Монгол Улс 3.3 сая хүн амтай. Харьцангуй цөөхүүл хэрнээ өвчний улмаас нас баралтаараа дэлхийд “гайхагддаг” нь харамсалтай. Тухайлбал, хавдар, зүрх, судасны өвчин, тархинд цус харвах эмгэг зэргийг нэрлэж болно. Эдгээрээс өвөрмөц явцтай, хүнийг богино хугацаанд үхэлд хүргэдэг нь тархины харвалт. Энэ өвчин монголчуудыг хэдийн туйлдуулж, жил бүр мянга мянган хүний тэргүүнд “халдаж”, хөдөлмөрийн чадваргүй болгон, цаашлаад амийг нь авч одож буй нь гашуун боловч үнэн. Цус харвасан нийт хүний ердөө арав орчим хувь нь л хэвийн амьдралд эргэн ордог гэхээр хэр айхавтар өвчин болохыг илтгэх биз ээ.
Олон улсын дунджаар 100 мянган хүн тутамд цус харвалтын 134-336 тохиолдол бүртгэгддэг байхад манайд уг үзүүлэлт 290 байдаг. Гэхдээ энэ нь 2000 оны эхээр хийсэн судалгааны дүн шүү дээ. Сүүлийн 15 жилд улсын хүн ам өсөхийн хэрээр цус харвалт, түүнээс шалтгаалсан нас баралт нэлээд нэмэгдсэнийг эмч нар сануулсаар буй. Харвалтаас улбаатай нас баралт дэлхийн улс орнуудад 100 мянган хүн тутамд 36-136 байхад Монголд 130 гэж тоологддог. Эдгээр баримт нь цус харвах өвчнөөс нийтээрээ сэргийлэх, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах замаар өвчтөнүүдийн хөдөлмөрийн чадварыг сэргээхэд нэгдсэн стандарт, бодлого боловсруулахыг шаардаж буй юм.
Нэг үеэ бодвол манай эмч нарын мэдлэг, чадвар дээшилж, хүнд хэлбэрийн өвчнүүдийг эх орондоо анагаадаг болсон ч ялангуяа цус харвалтын дараах эрт үеийн нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ орхигдсоныг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Зүрх, судасны өвчин, тархины харвалт, шигдээсийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг ганц төв нь Улсын гуравдугаар төв эмнэлэг. Тиймдээ ч ачаалал ихтэй, тэр дундаа Харвалтын тасаг нь. Хэвтэн эмчлүүлэх 20 ор нь хүнээр тасардаггүй аж. Тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Ариунаагаас харвалтын тусламж, үйлчилгээтэй холбоотой зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Зүрх болон судасны эмгэгээс шалтгаалж, тархинд цус харвадаг. Бусад өвчин шиг ужиг хэлбэрийнх биш. Цахилгаан мэт гэнэт “цахидаг” тул хурц явцтай, энэ хэрээр мэдрэлийн системийг хүнд гэмтээдэг.
Тиймээс манай эмч нар цус харвасан өвчтөнд яаралтай тусламж үзүүлсний дараа шаардлагатай оношилгоо, эмчилгээг хийхэд цагаас илүүгүй хугацаа зарцуулдаггүй. Аль болох хурдан арга хэмжээ авдаг гэсэн үг. Учир нь дэлхий дахинд уг өвчний үед “Тархи бол цаг” гэсэн зарчим баримталдаг. Үүнээс ч богино хугацаанд эмчилгээг нь эхлүүлж байж аварна. Ингээд айдгаа ардаа хийсний дараа өвчтөнийг сэргээн засах эмчилгээнд шилжүүлэх заалттай. Гэвч манай эмнэлэгт битгий хэл улсын хэмжээнд ийм тасаг байхгүй. Олон улсад цус харвасан өвчтөнүүдэд эрт үеийн нөхөн сэргээх эмчилгээ хийдэг тусгай тасаг бий. Тухайн хүний хөдөлмөрийн чадварыг сэргээхийн тулд олон сараар эмчилдэг. Өөрөөр хэлбэл, өвчтөн эдгэрээд, эмнэлгээс гарахад тодорхой хэмжээнд хөдөлмөрлөх чадвартай, ядаж л бусдын гар харахааргүй болгодог. Харин манайх хэвтэн эмчлүүлэгсдэдээ нөхөн сэргээх эмчилгээг дөнгөж эхлүүлээд л орхиж байна. Эмнэлгээс гараад энэ төрлийн тусламж, үйлчилгээ авах гэхээр дүүргүүдийн эмнэлгийн Мэдрэлийн тасгаас өөр очих газар байхгүй. Тэнд нь 10 хоног хэвтүүлээд гаргадаг” хэмээн ярьсан.
Цус харвасны дараах эрт үеийн сэргээн засах эмчилгээ яагаад чухал вэ. Зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасагт жилд дунджаар 1000 орчим хүн шинээр өвчилж, хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 10 хувь нь л арайхийн ажлаа хийдэг бол цөөнгүй нь нас барж, үлдсэн нь хөгжлийн бэрхшээлтэй болдог. Өвчтэй ах, дүү, аав, ээж, ханиа асрах гэж хэн нэг нь ажлаасаа гарч, тухайн өрх гэрийн амьдрал, эдийн засагт их хэмжээний дарамт болдгийг эмч нар хэлж байв. Тиймээс цус харваад, амьд үлдсэн хэдийгээ хөл дээр нь босгох үр дүнтэй эмчилгээ, үйлчилгээ Монголд нэн шаардлагатай. Ялангуяа өвчний эхний 3-6 сард нөхөн сэргээх эмчилгээг үр дүнтэй, чанартай хийх нь чухал аж. Олон улсад тухайн хүний аль эрхтэн саажсанаас шалтгаалж, хийх дасгал нь өөр өөр. Амьсгалын дутагдалтай хүнд цээжний, гар, хөлөө хөдөлгөж чадахгүйд нь идэвхжүүлэх зэрэг дасгалыг шатлалтай заадаг юм байна. Хугацаа шаарддаг ч энэ нь үр өгөөжөө өгдөг.
Монголчууд яагаад зүрх, судасны өвчинд өртөмхий байдаг юм бол. Хүн төрөлхтний хорт зуршлын хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, цусны даралт ихсэх өвчний тархалт зэргийг үндэслэн, дөрвөн хүн тутмын нэг нь цус харвах эрсдэлтэй болсныг ДЭМБ саяхан мэдээлсэн. Тэгвэл монголчуудын 27.1 хувь нь тамхи, 64.6 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэдгээс 38.3 хувь нь бор дарс тогтмол хүртдэг болжээ. Насанд хүрэгсдийн 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдол, хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, гурван хүний 1-2 нь даралт ихсэх өвчинтэй. Цаашлаад 25-64 насны 10 хүн тутмын дөрөв нь судас хатуурах өвчинд өртөх эрсдэлтэй болсныг судлаачид анхааруулдаг. Эдгээр шалтгааны улмаас тархины судас задарч, эсвэл бөглөрөн, цус харвадаг байна.
Бидний олонх нь цус харвах өвчний талаар төдийлөн ойлголтгүй. Гавал дотор цус “алдахаар” л харвалт үүсдэг гэж ойлгох нь бий. Ж.Ариунаа эрхлэгчийн хэлснээр, уг эмгэг нь гурван хэлбэртэй. Дэлхийд хамгийн түгээмэл тохиолддог нь судас бөглөрөх буюу тархинд цус хомсрох харвалт аж. Энэ нь зүрхний хэм алдалт, судас хатуурч, бөглөрөх, эсвэл өтгөрснөөс үүддэг. Өөрөөр хэлбэл, тархины эд, эсийг тэжээгч гол судсуудад цус очихоо больсноор мэдрэлийн эсүүд үхжиж, хэл яриа тультрах, хөл, гар мэдээгүй болж, улмаар аминд ч халтай гэнэ. Өвчний эхэн үед буюу шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт яаралтай хандсанаар тархины эд, эсүүдийг үхжихээс аварч, цусан хангамжийг сэргээх боломжтой аж. Тодруулбал, дэлхийд уг өвчнийг судас бөглөөд байгаа бүлэнг нь хайлуулах, уусгах, соруулах, судас тэлэх эмчилгээгээр эдгээдэг. Манай улс судсан дотуур хийдэг эмчилгээний эл аргыг 2013 онд нэвтрүүлснээс хойш 60 орчим хүнд амьдрал бэлэглэжээ.
Өөр нэг хэлбэр нь монголчуудын дунд хамгийн элбэг тохиолддог нь тархины эдийн цус харвалт гэнэ. Энэ нь судас бөглөрөхөөс ондоо. Тархины судасны бүрэн бүтэн байдал алдагдсанаас судас задарч, цус харвадаг. Их хэмжээний цус мэдрэлийн эд, эсийг дарах, шахах ба тархи, нугасны шингэний урсгалыг саатуулснаар өвчтөн маш хүнд байдалд ордгийг эмч нар хэлсэн. Энэ төрлийн цус харвалт дэлхийн бусад улсынхаас манайд түлхүү тохиолддог нь харамсалтай. Мэдрэлийн мэс засалч нарын хэлснээр, монголчууд цусны даралт ихсэх өвчнийг нэг их тоодоггүй. Олон жил ийм өвчтэй явахаар тархины судасны ханыг гэмтээдгийг иргэд мэддэггүй аж. Нэг л өдөр огцом уурлаж, бухимдах, даралт хэт өндөр заахад тархины гэмтсэн судаснууд хагарч, харвадаг байна. Эсвэл тэрүүхэн хэсэгтээ бөглөрч, цус хурдаг аж. Энэ нь ихэнхдээ хэл яриа, хөдөлгөөнийг удирддаг мэдрэлийн төвөөс холуур өнгөрдөг ч аажимдаа тархины бор давхаргын хэсгүүдийг гэмтээж, хүнийг тэнэгрэлд хүргэдэг. Ийм шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдол ч олон байдаг гэнэ. Тиймээс даралт ихсэх, судас хатуурч, нарийсах өвчнийг хайхрахгүй өнгөрч болохгүй нь.
Цус харвасан өвчтөнүүдийн олонх нь 40-60 насныхан. 16-21 насныхан ч цөөнгүй хувийг эзлэх болжээ. Харин гадаадад 60 наснаас уг өвчний тухай ярьж эхэлдэг. Залуу, голдуу төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог өөр нэг төрлийн цус харвалт нь аалзан бүрхүүлийн дор явагддаг гэнэ. Энэ нь төрөлхийн судасны гажиг буюу ихэнхдээ артерын судас цүлхийсэн үед үүсдэг. Цөөн тохиолдолд артер, венийн сүлжээрийн гажиг, эсвэл гэмтлийн шалтгаанаар тархины бүрхүүлийн дор цус харвадаг байна. Уг өвчний үед дээр дурдсан шиг хөл, гар саажин, хэл яриа тультардаггүй аж. Тархийг аалз шиг бүрхдэг торлог болон мэнэн бүрхүүлийн завсраар цус хавж харвадаг учраас толгой дааж, давшгүй өвддөг бол цөөн тохиолдолд шинж тэмдэг бүдэг байна.
Энэ төрлийн харвалтыг оношлох арга нь MRI, ангиографын шинжилгээ хийлгүүлэх ч хүн бүрт ийм боломж хомс. Тиймээс эмч нар даралт ихэсдэг, чихрийн шижинтэй, байнга толгой өвддөг, гэр бүлийнхэн дунд нь цус харвасан, тамхи татдаг, жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаагаар уудаг хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг зөвлөсөн. Харин эдийн болон цус хомсрох харвалт нас, хүйс харгалзахгүй тохиолддог тул тавиланг нь өөрчлөх хэцүү аж. Гэхдээ дээр дурдсанчлан давс, өөх тосны хэрэглээгээ бууруулах, архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах зэрэг хорт зуршлаасаа салах хэрэгтэй.
Ялангуяа, архины хэрэглээ монголчуудын дунд утга учраа алдсан. Үүний бэлээхэн жишээ, өнгөрсөн даваа гарагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт очиход хар уснаас болж гурван хүн цус харвасан байв. Нэг эмэгтэй 10 хоног архи уусан бол өөр нэг нь хоёр, гурван өдөр хэтрүүлэн хэрэглэжээ. Архи тогтмол ууснаар даралт ихсэж, тархины судас хэврэгшсэнээр харвалт болдог аж.
Харвалтын тасгаар жилд 1000 хүн үйлчлүүлдгийн 45-50 хувь нь тархины эдийн цус харвалттай. Олонх нь маш хүнд хэлбэрийн, том хэмжээтэй, ховдол руугаа цөмөрсөн байх нь бий гэнэ. Түүнчлэн цус хомсрох нь 35 орчим, аалзан бүрхүүлийн дорх харвалт 12-17 хувь тохиолддог аж. Нийт тохиолдлын 16.7 хувь нь нас бардаг. Үүний дотор тархины эдийнх хамгийн өндөр хувьтай байна.
Эдгээр тоо бол зөвхөн нэг эмнэлгийнх. Өвчлөл ийм өндөр байхад ЭМЯ, холбогдох байгууллагууд улсын хэмжээний нэгдсэн бүртгэл, судалгаагаа гаргаж чаддаггүй. Өвчтөнүүдийг регистрийн дугаараар нь бүртгэдэггүйгээс давхардуулж тоолох нь олонтоо гэсэн. Тиймдээ ч ЭМЯ 2017 онд улсын хэмжээнд цус харвасан хүний тоог гаргахдаа 11 000 гэж мэдүүлж байж. Тархай бутархай суурьшдаг, орон нутагт өвдөөд ирснийг нь нийслэлд давхардуулах, эсвэл огт бүртгэдэггүй аж. Энэ бүхнээс шалтгаалж цус харвалтын тархалтын нарийн судалгаа Монголд алга.
Нөгөөтээгүүр, цус харвасан өвчтөнүүдийг тээвэрлэх асуудал тулгамдаж буйг эмч нар хэлэв. Яаралтай тусламжийн эмч нарыг харвалтын төрлүүдийг таньж, ялгахад жил бүр сургадаг ч ахиц дэвшил төдийлөн гарахгүй байгаа гэнэ. Тухайлбал, тархины гүний чухал хэсэг болох гүүр, баганын харвалтын үед өвчтөнд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, ухаан алдаж унах нь олонтоо. Бага тархиных бас адилхан, тэнцвэр алддаг. Даралт нь 200 гарч зааж, ухаан алдсан байхад л холоос тээвэрлэж, цусыг нь тархинд тархаах, өвчнийг улам хүндрүүлэх тохиолдол гарсаар байгаа гэнэ. Эсрэгээрээ, цус хомсрох харвалтын үед 3-4 цагийн дотор эмнэлэгт хүргэснээр өвчтөнийг аврах боломжтой гэхчилэн яаралтай тусламжийн эмч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэхээс эхлээд эл салбарт хийх ажил мундахгүй байна.