Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, тус газрын мэргэжилтэн н.Оюунцэцэг, н.Тунгалаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн н.Дэлгэрмаа, н.Анузаяа, н.Эрдэнэчимэг нар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бууцагаан, Бөмбөгөр, Богд, Жинст, Өлзийт сумдад ажиллаж, эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, шатлал хоорондын ажлын уялдаа холбоо, яаралтай тусламжийн бэлэн байдал, багийн эмчийн ажил үйлчилгээтэй газар дээр ажиллаж дүгнэлт хийж зөвлөмж өглөө.
Энэхүү ажлын айлчлалын үеэр Богд сумын эмнэлэгт 28 настай У шокын байдалтай хүргэгдэн ирж, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Н.Энхжаргал нар мэргэжлийн өндөр түвшинд оношилж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай дуудлага илгээж, дуудлага ирэхээс өмнө цус алдалтын шокын үеийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хүргэснээр эхийн биеийн байдал тогтворшсон үед Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Зөвлөх эмч Б.Мөнхжаргалаар ахлуулсан хагалгааны баг ирж түргэн хугацаанд хагалгааг амжилттай хийж эхийн амь насыг аварлаа. Хагалгааны багт Унтуулгын их эмч П.Ариунаа, Эмэгтэйчүүдийн их эмч н.Өлзиймаа, унтуулгын сувилагч н.Мөнхзул, мэс заслын сувилагч Б.Мөнхжаргал, жолооч Д.Гэндэнсүрэн нар багтсан байна Мөн Богд сум дундын ЭМТ-д маш олон жил ажилласан туршлагатай эх баригч ажиллаж байгаа нь хүнд өвчнийг зөв тээвэрлэн авчирсан нь оновчтой байлаа. Цус алдалтын шоктой үед тусламж үзүүлэхэд тус сум дундын эмнэлгийн эмч Цэцэгбадам, эх баригч Одонтуяа болон сувилагч, асрагч нар багаар шуурхай ажиллаж байгааг харахад бахархмаар байлаа. Сумын эмнэлэгт эх барихын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх үед цус юүлэх, найдвартай судсанд уян зүү тавих, цусны бүлэг үзэх, биологийн тохироо үзэх гэх мэт ажилбарыг стандартын дагуу хийж байгаа нь ЭМГ-аас зохион байгуулдаг дадлагажуулах сургалтын үр дүн гарч байна аа гэж дүгнэж байна.
Эрдэнэт хүний амь нас, тэр дундаа эхийн амь насыг аврахад ЭМЯ*ны ЭМГ-ын дарга Я.Буянжаргал мэргэжлийн ажлаа чадварлаг хийж байхыг хараад нарийн мэргэжил гэж ямар сайхан юм бэ гэж бахархлаа. Дуудлага дуудахад НЭ-ийн дараг Ч. Жавзан 15 минутын дотор дуудлагыг гаргасан нь багаар яаж ажиллаж чаддаг, мөн ЭМГ, НЭ, сумын ажлын уялдаа холбоо ямар байгааг харууллаа. Хагалгааны баг болон тусламж үзүүлсэн баг хамт олонд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица чин сэтгэлийн талархал илэрхийлж, шатлал хоорондын ажлын уялдаа холбоо, яаралтай тусламжийн шуурхай байдал, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж талархал илэрхийлэв.