Халдварт бус өвчин, тэр дундаа зүрх, судасны эмгэгийн тусламж, үйлчилгээг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт бус, өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвд чанартай үзүүлэх нь үр дүнтэйг ДЭМБ зөвлөдөг. Тиймээс тус байгууллагын дэмжлэгтэйгээр, ЭМЯ “Зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг I шатлалын эмнэлэгт нэвтрүүлэх” төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор Дархан-Уул аймгийн гурван сум, Сонгинохайрхан дүүргийн найман хорооны эмнэлэг, бусад дүүргийн Өрхийн эрүүл мэндийн таван төвд уг төслийг хэрэгжүүлж буй юм байна. Үүний хүрээнд дээрх эмнэлгүүдэд зүрх, судасны өвчнийг оношилж, хянахад нэн шаардлагатай 14 төрлийн 334 ширхэг тоног төхөөрөмж гардуулсныг холбогдох яам мэдээлэв. Тодруулбал, цусан дахь өөх тос болон чихэр хэмжигч төхөөрөмж, тэдгээрийн түргэвчилсэн оношлуурууд, биеийн жин, яс, булчингийн хэмжээг тодорхойлох аппарат, шээсний шинжилгээг олон үзүүлэлтээр “хэлэх” туузан оношлуур зэрэг багтжээ. Эрүүл мэндийн анхан шатны байгууллагынхан шаардлагатай аппарат, төхөөрөмжөөр ийн хангагдсанаар зүрх, судасны өвчнийг эрт үед нь илрүүлж, хянах боломж бүрдсэн байна.