УИХ-ын чуулганаар Элчин сайдуудыг чөлөөлөх, томилох болон Монголбанк Ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Элчин сайдуудын томилгоонд ГХЯ-нд олон жил ажилласан дипломатуудын нэрс орж ирж байгаад их бэлэгшээж байна. Ялангуяа НҮБ-д төлөөлөгчийн албанд томилогдох асуудал маш чухал. НҮБ-д дэлхийн геополитик, эдийн засагтай холбоотой чухал асуудал яригддаг. Ялангуяа худалдаа, эдийн засгийн мэдлэг сайтай, олон талт ажиллагаанд мэргэшсэн хүн томилох нь чухал гэж элчин сайд н.Сүхболд ярьж байсан. Д.Цогтбаатар сайд В.Энхболд гэдэг хүнийг оруулж ирж байгаад баярлаж байна. Тиймээс дээрх асуудлуудад заавал үр дүн гаргаарай гэж хүсмээр байна.
Элчин сайдын түвшинд бэлтгэгдсэн эмэгтэй дипломатч хэр байна вэ. Эмэгтэйчүүд аль ч түвшинд ажиллах чадвартай гэж хардаг. Гэтэл яагаад 1-2-оор хязгаарлагдаад байдаг болчихов оо. Өөрөөр бол, сайдуудын нэрстэй ярих зүйл алга.
2016 онд гадаад худалдаа 700 сая ам.доллар хүртлээ буурчихсан байсан. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хоёр дахин өссөн. Гадаад худалдааны чиглэлд Элчин сайдын яамдын орон тоог нэмэгдүүлэх шаардлага байгааг анхаарна уу. Хоёрдугаарт, БНСУ-д суух Элчин сайдын асуудлыг хэзээ оруулж ирэх вэ. Бид өнөөдөр Солонгос улстай ямар асуудал үүсээд байгаа билээ. Иймд уг асуудлыг нэн яаралтай оруулж ирэхийг хүсэж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Элчин сайдуудын дунд эмэгтэй дипломатчын нэрс цөөн орж ирж байгаа нь үнэн. Энэ бол дутагдал мөн. Манайд чадвараараа элчин сайдын хэмжээнд хүрсэн эмэгтэй олон бий. Тэднийг оруулж ирэх бодлогыг баримталж ажиллана. Ерөнхийдөө газрын дарга нарын түвшинд эмэгтэй дипломат ажилтнууд 40-50 хувийг нь эзэлж байсан. Монголдоо сайн ажиллуулаад байсан хэрнээ яг Элчин сайдаар томилуулах болохоор ард нь үлдээгээд байдаг нь буруу. Худалдааны чиглэлд орон тоог нэмэгдүүлэх нь зөв.