Америкийн эрдэмтэд мэс заслын шархыг хэдхэн секундийн дотор нааж болох хоёр талт наалтыг бүтээжээ. Судлаачид уг бүтээлийн санааг аалзнаас олж авсан гэнэ. Аалзны шүлс нь бороотой чийгтэйд ч гэсэн наалдамхай шинжээ алддаггүй аж. Массачусетсийн Технологийн Их сургуулийн (MIT) оюутнууд ижил төстэй материал бүтээх гэж оролджээ. Бүтээсэн материалаа гахайн дээр туршиж үзэхэд арьс болон уушгины эдийг төгс наасан байна. Энэ нь мэс засалд ашиглах бүрэн боломжтой гэсэн үг бөгөөд ирээдүйд оёдол тавих шаардлагыг орхиж болно гэсэн үг юм. Гэхдээ эрдэмтэд шинэ бүтээгдэхүүнийг хүний биед ашиглах талаар хараахан яриагүй гэдгээ онцолжээ. Судалгаа дуусаагүй бөгөөд дор хаяж хэдэн жил шаардагдах аж. Цус алдалт болон өөр шингэн ихээр ялгардгаас болж зүсэгдсэн эд эрхтнүүдийн ирмэгийг нягт нийлүүлэх хэцүү учир мэс заслын дараах шарх амархан аньдаггүй. Оёдол тавих нь тийм ч сайн үр дүнтэй бус ба муу аньсан шарх халдвар авах аюултай. Дээрээс нь маш их өвддөг.
Одоогийн хэрэглэгдэж байгаа шарх наадаг материалууд тодорхой хугацааны дараа хатдаг бөгөөд энэ хооронд цавуу бусад эрхтэнг гэмтээх осолтой аж. Ийм учир эрдэмтэд байгальд илүү үр дүнтэй бодис байгаа эсэхийг олж мэдэхээр шийджээ. Аалзнууд нь цэнэглэгдсэн полисахарид (өндөр молекулт нүүрс ус) агуулсан наалдамхай бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь бусад шавьжны биеэс гадагшлах шингэнийг шууд шингээдэг тул тэдгээр амьтад торонд улам чанга наалддаг аж. Эрдэмтэн мөн полиакрилийн хүчлийг ашиглажээ. Шингэнийг хурдан уусгаж зүсэгдсэн ирмэгийг аль болох нягт наалдуулахын тулд эл хүчлийг наалтын хоёр талд шингээсэн аж. Хэрэв үүн дээр наалтын бүтцэд хурдан цардаг бодис нэмбэл хэлбэрээ хэдэн өдөр бүр долоо хоног ч алдахгүй барьж чадна гэж эрдэмтэнд үзэж байна. Шархны эл шинэ наалт харх болон гахайн янз бүрийн эрхтнүүд тухайлбал элэг,ходоод,нарийн гэдэсний эд эс дээр туршиж үзжээ. Судалгааны зохиоч Хюнвү Юк хэлэхдээ: "Уушиг, мөгөөрсөн хоолой гэх мэт маш зөөлөн, амархан гэмтдэг эд эрхтэнд оёдол тавих маш хэцүү байдаг. Гэхдээ манай бүтээгдэхүүн шархыг таван секуундын дотор аниулна" гэжээ.