УБХ, УИХ-ын гишүүн агсан С.Чулуунбаатарын 10 жилийн өмнө бичиж байсан нийтлэлийг уншигч танд дахин хүргэж байна. Хэдий ийм хугацаа өнгөрсөн ч энэхүү нийтлэл өдгөө ч хуучраагүй, үнэ цэнтэй хэвээр.
Монгол Улсын төрийн байгууллагын тогтолцоог Улсын Их хурал, Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх эрх мэдэл гэсэн дөрвөн бүрдэл хэсэгтэй болгож тогтоосон билээ. Улс төрийн олон намаас болон биеэ дааж нэрээ дэвшүүлэх замаар өрсөлдөж сонгуулиар олонхын санал авч ялалт байгуулсан хүмүүсээс бүрэлддэг байнгын ажиллагаатай парламент, энэхүү парламентад суудал эзэлсэн намуудаас нэр дэвшүүлж, сонгуулийн насанд хүрсэн иргэдийн олонхын саналаар сонгогддог Улсын Ерөнхийлөгч байхаар хуульчилсан нь Монгол Улсын төрийн байгууллагын өнөөгийн тогтолцооны гол онцлог нь юм. Монголын төр улс нь Бүгд Найрамдах засаглалын хэлбэртэй байна гэж Үндсэн хуулиндаа тунхаглажээ. “Засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр болох Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын тухай анхнаасаа хурц ширүүн маргаан тухайн үеийн Ардын Их хурлыг сонгох XII дахь удаагийн сонгуулийн Их хурлын депутатуудын дунд өрнөж эцэст нь парламентын засаглалын хэлбэрийг сонгосон билээ.
УИХ-ыг сонгох 1996 оны сонгуулиас эхлээд УИХ-д бизнесийн бүлэглэл орж ирж, төрийн бус мөнгөний сонгууль хийдэг болсон үеэс л монголын парламент “бузартаж” үйл ажиллагаа нь доголдох болсон нь нууц биш. Үүнд: УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байгаа улс төрийн намууд буруутай. Цэвэршүүлэх арга зам нь гэвэл бүх ард түмний санал авсны үндсэн дээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар хоёр шатны парламенттай болох явдал мөн. 150-иас илүүгүй депутатаас бүрдсэн дээд танхим буюу байнгын ажиллагаатай Улсын Бага хурал байгуулж дээд танхимынхаа өмнө тайлагнадаг, дээд танхим нь доод танхимынхаа нийт гишүүдийн тавны нэг хүртэл хувиар жил бүр сэлгээ хийдэг болгочихвол одоогийн энэ Гүндалай мэтийнхэн хуулийн дээгүүр харайхаа болиод зогсохгүй олигархууд Их Бага хурал руу хошуурдагаа болино.
Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн Ардын Их хурлын хоёр дахь чуулганд оролцсон олон депутат манайд засаглалын парламентын биш Ерөнхийлөгчийн хэлбэр илүү тохиромжтой гэж үзэж байсан юм. Тэд үндэслэлээ тайлбарлахдаа нэгдүгээрт, монголчууд нэг хүний хүчирхэг, нэгдмэл удирдлагад байхдаа цэцэглэн мандаж ертөнцийн тэн хагаст нь хяналт тогтоож байсан түүхэн уламжлалтай, харин бага хаадын үед эрх мэдлийн төлөө өөр хооронд эрсэлдэн тэмцэж эцэс сүүлдээ хүний идэш болж байсан гашуун түүх бий. Хоердугаарт, ардчилалын үлгэр дууриал болгож манайхны ярьдаг АНУ хоёр зуу гаруй жилийн турш Ерөнхийлөгчийн засаглалтай байж өнөөдөр манай гаригийн хамгийн баян, хүчирхэг "жандарм" гүрэн болчихоод байна гэдгийг жишээ туршлага болгож, гуравдугаарт, төр нь улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ард, нийгэм, соёл эдийн засгийн хөгжил дэвшлийг бүхэлд нь авч явдаг бол Төрийн тэргүүн нь мөн тийм хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой.
Дөрөвдүгээрт, дөрвөн жил тутамд сонгогддог УИХ нь эрээвэр хураавар бүрэлдэхүүнтэй байх төдийгүй улс орны нийгэм эдийн засаг, эрх зүйн мэдлэг мэргэжлийн хувьд дутмаг байх магадлалтай тул тэд улс орны хөгжлийн “нэгдмэл бодлого” тодорхойлох чадавхиар мөн л дутмаг байж болох талтай. Тавдугаарт, олон намын систем тогтсон шинэ нөхцөлд үзэл бодлын зөрүү байх нь зүйн хэрэг боловч эцсийн дүндээ парламент нь олон намын төлөөллөөс бүрдэх учир төр улсын өндөр хариуцлагатай үйл хэргийг улс төрийн олон намууд, тэднийг төлөөлсөн парламент дахь намын бүлгүүдийн дунд цацаж болохгүй, түүний оронд бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагад даатгах хэрэгтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байсан юм. Тэр үед Улсын Бага хурал.
АИХ-д суудалтай байсан МоАН, МҮАН, МСДН-ынхан төдийгүй МАХН-ын олонх Ерөнхийлөгчийн засаглал тогтоовол нэг хүний засаглал дарангуйлал, бүр тодруулж хэлбэл Цэдэнбализм хэвээр үргэлжилнэ. Иймд үүний эсрэг парламентын засаглал тогтоовол нэг хүний дарангуйллаас ангижирч чадна хэмээн тайлбарлаж байсанд олон хүн нээрээ ч тийм байж болох юм хэмээн эргэлзэж тээнэгэлзэж байснаас Ерөнхийлөгчийн засаглалын талынхан бид ялагдал хүлээсэн билээ. Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэсэн бидний цөөнхийн санал зөв байсныг шинэ Үндсэн хууль батлагдснаас хойших 18 жилийн ажил үйлс бэлээхэн харууллаа.
Үнэнийг хэлэхэд бид төрийн гурван өндөрлөгийн дунд эрх мэдлийг хуваарилахдаа “Эхийг эцээж тугалыг тураахгүй” гэдэг зарчмаар хандаж саармагжуулсныхаа хорыг өнөөдөр амсацгааж байна.Миний бие бүрэлдэхүүнд нь оролцож байсан. 1992 оны сонгуулиар байгуулагдсан анхны УИХ-аас эхлээд дараа дараагийн УИХ-ууд хууль, төсөв батлахаас илүү гарахгүй, аль ч улсын ердийн парламентын адил үүрэг гүйцэтгэж ирлээ. Тэд нэг ч удаа улс орны хэмжээний дорвитой бодлого тодорхойлсонгүй. Тэр ч бүү хэл өчигдөр баталсан хуулиа өнөөдөр өөрчилж суугаа нь парламентын гишүүдийн олонх нь алс ирээдүйг бүү хэл маргаашийг харах чадваргүй болохыг нотолж байна.
Санхүүгийн гэх нэрээр ярьж эхэлсэн капитализмын эдийн засгийн ээлжит их хямрал эхэлчихлээ гэдгийг улс төрчид, эдийн засагчид анхааруулсаар байтал тулж ирсэн хямралыг эрсдэл багатай давж туулах төрийн оновчтой бодлого тодорхойлох нь бүү хэл 2009 оны улсын төсвийн хууль хэлэлцэж байхдаа Монгол оронд аль хэдийнэ эхэлчихээд байсан эдийн засгийн хямралыг мэдээгүй ойлгоогүй байснаас дөрвөн зуугаад тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталчихаад сууж байгаа УИХ-ын эрхмүүдэд итгэх арга байна гэж үү. УИХ нь нэг иймэрхүү өнгө төрхтэй байхад манай одоогийн тогтолцоогоор Ерөнхийлөгч нь зөвхөн санал зөвлөмж оруулах хориг тавих төдий эрхтэй байдаг.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авч болох, хэрэгсэхгүй ч байж болохоор хуульчилсан нь жинхэнэ “саармагжуулалт” болж байна. Ерөнхийлөгч парламентын харилцаа ийм байгаа бол Ерөнхийлөгч, Засгийн газрын харилцаанд ч энэ “саармагжуулалт” явагдаж байна. Улс үндэстний амин чухал эрх ашгийг хөндсөн асуудлаар Ерөнхийлөгч зарлиг гаргалаа гэхэд Ерөнхий сайд гарын үсэг зурахгүй бол хоосон цаас болоод өнгөрнө. УИХ, Засгийн газрын харилцааны тухайд хэлэх ч юм алга. Засгийн газар бол зөвхөн УИХ-ын амыг харагч, дуулгавартай гүйцэтгэгч төдийхөн юм.Ингэж манай орны төрийн байгуулалтын өнөөгийн тогтолцоонд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын аль аль нь нэг талаар ажил үүрэг, эрх мэдлийн хувьд биеэ даасан мэт атлаа хэн нь ч дорвитойхон бодлого боловсруулж, ажил хэрэг хариуцан явуулж болохооргүй, хариуцлага хүлээхээргүй, нөгөө талаар хэн нэгнийхээ санал, чиглэлийг хүлээж авахгүй байж болохоор, тэр хэрээрээ төр, улсын нэгдмэл бодлого тодорхойлж хэрэгжүүлэх боломж муу байгааг Ерөнхийлөгч Н.Энхбаяр санаачилж, нэхэл дагал болж байж УИХ баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг өнөөдөр Н.Энхбаяраас өөр хэн ч ярихгүй, тэр ч бүү хэл үндэсний хөгжлийн цогц бодлогод тодорхойлсон зарим гол гол зорилтууд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй баримт бэлээхэн харуулж байна.
Өнөөгийн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл УИХ эрх мэдлийг өөртөө хэт төвлөрүүлж байгаагаас Засгийн газрын эрх мэдэл дутагдаж юм л бол УИХ-ын амыг харж цаг алдаж, тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь шуурхай шийдвэрлэж чадахгүйд хүрч байна. Оюутолгой, Таван толгойн ордыг эзэмшиж ашиглах асуудал олон жилээр сунжирч ихээхэн хэмжээний ашиг орлого олох боломж алдсаны буруутан нь Засгийн газар биш харин УИХ юм. УИХ гэдэг ямар ч хяналтгүй, юу ч хэлсэн, хийсэн хамаагүй газар болжээ. Энэ нь шинэ Үндсэн хуулиар эрх мэдлийг хуваарилахдаа тэнцвэржүүлж чадаагүй, нэгэнт л парламентын засаглалыг сонгосон юм бол түүнд хяналт тавих арга механизмыг нөгөө талд нь бүрдүүлж өгөх ёстой байсныг орхигдуулсантай холбоотой юм.УИХ гэдэг бол ард түмний сонгох, сонгогдох эрхээр дамжуулан шийдвэр гаргах хариуцлага хүлээх эрхийг ард түмнээс шилжүүлж авсан төрийн институц мөн.
Ард түмнээс дамжуулж олгосон эрх мэдлийг УИХ, түүний гишүүд хэрхэн ашиглаж байгаад хяналт тавих механизм байхгүй бол дарангуйллыг төрүүлэх аюултай гэдгийг УИХ-ыг сонгох дөрөв тав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ дахь цөөнхийн бүлгийн зарим ажил, үйлдэл харуулаад байх шиг байна. Гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай тул бүрэн эрхийг нь түр түдгэлзүүлээд өгнө үү гэсэн Монгол Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг ямар ч үндэслэлгүйгээр хүлээж авахгүй байна гэдэг бол Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа төдийгүй өөрсдийгөө хуулийн дээгүүр тавьж байна гэсэн үг. Нэгэнт өөрсдийгөө хуулиас дээгүүр тавьж байгаа бол дарангуйлал үйлдэх магадлал өндөр байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл УИХ ард түмнээс шилжүүлж авсан эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хэн ч хяналт тавих боломжгүй болгосон Үндсэн хуулийн “цоорхойг” УИХ –ын гишүүд овжин ашиглаж байна.
Хэрэв Монголын парламент Монгол Улсын их хурал, Улсын бага хурал гэсэн дээд доод хоёр танхимтай байгаад байнгын ажиллагаатай доод танхим нь байнгын бус ажиллагаатай дээд танхимынхаа өмнө тайлагнадаг байсан бол байдал огт өөр байх байсан.УИХ –ыг сонгох 1996 оны сонгуулиас эхлээд УИХ-д бизнесийн бүлэглэл орж ирж, төрийн бус мөнгөний сонгууль хийдэг болсон үеэс л Монголын парламент “бузартаж” үйл ажиллагаа нь доголдох болсон нь нууц биш. Үүнд: УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байгаа улс төрийн намууд буруутай. Цэвэршүүлэх арга зам нь гэвэл бүх ард түмний санал авсны үндсэн дээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар хоёр шатны парламенттай болох явдал мөн. 150-иас илүүгүй депутатаас бүрдсэн дээд танхим буюу байнгын бус ажиллагаатай Улсын их хурал 35-аас илүүгүй гишүүнтэй доод танхим буюу байнгын ажиллагаатай Улсын бага хурал байгуулж дээд танхимынхаа өмнө тайлагнадаг, дээд танхим нь доод танхимынхаа нийт гишүүдийн тавны нэг хүртэл хувиар жил бүр сэлгээ хийдэг болгочихвол одоогийн энэ Гүндалай мэтийнхэн хуулийн дээгүүр харайхаа болиод зогсохгүй олигархууд Их бага хурал руу хошуурдгаа болино.
Үүн дээр Ерөнхийлөгчийн засаглалыг нэмчих юм бол Монгол Улсад хууль ёс хэрэгждэг болж сахилга дэг журам сая тогтоно. Түүнээс гадна дэлхийн олон оронд албан тушаалтнуудыг томилдог парламент гэж байдаггүй. Манайд болохоор Ерөнхий сайдаас эхлээд янз бүрийн шатны янз бүрийн чиг үүрэг бүхий маш олон албан тушаалтнуудыг УИХ томилж байна. УИХ руу өндөр мэдлэгтэй нь бус их мөнгөтэй нь тэмүүлж байгаа нь үүнтэй хобоотой юм. Тэд өндөр эрх мэдэл олж аваад өөрийн хүнийг сайдын сэнтийд суулгадаг, сайдын цаана олон арван агентлагийн дарга захирлын болон төсвийн байгууллагын хэдэн мянган дарга захирлын суудал байдаг бөгөөд тэдгээрт өөрийн хүнээ суулгаж хувийн бизнестээ үйлчлүүлдэг. Ийм болоод л тэд Их хурлын гишүүн болохын төлөө нэг удаа хэтэвчээ дундруулахаас буцдаггүй. Үүнээс гарах ганц гарц нь УИХ –аас хийдэг энэ олон томилгоог цөөлөх явдал мөн. Хэрэв хоёр шатны парламенттай, Ерөнхийлөгчийн засаглалтай болгочихвол энэ олон томилгооны эрхийг чиг үүргийнх нь парламентын дээд доод танхим Ерөнхийлөгчид хуваарилах боломжтой. Ингэж л одоогийн УИХ-ын монополь эрхийг хязгаарлаж үйл ажиллагаанд нь хяналт тавих боломжтой болох юм. Дээрээ хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй гэж ойлгосон УИХ, түүний гишүүдийг даруулгатай болгож парламент руу мөнгөтэй нь биш мэдлэгтэй нь хошуурдаг болгох ганц арга байна. Тэр нь бүх ард түмний санал асуулга явуулсны үндсэн дээр Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах явдал мөнөөс мөн.