Пүрэв гарагт /2019.10.31/ БНАСАУ-ын Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи том калибрын тийрэлтэт системээр гал нээх ээлжит туршилтаа явуулсан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр “дээд удирдагч Ким Жон Ун туршилт амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдээд, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө амь бие үл хайрлан зүтгэж байгаа үндэсний батлан хамгаалахын эрдэмтдэд баяр хүргэсэн байна”. БНСУ-ын Зэвсэг хүчний штабуудын дарга нарын хороо пүрэв гарагт ямар ангиллынх нь үл мэдэгдэх хоёр пуужин Япон тэнгис рүү харвасан тухай мэдээлсэн юм. Өмнөд Солонгосын цэргийнхний тооцоолсноор, пуужингууд 90 км-ын өндөрт 370 орчим км зайд нисжээ.