улс төрийн намаас гаргасан жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэсэн үг юм байна. Нэр дэвшигчийн төлөө гэж байгаа бол Д.Сүхбаатар жанжин, Х.Чойбалсан маршал, эсвэл Чингис хааны нэрийг тавиарай. Нэр дэвшигч хэний төлөө ажиллах вэ. Намаас жагсаалтад орж байгаа юм чинь намынхаа төлөө л ажиллана. Хувь тэнцүүлэх зарчмаар гэдэг чинь юу гэсэн үг вэ гэдгийг бод. Сонгогдох эрх чөлөөг сонгохын дээр тавиад байна. Сонгох эрх чөлөөг боож байна. Би нэр дэвшигчийн төлөө биш намын бодлого, үзэл баримтлалын төлөө саналаа өгмөөр байна. Саналаа өгөөгүй сонгогчийг яах вэ?
С.Бямбацогт (Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга): -Санал хураах томьёолуудаас хоёрхон нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбоотойгоор хүчингүй болсон 73 дугаар тогтоолыг хэлэлцэж байхад дэмжигдсэн. Өөрөөр хэлбэл, хүчингүй болчихож байгаа учраас гурав дахь хэлэлцүүлгээр дахин санал хураах шаардлага үүссэн. Түүнээс биш үг, үсгийг нь өөрчлөөгүй. АН-аас гаргасан гурван шаардлагаас хоёрыг нь дэмжих, эсэх талаар санал хураана. Нөгөө талаас энэ хоёр заалт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд анхнаасаа байсан ч хоёр дахь хэлэлцүүлгийн явцад олонхын дэмжлэг аваагүй. Холбогдох хуулиудын дагуу энэ хоёр саналыг гишүүдийн гуравны хоёр нь дэмжих ёстой.
62 гишүүний өргөн барьсан төсөлд УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэж заасан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтоох саналыг АН-ын зөвлөл гаргасан. Өмнө нь ч гаргаж байсан. 64 суудалтай МАН хүч түрж болохгүй гэсний үндсэн дээр холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар дэмжсэн. Ингэхдээ 2024 оноос хэрэгжүүлэхээр ойлголцсон. 76 тойргоос сонгогдсон гишүүдийг жалга довын үзэл гаргадаг гэж шүүмжилдэг. Тиймээс намын жагсаалтаар нэр дэвшиж, улсын хэмжээний гишүүн сонгох тухай энд ярьж байна.
Д.Хаянхярваа: -Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, чөлөөлөх эрхтэй байхыг дэмжиж байгаа. Ингэснээр Ерөнхий сайдын эрх мэдэл өргөн хүрээтэй болно. Их эрх мэдлийг дагаж хариуцлага нэмэгддэг гэдэг. АН гуравдахь саналаа татаж байгаа юм уу. Зөвшилцөх ажлын хэсгийнхэн гуравдахь саналыг нь унагаж байгаа бол буруу. Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгож, Ерөнхий сайдад өгч байгаа одоогийн эрх мэдлийнхээ хүрээнд ажиллаж чадвал зөв тийшээ явах нөхцөл бүрдэнэ. Манай бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналаа АН татаад авчлаа гэж хэлсэн. Нэмэлт, өөрчлөлтөө баталсны дараа Ерөнхийлөгчид олгосон эрх, үүргүүдийг яах вэ гэдгээ ярьж, холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулж, Засгийн газар нь өөрийнхөө толгойгоор ажиллах нөхцөл бололцоог олгоход анхаарах хэрэгтэй. Мөн Ерөнхий сайд намын дарга байна гэсэн бичигдээгүй хууль бий. Энэ их эрх мэдлийг тойроод улс төрийн хүчнүүд дарга тойрсон бүлэглэлтэй болчихвий гэсэн болгоомжлол байгаа. Тиймээс улс төрийн намууд дотоод ардчиллаа хадгалж, улам боловсронгуй болгох ёстой. Өнгөрснөөс харахад, засаглалын тогтворгүй байдлын үүдэл нь Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын хоорондох эрх мэдэл тодорхойгүй байдагтай холбоотой. Энэ зөрчил одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын үед бий болсон ч юм биш. Үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх агуулга бүхий хууль санаачлан батлуулсаар байгаад ийм байдалд хүрсэн. Би судалгаа хийлгэхэд, 46 хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нь нэмэгдүүлсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын эрх мэдлээс булаацалддаг. Болдогсон бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, энэ хоёрыг салгах шаардлага зайлшгүй бий.
Д.Эрдэнэбат: -Саналаа татаж аваагүй. Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг дэмжээгүй.
Ж.Мөнхбат: -Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгох АН-ын саналыг дэмжиж байгаа. Монгол Улс парламентын засаглалтай. Энэ тогтолцоогоо сайжруулах чиглэлд бид алхам хийж байгаа хэрэг. Дэлхийн нийтийн чиг хандлагыг дагаж, энэ саналыг дэмжих нь зөв. Өнөөдөр манайд сайд нартайгаа хариуцлага ярьж чаддаггүй байдал газар авсан. Энэ нь УИХ-ын түвшинд улстөржих шалтгаан болж, танхимаараа дэнжигнэхэд хүрдэг. Тиймээс ч үе үеийн Ерөнхий сайд нар сайд нартайгаа хариуцлага тооцох асуудлыг УИХ-д тавихаасаа жийрхэж ирсэн.
Д.Лүндээжанцан: -Үндсэн хуульд оруулахаар ярьж байгаа нэмэлт, өөрчлөлтүүдээс улс төрийн намтай холбоотой заалтуудыг 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдвөл ирэх жилийн ээлжит сонгуульд хамаарах уу гэдгийг олон талаас асууж байна. Ажлын хэсэг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд хариулт өгөх хэрэгтэй.
С.Бямбацогт: -Өргөн мэдүүлсэн төсөлд нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн зохицуулалт байсан. Үүнийг өөрчилж, улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж өрсөлдөнө хэмээн оруулсан. Учир нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэхээр 21 аймаг 330 суманд салбар нэгжтэй, бодлого үйл ажиллагаа явуулах юм шиг, нэлээд өргөн хүрээнд, хүндрэлтэй байдал руу оруулж болзошгүй гэж үзээд өөрчилсөн. Мөн сонгуулийн насны иргэдийн нэг хувь буюу 20 орчим мянган иргэн эвлэлдэн нэгдэж, нам байгуулах тухай заалт оруулсан. Үүнийг зөвшилцлийн ажлын хэсэг ярилцаж тусгасан. Гэхдээ эдгээр нь 2020 оны сонгуульд үйлчлэхгүй. Яагаад гэвэл, сонгуулийн жил 2020 оны нэгдүгээр сараас эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл,эдгээр заалт 2024 оны сонгуулиас үйлчилнэ гэж ойлгох хэрэгтэй.