ДЭМБ-ын санаачилгаар жил бүрийн аравдугаар сарыг хөхний хорт хавдрын эсрэг тэмцэхэд зориулдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол, Япон сургалтын эмнэлэгт “Хөхний хорт хавдрын эсрэг хамтдаа” сэдэвт өдөрлөг болж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх талаарх мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Мөн эмэгтэйчүүдийг хавдрын эрсдэлийг тодорхойлох шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулав.
Манай улсад уг хавдрын нийт тохиолдлын 66 хувь нь хожуу үедээ илэрдэг аж. Хорт зуршил, хожуу насандаа хүүхэд төрүүлэх, илүүдэл жин, удамшил зэрэг нь ийм хорт хавдар үүсэх өндөр эрсдэлт хүчин зүйл гэнэ. Тиймээс 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахыг Хөхний дүрс оношлогооны нийгэмлэгийн тэргүүн, АШУҮИС-ийн багш П.Төгсжаргал зөвлөлөө.
УИХ-ын чуулганаар энэ сарын 17-нд Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Үүнд 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа үнэгүй хамруулах талаар тусгажээ.
Бэлтгэсэн: Б.Уянга