Өнгөрсөн шөнө хуулийн байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулж, БНХАУ-ын 500 гаруй иргэнийг саатуулсан. Иймд ТЕГ-ын удирдлагууд яг одоо Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийх гэж байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн шөнө болсон баривчилгааны талаар ямар бодолтой байна вэ?
-Би ямар ч мэдээлэлгүй байна. Яг одоо Тагнуулын удирдлагуудаас мэдээлэл сонсох гэж байна.
-Чөлөөт бүсийн тухай хууль чуулган дээр маргаан дагуулсаар байна. Тоог нь хязгаарлахгүйгээр 30 хоногийн дотор БНХАУ-ын иргэдийг визгүй зорчуулах асуудал улс төрийн шинжтэй хэрүүл маргаан үүсгээд буй. Энэхүү асуудалд хяналт шалгалтыг нь чангатгаж болохгүй юм уу. Яагаад заавал "Чөлөөт бүс" нэрээр олон тооны хятад иргэдийг оруулж ирэх гээд байгаа юм бэ?
-Хуулийг нь чангатгах ёстой. Хууль дүрмийн дагуу хилээр нэвтэрдэг байх хэрэгтэй. Харин өчигдрийн баривчлагдсан олон хятад иргэн визний ямар ангиллаар орж ирсэн нь одоо л тодорхой болох байх. Хэргийн газарт яагаад тийм их гар утас, компьютер байсныг олж тогтоох ёстой.
Үнэнийг хэлэхэд манайх "Ардчилал" нэрээр 30 жилийн турш бүх зүйлийг задгайруулсны шинж энэ. Тэрний хор уршиг гарсаар байна. Цаашдаа энэ хэвээр байвал гадныхан ирээд дураараа дургидаг улс болж хувирах юм байна л даа.