-Төгсөлтийн дараах сургалтыг олон улсын жишигт нийцүүлье-
Эрүүл мэндийн байгууллагууд судас олдоггүй сувилагч, оношоо мэддэггүй эмч, энэрэх сэтгэлгүй эх баригч, зургаа таньдаггүй рентгенч, шинжилгээгээ уншиж чаддаггүй лаборантаар “хахаж” байна гэвэл үгүй гээд хэлчих хүн хэд бол. Амаржихаар очсон эхийг “Төрөх болоогүй байна” гэж буцаасаар хэчнээн гэр бүлийг өнчрүүлэв. Дөнгөж төрсөн нярайг халуун усанд түлж, газар унагаж тахир дутуу болгосон нь нэг биш. Эх, хүүхдийг хоёуланг нь, эсвэл хэн нэгнийг нь хохироож байж “санаа нь амардаг” аймшигт нийгэмд бид аж төрөх боллоо. Даралт нь ихсэж, зүрх нь дэлссэн аавыгаа үүрээд очсон нэгнийг “Манай харьяаных биш, үзэхгүй” гэж хөөж туусаар хоёр эмнэлгийн хооронд нүд аниулсан гэх явдлыг иргэд мартаагүй. Улаан бурхан, менингитийн тууралтыг ялгахгүй мэдрэлийн эмчээс болж хүний амь хохирох шахсан нь саяхан. Халуун бууруулах тариа хийж чадахгүй сувилагчаас болж нэг нас ч хүрээгүй бяцхан үрийн амь тасрах шахлаа.
Эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, сэтгэл, харилцаа, хандлага ингэтлээ уруудах болсон шалтгаан нь анагаахын чиглэлээр боловсон хүчин бэлддэг сургуулиудын сургалтын чанар муудсантай шууд холбоотой. Оргилоос уруудаагүй ч 20 жилийн өмнө одоогийнхоос учиртай байсныг эмч, багш нар хэлдэг. Гэтэл өдгөө анагаахын чиглэлээр сургалт явуулдаг улсын болон хувийн сургуулиуд оюутнуудыг мөнгөний нүдээр хардаг, цөөнгүйнх нь сургалтын чанар, орчин нөхцөл хангалтгүй, хөтөлбөр, төлөвлөгөө муутай, мэргэжлийн багш дутмаг, дадлага, сургуулилалт хийх баазгүй байгааг мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгаж, тогтоосныг өмнө нь бид хөндсөн билээ. Ийм байхад ч сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл холбогдох яам олгосоор буй нь эл салбарын гол завхрал. Хүний амь, эрүүл мэндийг хариуцдаг чухал мэргэжилтнүүдийнхээ сургалтыг улс ийнхүү хөсөр хаяснаар эдүгээ эмнэлгүүд нь “яахаас ч буцахгүй” албатаар дүүрчихсэн.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан сар гаруйн өмнө эрүүл мэндийн 228 байгууллагын үйл ажиллагааг таван чиглэлээр хянаж, шалгажээ. Тэдгээрийн тал орчим хувийнх нь эмчилгээний чанар хангалтгүй, тэр дундаа зургаа нь их, 110 нь дунд, 112 нь бага эрсдэлтэй гэж үнэлүүлсэн байна. Тодруулбал, 106 эмнэлэг хүний нөөцийн хангамжийн стандарт хангаагүй, 114 эмнэлэг өвчтөнүүдийг эрэмбэлэн ялгаж, шаардагдах яаралтай тусламж үзүүлж буй чанар хангалтгүй, эмч нар өвчний түүх, хяналтын картыг, сувилагч, бусад мэргэжилтэн бүртгэлийн маягтыг зааврын дагуу бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчил эрүүл мэндийн 123 байгууллагад илэрчээ. Түүнчлэн 17 эмнэлэгт анхан шатны тусламж авах шаардлагатай хүн амын судалгаа, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг шинэчлээгүй, 13 эмнэлэгт 0-5 хүртэлх насны хүүхдийг хуваарийн дагуу үзлэгт хамруулж, дүгнэлт бичээгүй байна.
Хавдар судлалын үндэсний төвийнхөн хүний нөөц бүрдүүлэхдээ зарим орон тоонд сонгон шалгаруулалт хийхгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нүүр, амны эмчийг лабораторийн эрхлэгчээр томилсон. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийнхэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс сэргийлэх сургалт, ажил зохион байгуулаагүй. “Өргөө” амаржих газрынхан ёс зүйн зөрчил гаргасан эмч, мэргэжилтнүүдийнхээ асуудлыг дотооддоо авч хэлэлцдэггүй зэрэг ноцтой дутагдлыг улсын байцаагч нар илрүүлсэн аж. Улсын урдаа барьдаг том эмнэлгүүд иймэрхүү асуудалд хутгалдсан байхад хувийнхан нь ч хөг өнгөрч. Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй л гэнэ. Цөөнгүй эмнэлэг мэргэжлийн эмч, орон тооны бус сувилагчгүй, яаралтай тусламж үзүүлэхдээ хугацаа нь дууссан 10 орчим нэр, төрлийн эм хэрэглэж байсан гээд эмчийн ёс зүйд нийцэх нэгээхэн ч үйлдэл энд алга.
ЭМЯ, БСШУСЯ нь ч тэр, хөдөлмөрийн зах зээлийг судалж, оюутан элсүүлэх квот тогтоохгүй байгаагаас өдгөө улсын эмнэлгүүд сувилагчийн хомсдолд орж, эмчилгээ, үйлчилгээнийх нь чанарт хэдийн сөргөөр нөлөөлөөд эхэлж. Элсэгчид нь ч ялгаагүй, хүний их эмч, мэс засалч, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, рентгенч зэрэг аль болох мөнгө олох боломжтой мэргэжлийг түлхүү сонгох болсноор сургуулиуд эл чиглэлээр оюутнуудыг босгогүй элсүүлж байна. Уршгаар нь улс, хувийн эмнэлгүүд сувилахуйн тусламж, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэх нөхцөл бүрэн алдагдсаныг дээрх шалгалтаар илрүүлжээ. Түүнчлэн яаралтай тусламж, үйлчилгээг 114 эмнэлэг хангалтгүй үзүүлж, амилуулах тусламжийн давтан сургалт хийхээ ч больж.
Үүний улмаас иргэд эмнэлэгт тусламж, үйлчилгээ авах явцдаа гэнэт зүрх зогсох, бие нь муудах болбол эмч, мэргэжилтнүүдийн бэлэн байдал хангагдаагүй, мэдлэг, ур чадвар нь гологдоход хүрснийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэлсэн. Тиймээс тэд Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг, Шүдний мэргэжилтнүүдийн холбоотой хамтран “Амилуулах тусламж” сэдэвт 14 хоногийн сургалтыг 300 гаруй эмч нарын дунд явуулж буй юм байна. Эмч, эмнэлгийн ажилтан битгий хэл энгийн иргэд хүртэл сурах ёстой эрүүл мэндийн анхан шатны мэдлэг бол амилуулах суурь тусламж билээ. Өөрөөр хэлбэл, хүн бүхэн зүрх нь зогссон хүнд цээж шахах, хиймэл амьсгал хийх чадвартай байх нь иргэний үүрэг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх “Эмч нар насаараа зүү тавьж, шүд өрөмдөх байлаа ч амь тэнссэн үе, амилуулах суурь болон лавшруулсан тусламжийн чиглэлээр заавал мэргэших ёстой.
Тэднийг хоёр жил тутамд нэг удаа эл сургалтад суухыг олон улсад зөвлөдөг. Үгүй бол ажилд авахгүй, лицензийг нь ч сунгадаггүй. Харин манайд мэргэжлийн эмч нар нь хүртэл ийм чадвар султай” хэмээн ярьсан. Тангараг өргөсөн эмч нарын дунд анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадваргүй хүн байдаг гэхэд итгэхэд бэрх. Анагаахын сургуулиудын өнгөнд ард иргэд ийм л сэтгэл, зүтгэлтэй, мэдлэг чадвартай эмч, мэргэжилтнүүдээр үйлчлүүлж, амь, биеэ даатгадаг гэхээр аймаар.
Үндсэн мэргэжлийн ангиа дүүргэсэн төгсөгчид резидент буюу төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж, хүн эмчлэх эрхтэй болдог. Анагаахын чиглэлээр боловсон хүчин бэлддэг 10 гаруй их, дээд сургуулийн “бүтээгдэхүүнийг” ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн бүгдийг нь резидентээр мэргэшүүлэх боломж, нөөц байхгүй. Тиймээс улсын томоохон эмнэлгүүд эл сургалтыг давхар явуулдаг. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд эрүүл мэндийн 20 байгууллага ийм эрхтэй аж. Төгсөлтийн дараах нийт сургалтын 30 хувийг дангаараа хариуцдаг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн үндэсний хэмжээнд 11 чиглэлээр резидент мэргэшүүлдэг юм байна. Тус эмнэлгийн дарга Т.Мөнхсайханаас энэ талаар тодруулахад “Манайх эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулахын тулд төгсөгчдийг зөвхөн мэдлэг, чадвартай болгохоос гадна ёс зүйтэй байх, харилцаа хандлагыг нь өөрчлөх, хариуцлагажуулахад түлхүү анхаардаг.
Тиймдээ ч төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрөө дэлхийн жишигт нийцүүлэн шинэчилж, ирэх оноос хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Төгсөгчдийн мэдлэг, чадвар олж авдаг сургалт бол резидент. Чадаж байгааг нь цааш үргэлжлүүлэн сургах, тэнцэхгүйд нь дахин заах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, резидент нарт тавих мэргэжлийн шаардлагыг бид улам нэмсэн. Өндөр боловсролтой эмч нар бэлдэх боломж эмнэлгүүдэд энэ хэрээр бий гэсэн үг. Чадалтай боловсон хүчин бэлдэж, салбартаа нийлүүлбэл аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний төрөл олширч, хүртээмж нь сайжран, нөгөө л шатлал алгасаж, ачаалал нэмэх нь багасах юм. Цаашлаад III шатлалын эмнэлгүүд нарийн мэргэжлийн тусламж, өндөр технологийн оношилгоо, эмчилгээндээ анхаарал хандуулах боломж бүрдэнэ. Боловсон хүчнийг утгаар нь чадавхжуулна гэдэг ийм чухал, олон талаараа ач холбогдолтой” гэсэн юм.
Уг нь олон улсад төгсөлтийн дараах сургалтыг хамгийн цөөндөө дөрвөн жил явуулдаг юм байна. Харин Монголд нарийн мэргэжил олгох эл курсийг хоёр жилийн хугацаанд дүүргэдэг. Бусад өндөр хөгжилтэй орныхоос хоёр дахин бага хугацаанд, тэр хэмжээний мэдлэг олгоно гэвэл сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө нь шилдэг байх ёстой. Харамсалтай нь, манай цөөн эмнэлэг төгсөлтийн дараах олон улсын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлээд буй юм билээ. Тухайлбал, нүдний нарийн мэргэжлийн резидент нар өдгөө гурван жил суралцаж байна. Хөтөлбөр нь Канад Улсынхыг нутагшуулсан аж. Цаашид төгсөлтийн дараах сургалтын хугацааг уртгасгаж, олон улсын түвшинд хүргэх хэрэгцээ, шаардлагатайг улсын эмнэлгийнхэн уламжилсан. Ингэхдээ сургалтын байгууллагууд жилд хэчнээн резидент элсүүлэх боломжтойг харгалзан, эмнэлгүүдэд багтаж, шингэхээргүй боловсон хүчин бэлдэхийг болиулах хэрэгтэй хэмээн саналаа нэмэрлэнэ лээ.
Нэг сургууль жилд 1000 эмч, 50 сувилагч элсүүлээд байвал юу болох билээ. Их, дээд сургуулиуд 2016 оноос ямар мэргэжлийн ангид, хэчнээн хүн элсүүлэхээ шийддэг болсон. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийг харгалзахгүйгээр хүмүүсийн суралцах хүсэл эрмэлзлийг нэн тэргүүнд тавьж буй аж. Холбогдох яамд энэ мэт амьдралгүй шийдвэрээ эргэж харахаас эхлээд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хувь заяа хэрхэх нь шийдэгдэх биз ээ.