"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяныг “Эрүүл оюутан - Эерэг хандлага” уриатайгаар аравдугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.
Монгол Улсад 2018-2019 оны хичээлийн жилд 166 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 157,625 оюутан суралцаж байгаагийн 92.6 хувь нь нийслэлд, 7.4 хувь нь хөдөө орон нутгийн салбар сургуулиудад суралцдаг.
Эрүүл мэндийн сайд, БСШУС-ын сайдын хамтарсан 2018 оны А/480, А/739 тоот “Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах тухай” тушаалын дагуу жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг зохион байгуулж ирлээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу оюутан эрүүл мэндийн даатгалыг өөрөө хариуцах ба даатгалын хураамж төлүүлэх явцыг хянаж ажиллахыг их, дээд, сургууль, коллеж, политекник, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирал нарт үүрэг болгосон байдаг.
Сарын аяны хүрээнд “Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-т бүрэн хамруулах, оюутан залуучуудын эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх “Архи, тамхи хорт зуршлаас сэргийлэх, анхны тусламж үзүүлж сурцгаая, БЗДХ/ХДХВ/ДОХ-аас сэргийлье, Гэр бүл төлөвлөлт, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэдвүүдээр сургалт, суртачилгаа” зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт оюутнуудын 79 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамрагджээ.