Пүрэв гарагт /2019.10.31/ Их Британийн хатан хаан II Элизабет 12 сарын 12-нд ээлжит бус сонгууль явуулах Засгийн газрын тогтоолыг хүлээн авч гарын үсэг зурсан тухай BBC агентлаг мэдээлэв. Өнгөрөгч мягмар гарагт уг тогтоолыг тус улсын парламентын хоёр танхимаар орж олонхын саналаар дэмжигдсэн юм. Тэгэхээр одоо олгогдсон 25 өдөртөө улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаа явуулж амжихын тулд Их Британийн хууль тогтоох байгууллагын доод танхим болох Нийтийн танхим 11-р сарын 6-нд тарах хэрэгтэй болж байна. Ээлжит бус сонгуулийн аргаар Ерөнхий сайд Борис Жонсон Brexit-ийн асуудлыг гацаанаас гаргахыг оролдох болно. Одоогийн байдлаар Нийтийн танхимд олонхын суудлаа алдсан эрх баригч Консерватив нам аравдугаар сарын 17-нд Европын Холбоотой тохиролцсон гэрээгээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байгаа юм. Сүүлийн үеийн бүх социологийн судалгааны үндсэн дээр тулгуурлан явуулсан Financial Times сонины олон нийтийн санал асуулгын дүнгээр бол эрх баригч Консерватив нам 35% хувьтай тэргүүлсэн байна. Хоёрдугаарт Лейборист нам 25%-ийн санал авч, Ардчилсан-Либерал нам 18% хувийн саналаар удаалсан байна. Харин одоогоор парламентад суудалгүй улс төрийн шинэ“Brexit” нам 11% хувь үзүүлжээ. Их Британи энэ оны 3-р сарын 29-нд Европын Холбооноос гарах ёстой байсан, өөрөөр хэлбэл тус байгууллагаас гарах тухайгаа бичгээр мэдэгдсэнээс хойш 2 жилийн дараа. Гэвч Нийтийн танхимын депутатууд Ерөнхий сайд Тереза Мэй тэргүүтэй Засгийн газрын ЕХ-той тохиролцсон гэрээг гурван удаа буцаасан билээ. Үүний үр дүнд ЕХ нь Brexit-ийг эхлээд 4-р сар, 5-р сар, дараа нь 10-р сарын 31 хүртэл хойшлуулахаар зөвшөөрсөн юм. Харин Ерөнхий сайд Мэй асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул огцорсон аж. Түүний оронд гарч ирсэн Борис Жонсон тус улс 10-р сарын 31-нд ямар ч нөхцөлд Европын Холбооноос гарах ёстой гэж мэдэгдсэн боловч парламент баталсан хуулийн дагуу 10-р сарын 19-ний өдөр Европын зөвлөлд Brexit-ийн хугацааг - 2020 оны 1-р сарын 31 хүртэл.хойшлуулах хүсэлтийг илгээсэн юм. Үүний хариуд Брюссель Brexit-ийг гурав дахь удаагаа хойшлуулахад бэлэн байгаагаа хэлсэн билээ.