Улсын Их хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсний дараа хэлэлцсэн асуудлаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Зөвлөлийн хурлаар гадаадад амьдарч буй Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого болон Дубайн гэрээний асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар намын дарга Ж.Батзандан хэлэхдээ "Монгол Улсын 300 мянга гаруй иргэн бусад улс оронд амьдарч байна. Монголын төр эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд дутуу ажилласан гэж ШИНЭ нам үзэж байна. Иймд ШИНЭ намын удирдлагууд гадаадад амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах чиглэлээр ажиллаж, эхний ээлжинд герман, серби, унгар зэрэг оронд амьдарч буй монголчуудтай биечлэн болон онлайн хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Удахгүй БНСУ, япон, англи, АНУ зэрэг оронд ШИНЭ намын төлөөлөл ажиллан, монголчуудынхаа санаа бодлыг сонсож, УИХ-ын түвшинд боловсруулж буй баримт бичгүүдэд тусгахаар төлөвлөж байна.
Гадаад томилолтын үеэр мөн герман болон унгарын эрдэмтэдтэй уулзлаа. Зохиомол оюун ухаан, дижитальчлал, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг хэрэгжүүлэхийн тулд эрдэмтэн солилцоог хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг ярьсан. Энэ ажлын хүрээнд дээрх улсуудад монголоос олон арван эрдэмтнийг ажиллуулах боломж нээгдлээ.
Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Дубайн гэрээ. УИХ-ын дэргэд байгуулагдсан Дубайн гэрээг хянах ажлын хэсгийн дүгнэлтийг ШИНЭ намын зөвлөл авч хэлэлцлээ. Үүнд:
Нэгдүгээрт, Дубайн гэрээг өөрчлөхийг ШИНЭ нам бүрэн дэмжиж байна. Хоёрдугаарт, Дубайн гэрээг өөрчилсний дараа Оюутолгойн үр өгөөжийн 51-ээс доошгүй хувь нь монголын ард түмэнд оногдох ёстой гэсэн зарчмын хүрээнд өөрчлөлт хийх ёстой. Гуравдугаарт, Оюутолгойн ТЭЗҮ-ийг батлаагүй байхад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь маш том алдаа болсон гэж үзэж байна. Иймд нэн тэргүүнд ТЭЗҮ-ийг яаралтай батлах, хуулийн энэ зөрчлийг арилгах шаардлаагтай гэдэг дээр ШИНЭ намын зөвлөл санал нэгдлээ. Дөрөвдүгээрт, Оюутолгойтой холбоотой гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай гэж үзэж байна. Эдгээр гэрээг нууцаас гаргаснаар ил тод байдлын зарчим хэрэгжиж, ард түмний хяналтаа тавих боломжтой болно. Тавдугаарт, Оюутолгойн валютын урсгалыг Монголбанкаар дамжуулдаг болгох Монгол Улсын Ерөннхийлөгчийн саналыг ШИНЭ намын зөвлөл дэмжлээ. Зургаадугаарт, өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн захирал хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө “Хэрвээ Дубайн гэрэг өөрчлөх юм бол олон мянган хүнийг ажлаас чөлөөлнө” гэсэн утгатай үйл ярьсан байна. ШИНЭ намын зөвлөл үүнийг эсэргүүцэж байна. Оюутолгой болон Дубайн гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх зориилгоор монголын Засгийн газрыг шахаанд оруулах, дарамтлах ямар ч хэлбэрийг ШИНЭ нам зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Зөвшилцлийн ажлын хэсэг дээр намуудын төлөөлөл санал солилцож байгаа. Тухайлбал, АН-ын зүгээс суурь зарчмын шинжтэй гурван санал тавьж байгаа. ШИНЭ намын зүгээс ямар нэг санал байгаа юу? Хоёр дахь хэлэлцүүлгийн төслийг задлах, ямар нэг санал шинээр оруулж ирэх боломж бий юу?
Ж.Батзандан: Эрх баригч нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батална гэж ярьж байна. Мөн Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан, АН-аас санал болгож буй гурван зүйл заалтыг оруулах асуудал яригдаж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгодог байх нь зүйтэй гэсэн АН-ын санал байгаа. ШИНЭ нам үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн, ард түмнээс сонгодог байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Хоёрдугаарт, УИХ-ийн гишүүдийн тодорхой хувийг намын жагсаалтаар парламентад оруулах нь зүйтэй гэсэн санал Ардчилсан намын зөвлөл оруулсан. 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар олон гишүүн УИХ-д орж ирснийг та бүхэн мэднэ. Оймсонд хавчуулагдсан гэдэг нэртэй гишүүд ч бий. Дэлхийн улс орнууд намын жагсаалтаар дэлхийн улс орнууд эрдэмтэн, профессоруудаа оруулж ирдэг. Гэтэл манайд хоцрогдсон, нэр хүндээ барсан улс төрчид, авлигачид, оффшорчид л сонгогдохын тулд намын жагсаалтыг ашигладаг. Иймд пропорциональ сиситемийг оруулах гэсэн АН-ын саналыг ШИНЭ нам дэмжих боломжгүй гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Гуравдугаарт, ЗГ-ын гишүүдийг Ерөнхий сайд өөрөө сонгодог болъё гэсэн саналыг нь дэмжиж байна.